ТӨСӨВ 2020: Түүхэнд үлдэх тэнэглэл байв уу...

2019 оны 11 сарын 15

Бодит орлогод суурилаагүй, түүхэнд байгаагүй өндөр зарлагатай төсөв батлах нь гэсэн шүүмжийг олон эдийн засагч хэлсэн дээ. Гэсэн ч хууль батлагчдын олонх нь шүүмж  хүлээн авсангүй. Саяхандаа, гуравхан жилийн өмнө манай улс дефольт зарлахдаа тулж байв. Тэр үед бидэнд амь тариа залгаж өгсөн ОУВС манай эрх баригчдад нэг зүйлийг үргэлж захидаг. Тэр нь төсвийн сахилга батыг сахих явдал. Манай дарга нар хэнийг ч сонссонгүй. 2020 онд Монгол Улс хэдэн төгрөг олж, хэдийг зарлагадахаа нэгэнтээ хууль болгоод баталчихлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 11.8 их наяд төгрөгийн орлого олж, 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцсон төсөл өргөн барьсан. Тэгвэл яг л энэ хэмжээнд нь дэмжин, батлав. Сангийн яамнаас төсвийн төслийг өргөн барихдаа хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, төслийг танилцуулсан. Харин чуулганаар хэлэлцэгдэх явцад төсөлд орсон өөрчлөлтийг тодотгоё. Ирэх оны төсвийг “Сонгуулийн жилийн төсөв” биш гэсэн байр суурийг эрх баригч намын төлөөллүүд илэрхийлж байсан. Тэгвэл засгаас очихдоо л ийм тодотгол дагуулсан төсөл чуулганаар ороод гарахдаа сонгуулийн жилийн төсөв гэдгээ баталсныг дурдах хэрэгтэй. Юу гэхээр “Засгийн газрын Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах ажлын хүрээнд” гэсэн тодотголтойгоор 296 тэрбум 547.8 сая төгрөгийн зарлагыг нэмж оруулж ирсэн байгаа юм.

УИХ-аас  “Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн өөрчлөлт оруулалгүйгээр  орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөгөөр,  зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөгөөр,  төсвийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөгөөр  тооцсон  гэж мэдэгдэж байна.

Засгаас өргөн барьсан төсөлд өөрчлөлт оруулаагүй гэж буй ч зарим өөрчлөлтүүд орсныг дурдах  хэрэгтэй. Тодруулбал:

-“Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг нэмэх асуудал яригдаж байсан. Тэгвэл ирэх онд энэ оны түвшинд хэвээр хадгалж 5 тэрбум 300 сая төгрөгөөр бууруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

-Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60 тэрбум төгрөгөөр бууруулж, Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн зээлийн хүүгийн татаасыг 60 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон.

-Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98 тэрбум 700 сая төгрөгөөр, мөн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг 100 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар тооцсон.

-Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг төсөл, арга хэмжээний 2019 оны хэрэгжилт, гүйцэтгэлтэй нь уялдуулан, мөн төсвийн төлөвлөлтийг сайжруулах үүднээс нийт 126 тэрбум 315.3 сая төгрөгөөр бууруулахаар болсон. 

-Зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж, урсгал зардлыг нийт 89 тэрбум 767.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон.

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын бонд худалдан авахаас гадна Монголбанкны үнэт цаас худалдан авах эрх зүйн зохицуулалтыг нээж өгөх нь зүйтэй гэж үзсэн зэрэг өөрчлөлтүүд бий.



2020 ОНД ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН ЗАРЦУУЛАХ ЗАРДАЛТАЙ ТАНИЛЦ! 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга -  6,438.6 сая төгрөг


Монгол Улсын Их хурлын дарга
 

  • Урсгал зардал-44,323.3 сая төгрөг
  • Хөрөнгийн зардал-2,560.8 сая төгрөг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга
 

  • Урсгал зардал -2,309.7
  • Хөрөнгийн зардал -600.0 сая төгрөг

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч
 

  • Урсгал зардал -4,728.9 сая төгрөг 
  • Хөрөнгийн зардал -4,480.0 сая төгрөг 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга
 

  • Урсгал зардал -56,3010.3 сая төгрөг

Хүний эрхийн үндэсний комиссын дарга
 

  • Урсгал зардал -1,326.5 сая төгрөг 

Улсын ерөнхий прокурор
 

  • Урсгал зардал -36,046.6 сая төгрөг
  • Хөрөнгийн зардал -11,731.5 сая төгрөг

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
 

  • Урсгал зардал -4,805.7 сая төгрөг

Монгол Улсын Ерөнхий аудитор
 

  • Урсгал зардал -22,119.7 сая төгрөг 
  • Хөрөнгийн зардал -1,000.0 сая төгрөг 

Авлигатай тэмцэх газрын дарга
 

  • Урсгал зардал -25,987.5 сая төгрөг 
  • Хөрөнгийн зардал  1,120.7 сая төгрөг 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга - 4,791.8 сая төгрөг 

Төрийн албаны зөвлөлийн дарга - 3,604.3 сая төгрөг 

Үндэсний статистикийн хорооны дарга - 16,019.2 сая төгрөг 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга - 38,141.4 сая төгрөг 

Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах комиссын дарга - 54,460.4 сая төгрөг 


