Ирэх оны төсвийг хоёр их наяд (2,000,000,000,000) төгрөгийн алдагдалтай батлахаар УИХ-ын гишүүд хэлэлцэж эхэлсэн. Хэлэлцүүлгийн явцад алдагдлаа хасаж, танасан гэж байгаа ч бага зэрэг засвар оруулаад тэр чигээр нь батлах дүр зураг ажиглагдах боллоо. Энэ алдагдал өнөөдөр 22.4 их наяд (22,400,000,000,000) төгрөгөөр хэмжигдэж буй Засгийн газрын өрийн хэмжээг улам өсгөх эрсдэлтэй. Мөн ирэх онд төсвөөс 14 их наяд (14,000,000,000,000) төгрөгийн зардал гаргахаар болсон нь Монголбанкнаас хэрэгжүүлэх мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж буйг эдийн засаг судлаачдын зүгээс онцолж байна. Энэ нөхцөлд зээлийн хүү буурахгүй бөгөөд төсвийн зарлагаар дамжуулан импортыг тэтгэж, улмаар валютын ханшид нөлөөлж болзошгүй. Сүүлийн гурван жил харьцангуй тогтвортой байгаа үнийн өсөлт буюу инфляц хадаж өгнө. Ийм чухал үед Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах замаар мөнгө хэвлэх асуудал хөндөгдөж байгаа нь асуудлыг бүр ч хүндрүүлж мэднэ.
Шинжээчдийн зүгээс төсвийн хэт тэлэлтийн үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэх нь богино хугацаандаа эдийн засагт их хэмжээний мөнгө эргэлдэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх боловч хэтдээ өрийн занганд ороод буй Монгол Улсыг дампуурал руу хөтөлнө гэдгийг анхааруулж байна. Өчигдөр болсон “2020 оны төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийн хүлээлт” хэлэлцүүлгийн үеэр эдийн засагч, шинжээчид хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэе.
СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан: Төв банк төсвийн хэт үрэлгэн бодлогын эрсдэлийг хааж ирсэн
-Дэлхий нийтээр төв банкны бие даасан байдлыг хангах асуудал хурцаар тавигддаг. Хамгийн сайн жишээ нь Германы төв банк. Тус улсын төв банкийг улс орны эдийн засагт мөнгөөр дамжсан дэмжлэг үзүүлж чаддагаараа онцлогтой гэж үздэг. Монгол Улсын хувьд хуульдаа төв банк бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулна, ерөнхийлөгч нь зургаан жилийн хугацаатай байна гэж заасан байдаг. Гэвч төв банкны ерөнхийлөгчдийг ойр ойрхон сольдог, тогтворгүй болгодог асуудыг улс төрийн толь гэж би хувьдаа хардаг. Монголбанк сүүлийн үед хамтын шийдвэр гаргадаг болсон. Засаглалын хувьд сайжирсан. Эрх зүйн орчин нь ч дээшилсэн. Төв банкийг харьцангуй шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, судалгаанд үндэслэн ажилладаг институц харагддаг. Уг нь Сангийн яам ч тийм байх учиртай. Байнгын хорооны хурал дээр төв банкны ерөнхийлөгчийг буруутгаж байгаа үндэслэлүүд их өнгөцхөн. Зүгээр л хийсэн ажил нь таалагдаагүй гэсэн зүйлс байгаа. Хэрэв яг юу нь таалагдаагүй вэ гэж асуувал, тоймтой хариу олдохгүй болов уу. Учир нь төв банк төсвийн хэт үрэлгэн бодлогын эсрэг эрсдэлээс хамгаалах бодлогоо л баримталж ирсэн. Зээлийн эрсдэл, валютын ханшийн өсөлт зэргийг хязгаарлахын тулд ажиллаж байгаа. Миний харж буйгаар сүүлийн хэдэн жил энэ үүргээ харьцангуй сайн гүйцэтгэж байна гэж харсан. Төв банкны ерөнхийлөгчийг огцруулах асуудал ФАТФ-ын шийдвэртэй холбогдож байгаа нь бас л эргэлзээтэй. Үүнийг улс төрийн шалтгаантай холбож ойлгохоос өөр ямар ч арга байхгүй. ФАТФ-ын өгсөн зөвлөгөөнд төв банктай холбоотой асуудал байхгүй. Улс орны хэмжээний тогтолцоо чинь ажиллахгүй байна, хуулиа хэрэгжүүлэн шалгаж чадахгүй, шалгаснаа шийдвэрлэж чадахгүй байна гэдэг асуудлыг хөндсөн. Улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалсан авлига, хээл хахуулийн нээлттэй байгаа тогтолцоогоо хянах тал дээр сайн ажиллаач гэсэн юм бий. Энэ агуулгаар харвал, улс төрийн хүрээний дотор шийдвэрлэж чадаагүй асуудлаа хэн нэгэн