ОЛОН ӨНГӨ: Сумын наадам

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Гэнэн насны сэтгэлийн хойморт багталцан ядах дурсамж дундаас өдгөө цаг руу их л ярган байх нь “Сумын наадам” аж. Арга ч үгүй тэр л сэтгэлийн гэгээн талд хүлэг морьд янцгааж, гийнгоон дуу ч чихнээ сонсогдох шиг. Сумын төвийн хүүхдүүдийн нэгэн хүсэл мөрөөдөл бол “Сумын наадам” байсан. Арав гаруй насны хөвгүүд хонины муу хашин морио дэлийг нь засч шивхрээсэн ганган хүлгээр юүлж, аав ээжийнхээ оноож өгсөн “төсөв”-ийг өвөртлөөд мордох агшин бол бас л их жаргал. Эдийн дээд биш ч ээж л аавынхаа гараа гаргаж урласан эмээл дээр хөндлөн суугаад шинэхэн тэрлэгээ сугалдаргалаад давхилдах нь юу юунаас том баяр. Тэгээд ч бидний хүүхэд насанд эдээр уралддаггүй, морины сайхныг л гайхуулдаг байлаа. Тэр л хүлгийн хурд хуваан давхилдах гэдэг нэгэн том өрсөлдөөн байв. Тухайн цагт Миеэгийн хонгор түрүүлэх болов уу, Г.Шоовдорын “Мөнгөн бөгст” яах бол гэж харж байснаас хүний өмссөн зүүсэнд нүд унагадаг нэг ч хүүхэд байсангүй.

Энэ жил Аймгийн заан Ишзанын Улаанхүү түрүүлэх болов уу, эсвэл залуу бөх үү хэмээн бяцхан цээжээ хөдөлгөж байснаас хэн нэгний эрээн мяраанд дурлаж яваагүй. Харин өдгөө болдог наадмууд, том жижиг чулуу харшуулан, хүлгийн хөлс бүү хэл наадмын тоос ч үгүй торго дурдан гялбалзуулж, орчин цагийн төмөр хүлгээр уралддаг болсон нь уламжлалт ахуй, монгол хүнээс “Сумын наадам” маань дэндүү алсарч байна даа гэж харамсдаг. Гэвч эрдэмт уяачдын ухаан тэгширч бяртай уртай бөхчүүдийн эр нь ханаж, мэргэн харваачдын оноо тэгширсэн цагт энэ бүхнийг дурдах нь илүүц байсан ч байж болно.

Ямартай ч хүүхэд насны гэрэлт наадмууд өдгөө бодлын дурсамжит гичирт яг л зургаан насны морь шиг үүрсэн байгаа цаг дор монгол зон хотол зоноороо наадах гэж байна. Гагцхүү уламжлалт наадам маань уламжлалаараа л болж байгаасай. Ядахад л нэртэй уяачдын маань өмссөн дээл хүлгийн хөлстэй, бас үнэртэй, наадамчин олон маань эдээ гайхуулах бус монгол ёс заншлаараа бахархах гэж очдог байгаасай гэж хүснэм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top