Монгол Улсын Ерөнхий сайд - 470,403.0 сая төгрөг 
 

  • Монгол Улсын Шадар сайд -174,935.7 сая төгрөг 
  • ЗГХЭГ-ын дарга - 71,010.7 сая төгрөг 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд -176,225.5 сая төгрөг 
  • Гадаад харилцааны сайд -93,406.2 сая төгрөг 
  • Сангийн сайд -3,115,628.0 сая төгрөг 
  • Хууль зүй дотоод хэргийн сайд – 625, 898.1 сая төгрөг 
  • Зам, тээврийн хөгжлийн сайд -375, 416.6 сая төгрөг 
  • Батлан хамгаалахын сайд -294,277.5 сая төгрөг 
  • БСШУС-ын сайд -2,173, 161.9 сая төгрөг
  • УУХҮ-ийн сайд -42,914.4 сая төгрөг
  • ХХААХҮ-ийн сайд-193,862.8 сая төгрөг 
  • Эрүүл мэндийн сайд -964,554.8 сая төгрөг
  • Эрчим хүчний сайд -100,128.3 сая төгрөг
  • Барилга, хот байгуулалтын сайд  276,675.8 сая төгрөг 

Сануулахад, ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэнэ. Тэгвэл 2020 оны төсөвт тусгаад буй Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын мэдээллийг хүргэе.

Нийгмийн даатгалын санд төвлөрөх шимтгэлийн орлогыг 2,217.2 тэрбум төгрөг, хадгаламжийн хүүгийн орлогыг 74.7 тэрбум байхаар тус тус тооцоод байна.  Ирэх онд улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болон мөрдөгдөнө. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн орлого 63.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцжээ. Цэргийн алба хаасны тэтгэвэр, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зардлыг хуульд заасны дагуу төр хариуцах болон Тэтгэврийн даатгалын сангийн алдагдалд улсын төсвөөс олгох татаас 399.4 тэрбум төгрөгөөр тооцож тусгасан байна.  Ирэх онд Малчин, хувиараа хөдөлмөр  эрхлэгчдийн тэтгэврийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжинэ. Тэгвэл  энэ хүрээнд Тэтгэврийн даатгалын  сангийн орлого 133.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоолол байна.  Нийгмийн даатгалын сангийн ирэх оны нийт зардлыг  2,510.7 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь энэ оныхтой харьцуулахад, 442.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Тэтгэврийн  даатгалын сангийн тухайд нийт зардлыг 2,275.3 тэрбум төгрөгөөр, орлогыг 1, 876.1 тэрбум төгрөгөөр тооцжээ.

Тэгэхээр Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагын зөрүү буюу алдагдлаас Монгол Улсын төсвийн нөхцөл байдал шууд харчихаж болохоор байна. 2020 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний  5.1 хувьтай тэнцэж байгаа нь хэвийн үзэгдэл мэт боловч орлогыг энэ оныхоос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн гэдгийг сануулъя. Түүнчлэн зарлагыг энэ оныхоос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж батлачихаад байна.

Хэлсээр, ярьсаар байтал ингээд хуульчилчихсан учраас одоо манай тухайд  болзошгүй эрсдэлүүд тулгарлаа гэхэд нөхцөл байдал хүндэрч болзошгүй юм. Төсвийн төслийг өргөн барихад цохон дурдаж байсан таван эрсдэлийн нэг нь ФАТФ-ын “Саарал жагсаалт” байсан. Тэгвэл бид энэ жагсаалтад багтаад нэг сарын нүүр үзэх гэж байна. Бусад эрсдэлүүдийг харвал тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны маргаан, технологийн салбарт үүсэж буй асуудал нь манай түүхий эдийн экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүнээс гадна гадаад өр төлбөрийн асуудал гэж шүдний өвчин бидэнд бий. Засгаас батлан даасан өр төлбөрүүдээс 2020 онд хийгдэх ёстой тооцоонууд байгааг санах ёстой. Сая төсөв батлахдаа Засгийн газрын өрийн нийт хэмжээг 22 их наяд 89.1 тэрбум төгрөг байхаар тусгаад буй. Өрийг өрөөр санхүүжүүлдэг циклд орчихсон манай улсын хувьд эрсдэлээс хол байх боломж үнэндээ бүрхэг. Нөхцөл байдал ийм л байхад зарлагаа түүхэнд үлдэх хэмжээнд тооцсон нь түүхэнд үлдэх тэнэглэл байв уу гэдэг нь нэг их удахгүй тодорхой болох биз ээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.42) 2019 оны 11 сарын 15

Тэхдээ энэ бас их аюултай болсон. Тэр Хүрлээгийн хэлээд байгааг бодолцож үзэх байсан. Зүгээр л цагт нь багтаана гэдэг зарчмаар шуурхай баталчихлаа. Одоо төсөв 2 трилион төгрөгөөр тасрахаас гадна тэр Амнат-н 1 трилион нэмэгдэх боломжтой боллоо. Тэгэхээр бид тэр тасарч байгаа 1,3 тэрбум долларыг хаанаас олох вэ? Өрнөөс өөр сонголт байна уу? Хятадууд биднээс ахиухан нүүрс авах болтугай гэж хүн толгойтой болгон залбир.

0  |  0
Бат(202.9.43.114) 2019 оны 11 сарын 15

Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг үг үнэнтэй ажээ

1  |  0
Top