тодорхой албан тушаалтанд хариуцлага тооцсон болж нийгэмд харагдахын тулд ажиллаад байгаа юм болов уу. Засгийн газар дотор байгаа буруутнуудыг шийтгэх чадамж УИХ-д байхгүй байна. Асуудлаа олж харж, залруулахын төлөө хурдан ажиллахын оронд хэн нэгнийг буруутгаж, өөрөө цэвэр үлдэхийн тулд хамаг хүч, цагаа зарцуулж байгаа нь тийм сайн зүйл биш. Төв банкны ерөнхийлөгчийг солих асуудал тавигдсанаар улс төрийн нөлөөлд автах магадлалтай. Таатай бус шийдвэрүүд ч гарч магадгүй. Та бүхэн санаж байгаа бол 2016 оны сонгуулийн өмнө “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа”, “Сайн хувьцаа” гэх мэтийн хөтөлбөр хэрэгжүүлж зах зээл рүү их хэмжээний мөнгө нийлүүлсэн. Эдийн засаг өөрөө хэмжээтэй. Тэр хэмжээнд тааруулан төсөв болон мөнгөний бодлогоор мөнгө нийлүүлэх боломжтой. Түүнээс гажуудуулбал, сөрөг үр дагавар авчирна. Улс төрийн хувьд ашиг хонжоотой байж мэдэх ч эдийн засгийн ямар ч ач холбогдолгүй шийдэл.
Эдийн засагч Г.Бумчимэг: Монголбанкны мөнгөний бодлого тогтвортой байх ёстой
-Төв банк өөрөө улс төрөөс хараат бус байх ёстой. Монголын Улсын туршлагыг харахаар УИХ-аас Монголбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө огцруулж, томилдог жишиг тогтчихоод байна. Тухайн оныхоо мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулчихдаг. Эргээд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтныг нь солино гэдэг хараат бус байдалд халдаж буй хэрэг. Мөнгө угаах, терроризмын асуудалтай холбоотой асуудлаа шийдвэрлэхгүй, албан тушаал дээр төвлөрч байгаа нь харамсалтай. Төв банкны ерөнхийлөгчдийг богино хугацаанд халж сэлгэдэг. Үүнийг дагаад Мөнгөний бодлогын хорооны гишүүдийг өөрчилдөг. Тэгэхээр мөнгөний бодлого тогтвортой байх зайлшгүй шаардлагатай. Богино хугацааны шийдлүүдийг буруу гэдгийг ойлгон, ийм зүйл ярьсан улстөрчдийг дэмжихгүй байх хэрэгтэй.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-ийн захирал Б.Лакшми: Шинэ хүн томилогдоод ямар бодлого явуулах нь тодорхой бус
-Монголбанкны удирдлага тогтвортой үйл ажиллагаа явуулах нь хамгийн чухал. Тогтвортой байхын тулд улс төрөөс хараат бус байх ёстой. “Саарал жагсаалт”-д орлоо гэдэг мэдээлэл гарсан даруйд өөрсдийн асуудал дээр дүгнэлт хийлгүй, буруутныг хайх асуудалд ороод байна. Энэ бол зөвхөн ганц нэг байгууллагын асуудал биш. Бүхэл бүтэн системийн гажуудал. Зөвхөн санхүүгийн салбар бус Монгол Улсыг хамарсан асуудал. “Саарал жагсаалт”-аас ямар өөрчлөлтүүд хийвэл гарах боломжтой вэ гэдэг дүгнэлтийг гаргаагүй байхдаа, хариуцлагын асуудал хөндөж байгаа нь өрөөсгөл. Монголбанк сүүлийн хэдэн жил харьцангуй эдийн засгаа дэмжсэн бодлого явуулсан. Одоо шинэ ерөнхийлөгч томилогдохоор ямар бодлого явуулах нь тодорхой бус. Монголд шинэ хүн гарч ирээд, өмнөх хүнийхээ бодлогыг өөрчилдөг. Тэгэхээр тогтвортой байдлыг хадгалах нь маш чухал асуудал болоод байна. Ирэх оны төсвийн төслийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн нь эрсдэлийг нэмэгдүүлнэ. Эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, гадаад дотоод хүчин зүйлсээс хамаарсан томоохон эрсдэлүүд үүсэх магадлал өндөр байна. ОУВС-гаас төсвийн хөрөнгө оруулалтаа аль болох бууруулах, 2020 оноос авахуулаад ихээхэн хэмжээний өр төлөх учраас бэлтгэлээ хангах ёстой зэрэг зөвлөмжүүдийг өгсөн. Ялангуяа 2021 оноос үндсэн өр төлж эхэлнэ. Тиймээс 2020 он маш чухал жил болно. Аль болох эдийн засгаа бодитоор төсөөлөхгүй бол төсвөө тодотгох, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, улмаар зээлийн өртөг нэмэгдэх дүр төрх харагдаж байна. Монголбанк мөнгөний нийлүүлэлтээ тэлбэл, эдийн засгаа хорлох асуудал яригдана.
