ОЛОН ӨНГӨ: Бусдын төлөө...

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Иргэн Т автомашины худалдаа арилжааны наймаа эрхэлдэг хурган бизнесмен ахын туслах хийдэг. Даргын тавьсан үүрэг даалгавар, тушаалыг үг дуугүй биелүүлдэг нэгэн.

Төмөр хөлөгт дуртай түүний ажил нь эхэндээ хобби шиг нь л санагддаг байв. Тэр ч ажилдаа дурлаж, сэтгэл гарган ажиллах болжээ. Гэвч бусад наймаачдын хийж буй зүйлс, үйлдэж буй үйлдэл түүнд таалагдсангүй. Гэнэн, итгэмтгий хэр нь өрөвдөлтэй худалдан авагчдыг харах хэцүү санагддаг болов. Учир нь, тэнд гаднын акталсан авто машиныг Монголд оруулж ирж арилжих нь элбэг. Гэсэн ч ажил бол ажил, амьдрал бол амьдрал гэх зарчмаар өөрийгөө зөвтгөж, бүгдийг тоохгүй байхыг хичээж урдах ажлаа л хийнэ.

Буруу зүйл хийж, худал үгс хэрэглэж олсон мөнгө нь цаанаа л нэг амтгүй. Дарга ч мөнгө олохын хэмжээгээр санаа тэлж илүү их муу зүйлсийг сэтгэж тэр хэрээрээ олохыг л бодно. Сүүлдээ энэ ажил нь таалагдахаа больж эхлэв. Анхны автомашинаа авах гэж сэтгэл нь хөөрсөн залуус, банкны лизинг, зээлээр хэрэгцээгээ хангахын тулд амьдралдаа хувь нэмэр оруулах гэж байгаа ах, эгч нарыг харж сэтгэл гонсойхын сацуу “айж” ажиллах болов.

Зарим үед худалдан авагч нарт сайн хүн болох гэж хэлэх хэдий ч тусыг эс олно. “Энэ хүү өөрийн машинаа зарах гэж худлаа ярьж байна” хэмээн түүнээс дөлнө. Авто машин сонирхож, худалдан авах гэж яваа хүмүүсийн харц цаанаа л нэг баяр баясгалантай, аз жаргалтай харагддаг аж. Тэр харцыг үгүй хийж, зовоож ирээдүйд толгойн өвчин болох хөлгийг өгч явуулахаасаа хүү ч эмээдэг болов. Дарга “Чи сүүлийн үед юу болов. Овоо байдагсан”, “Дорж хэд хэдээр нь зарж байна” хэмээн зэмлэх болов. Тэр хүний шунал, бусармаг аргаар хөнгөхөн олж авсан мөнгө. Олон айлын өдрийн хоолоо хасаж, хуруу хумсаа хугалан байж олсон мөнгө болохоор зэвүү, дургүй хоёр зэрэг хүрч тэрхүү бизнесийг орхиж билээ. Авто хөлөг зарж буй ах, эгч нар минь бузар, бусармаг үйлээ орхиж буян түгээж ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулаач!!!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top