Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, “Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заажээ. Гэвч өнөөдөр боловсрол, эрүүл мэндийн салбар ямар түвшинд байгааг захын хүн хэлээд өгнө.
Боловсрол, эрүүл мэндийн салбарт ижилхэн гэмээр гажуудсан тогтолцоо бий болчихсон. Улсын өмчит эмнэлэг, сургуулийн ачаалал дээд цэгтээ хүрч, эмнэлэгт үзүүлэхийн тулд хэдэн өдрөөр дараалал хүлээж, ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэн, нэг ангид 50 гаруй хүүхэд суралцаж байна. Ийм байхад Үндсэн хуульд тусгагдсан сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах эрх хангагдаж байна гэж хэлэх үү.
Монголын төр боловсрол, эрүүл мэндийн салбарт төдийлөн анхаарал хандуулалгүй явж ирлээ. Эмч, багш нарт хамгийн бага цалин хангамж өгдөг учраас сайн эмч, мэдлэгтэй багш нар улсынхаа сургуулийг сонгож ажиллахаасаа илүүтэй хувийн сургууль, эмнэлэгт багшилж, эмчлэх сонирхолтой болчихсон. Багш, эмч нарын цалин хангамж хамгийн бага. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр улсын нийт ажиллагсдын дундаж цалин энэ оны есдүгээр сарын байдлаар 1 сая 160 мянган төгрөг бөгөөд боловсролын салбарт ажиллаж буй багш, алба хаагчдын дундаж цалин 951 мянган төгрөг, эмч, эмнэлгийн ажилчдын дундаж цалин 974 мянган төгрөг байна. Гэхдээ энэ бол “хөөстэй” тоо шүү.
Цэцэрлэг, бага, дунд сургуулийн багш, дүүрэг хорооны эмч ажилчдын цалин 600-800 мянган төгрөгөөр хязгаарлагдаж байгаа. Гэтэл бага ангийн нэг багшид 50 хүүхэд сурган хүмүүжүүлэх үүрэг оногдох жишээтэй. Ийм байхад боловсролын салбарын чанарыг багш нараас шаардах нь хэр зохистой вэ. Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэхээр тусгасан. Энэ нь багш, эмч нарын цалин төдийлөн дорвитой нэмэгдэнэ гэсэн үг биш.
Боловсрол, эрүүл мэндийн салбарт сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилгын хэрэгцээ шаардлага хамгийн их дутагдаж байна.
Ирэх 2020 онд боловсролын салбарт нийт 259 барилгад хөрөнгө төсөвлөсөн бөгөөд үүнээс 169 нь өмнөх онуудын дуусаагүй барилга байна. Ихэнх нь царцсан барилга гэсэн үг. Сургууль, цэцэрлэг, номын сан, соёлын төв, дотуур байр гээд шинээр болон өмнөх онуудын нийт 259 барилгад 640 тэрбум 493 сая төгрөг зарцуулах шаардлагатай байгаа ажээ. Үүнээс ирэх онд зөвхөн 319 тэрбум 352 сая төгрөгийг нь төсөвт суулгажээ. Өөрөөр хэлбэл боловсролын салбарын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа төсвийн 50 хувийг нь л төсөвлөжээ. Энэ хөрөнгө оруулалт төсвийн тодотголоор багасахыг ч үгүйсгэхгүй. Сургуулийн барилгын засвар үйлчилгээ гэхэд л 2-3 он дамжин хийгдэж байна. Жишээ дурдахад, 2012 онд ажил нь эхэлсэн Булган аймгийн Тэшиг сумын 240 хүүхдийн сургуулийн барилгын өргөтгөл ирэх онд гүйцэтгэлийг хийж дуусгахаар улсын төсөвт тусгасан байх юм. Өргөтгөлийн барилгын нийт өртөг нь 1 тэрбум 578 сая төгрөг бөгөөд ирэх онд 828 сая төгрөгийг нь төсөвт суулгажээ. Тэгэхээр өнгөрсөн долоон жилийн хугацаанд 750 сая төгрөгийн төсвийг хуваан зарцуулсан гэсэн үг. Ирэх онд төсвийн талаас илүү хувийг тусгаж, барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч бас л хойшлуулахыг үгүйсгэхгүй. Ингэж л боловсролын салбарт эрх баригчид дэндүү хайнга хандаж ирлээ. Гэтэл захын гэр хороолол, аймгуудад хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 50 хүүхэд суралцсаар л байна. Боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалтыг тусгасан нь сайн үзүүлэлт гэж өнгөц харж болох ч нөгөө талдаа сургууль, цэцэрлэг, боловсролын салбарын барилга байгууламжийн хэрэгцээ шаардлага их байгааг харуулж байна.
Эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтад ирэх онд 213 тэрбум 251 сая төгрөг шаардлагатай байгаа ч ирэх онд 92 тэрбум 800 сая төгрөгийг нь төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл нийт шаардлагатай хөрөнгийн 40 орчим хувийг нь ирэх онд төсөвлөсөн гэсэн үг. Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, барилга байгууламж нэн шаардлагатай хэвээр байна. Төр өөрсдөө хавдар судлалын эмнэлэг барьж чадаагүй учраас бусдын барьсан барилгыг өндөр үнээр авах дээрээ хүртэл тулчихаад байгаа. Жилд ойролцоогоор 5000 гаруй хүн хорт хавдрын өвчлөлөөр оношлогдож, 3000 орчим хүн амиа алддаг гэсэн тооцоо бий. Гэтэл “Хавдрын эмнэлгийг төр түрээслэнэ”, “Худалдаж авна” гэсэн маргааныг эрх баригчид өрнүүлсээр л сууна.
Дээрх мэдээллүүд нь эрүүл мэнд, боловсролын салбарын зөвхөн барилга байгууламжийн хүрэлцээ хангамжтай холбоотой тулгамдаж буй асуудал. Өөр олон асуудал энэ хоёр салбарт шийдлээ хүлээж байгаа.
Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийнхан өнөөдрийг хүртэл сурах бичгээр бүрэн хангагдаагүй л байна. Шалтгаан нь төсөвгүйгээс сурагчид бараг хагас жилийг сурах бичиггүй үдэх нь. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг хэвлэхээр төсөвлөсөн ч санхүүжилт удааширснаар ийнхүү сурагчид суралцах боломжоор бүрэн хангагдаж чадаагүй л байна. Энэ жилийн улсын төсөвт дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичиг хэвлэхэд хөрөнгө тусгаагүй. Уг нь Монгол Улсын хөгжлийн суурь нь хүүхдийн боловсрол. Хүүхэд боловсрол, мэдлэг олж авах хамгийн том хэрэглүүр нь сурах бичиг байх ёстой. Гэтэл улс сурагчдынхаа сурах бичигт хөрөнгө төсөвлөдөггүй нь харамсалтай биш гэж үү.
Эрүүл мэнд, боловсролын салбартаа эн тэргүүнд анхаарал хандуулж байж Монгол Улс хөгжинө. Өнөөдөр дунд боловсрол эзэмшиж буй хүүхдүүд 20 жилийн дараа Монгол Улсын хөгжлийг тодорхойлж, авч явна. Тэднийг эрүүл чийрэг, оюунлаг, мэдлэг боловсролтой, хамгийн гол нь хүнлэг, энэрэнгүй хүн болгон хүмүүжүүлэх нь бидний үүрэг. Тиймээс боловсрол, эрүүл мэндийн салбарт илүүтэй хөрөнгө зарцуулах ёстой.
Сэтгэгдэл ( 0 )