“Голомт” банкны шинжээч Г.Ганзориг: Төсөв тэлсэн үед мөнгө хэвлэбэл, валютын ханш дээр дарамт ирнэ
- ФАТФ-аас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэр гарсантай холбоотой шийдвэрүүд гарч байна. Гэтэл “Саарал жагсаалт” Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг тодорхойлдог зүйл биш. Валютын урсгал бага байх уу, их байх уу гэдгийг тодорхойлдог зүйл нь зээлжих зэрэглэл. Төр засаг зээлжих зэрэглэлийг сайжруулах тал дээр нэг ч арга хэмжээ аваагүй мөртлөө “Саарал жагсаалт”-ын улмаас Монгол Улс сүйрэлд орсон мэтээр яриад байгаа. Ингэж асуудлыг бусад руу чихэж байгаа нь өөрөө асуудал. Монголд хүнээ буулгах тухай их ярьдаг. Гэвч дараагийн хүн гарч ирээд юу хийхээ мөн ярьдаггүй. Зүйрлэбэл, ганц хоол хийдэг хүнээ хөөж явуулах гээд байдаг. Харин хөөж явуулсных нь дараа хэн ямар хоол хийх юм. Төв банкны ерөнхийлөгчийг сольж буй асуудал үүнтэй ойролцоо юм болов уу даа. Эдийн засаг өсөлт, уналтын мөчлөгтэй. Мөчлөгөө харж төсөв, мөнгөний бодлогын стратегиа боловсруулах ёстой. Валютын урсгал сайтай, эдийн засгийн өсөлт нэмэгдэж буй үед Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх буюу дэд бүтцүүдээ сайжруулах хэрэгтэй. Дэд бүтцээ сайжруулахаар санхүүгийн зах зээл дээр их хэмжээний халалт үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Манай улс эсрэгээрээ эдийн засгийн өсөлттэй үед зүгээс сууж байгаад уналттай үед хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлуудаа эхлүүлэх гээд байна. Төсөв тэлж байгаа. Үүнтэй зэрэгцээд төв банк мөнгө хэвлэвэл, валютын ханш дээр дарамт ирнэ. Богино хугацаанд мөнгө хэвлэлт явагдвал, урт хугацаандаа өрийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Эдийн засагч Б.Дөлгөөн: Монголбанкны ерөнхийлөгчийг сольсноор “Саарал жагсаалт”-аас гарахгүй
-“Саарал жагсаалт”-аар далимлуулаад улс төрийн цаад шалтгаанууд бий. Бодит нөхцөл байдал дээр Монголбанкны ерөнхийлөгчийг сольсноор “Саарал жагсаалт”-д орсон шалтгаанууд шийдвэрлэж чадахгүй. Улстөрчид хэн нэгэнд хариуцлага үрүүлэн ажлаас нь хална. Асуудлаа шийдвэрлэхгүй. Олон нийтийн анхаарлыг тийш нь чиглүүлж байна. ФАТФ-аас тавьсан дөрвөн асуудлыг хэн шийдвэрлэх юм.
Ерөнхийдөө нэг байгууллага шийдвэрлэхгүй. Бүхэлдээ хариуцлага хүлээнэ. Хямрал гэдэг бол нэг талаасаа боломж. “Саарал жагсаалт”-д орсон учраас юу хийх ёстой вэ гэдгийг олон улсын байгууллага хэлж өглөө. Одоо тэр зөвлөмжид анхаарлаа хандуулъя. Тэгвэл улсаараа “Саарал жагсаалт”-аас гарч чадна.
Сэтгэгдэл ( 2 )
Төсвмйн зарлага нэмэгдэхээр мөнгөний ханш унадаг. Улс төрчид өөрсдөө ирэх жилийн сонгуульд зарах хөрөнгөө босгохын тулд төсвийн зардал талыг үндэслэл муутай нэмж байгаа шүү. Ер нь жилийн жилд идэх уухаа нэмэх гэж төсвийн зарлагыг үндэслэл муутай үрэлгэн төсөв баталж зарцуулж ирсэн.
эдийн засагчаа ч хат даа