Зэвсэгт хүчнийг 1990-ээд оноос цомхотгож, тэр хэрээр хугацаат цэргийн алба хаагчийн тоо цөөрсөн байдаг. Өнөөдөр хуулийн дагуу их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаагаас иргэн бүр Үндсэн хуулиар хүлээсэн “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүргээ биелүүлж чадахгүйд хүрчээ.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, улс орныхоо батлан хамгаалах чадавхыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилгоор “Оюутан цэрэг” хөтөлбөрийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж байна. Гэвч иргэд “Оюутан цэрэг”-ийн талаар хүн бүр төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаа, бэлтгэл сургуулилтын талаар 2018 оны оюутан цэрэг, гуравдугаар ротын гуравдугаар салааны түрүүч А.Балжиннямтай ярилцлаа. Тэрбээр Үндэсний биеийн тамирын дээд сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр суралцдаг.
-Та өнгөрсөн жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагджээ. Яагаад “Оюутан цэрэг”-т явахаар болсон юм бэ?
-Анх оюутан цэрэг хөтөлбөрийн тухай сайн мэддэггүй байсан. Өнгөрсөн хавар сургууль дээр оюутан цэргийн бүртгэл явагдаж байна гэдгийг сонсоод санаандгүй байдлаар бүртгүүлсэн. Гэр бүлийнхэн маань ч дэмжсэн. Дөрвөн жил сурах хугацаандаа цэргийн алба хаана гэдэг оюутан хүний хувьд цаг хугацаа хэмнэсэн маш завшаантай явдал юм. Энэ боломжийг алдалгүй ашигласандаа баяртай байдаг.
-“Оюутан цэрэг”-т хамрагдахын тулд яг ямар шалгуур, шаардлагыг давсан байх ёстой вэ?
-Мэдээж хамгийн эхэнд оюутнуудын голч дүнгээр нь /2.8/ жагсаадаг. Тэнцсэн хүүхдүүд нь хоёр сарын хугацаанд тэнхимийн хичээлд сууж, дөрвөн шалгалт өгдөг. Дээр нь Үндэсний батлан хамгаалахын их сургуульд очиж эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад хамрагдана. Энэ бүгдэд тэнцвэл “Оюутан цэрэг”-т явах боломж бүрдэнэ гэсэн үг. Манай сургуулиас ердөө л таван хүүхэд явсан байх жишээтэй.
-Тэр бүх шалгуурыг давчхаад сургалтын төв рүүгээ явж байхад танд ямар мэдрэмж төрж байв?
-Бид “Оюутан цэрэг”-т өнгөрсөн оны зургаадугаар сард Үндэсний батлан хамгаалах их сургуулиас хөдөлсөн. Хүүхэд болгоны эцэг, эх ирчихсэн маш сайхан байсан. Халзан толгойтой, цав цагаан царайтай хүүхдүүд том том яриад явсныг л санаж байна.
-Анх сургалтын төвийн байранд очиход хэрхэн угтаж авав?
-Нийт 650 оюутан цэргийг хүлээж авсан. Шууд усанд оруулаад цэргийн хувцас, гутал, малгай хуваарилж өгсөн. Анх хувцсаа өмсөх мэдрэмж хамгийн гоё. “Эр хүн болчихлоо шүү дээ” гэж өөртөө хэлж байлаа. Очсон эхний долоо хоног хүндхэн санагдаж байсан. Шинэ орчин нөхцөлд дасах гэж бага зэрэг удсан. Хамт ирсэн сургуулийнхаа найзуудаас өөр салаанд хуваарилагдсан болоод ч тэр үү хэцүү зүйлс тулгарч байлаа. Захны даавуугаа хадаж чадахгүй болохоор дарга хуулж аваад дахиад эхнээс нь хадахыг шаардана. Ороо хурааж чадахгүй мөн л адил.
-Оюутан цэргүүдэд тохиолддог нийтлэг бэрхшээл байв уу?
-Бэрхшээлтэй зүйл ч гэж ер нь байгаагүй дээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа цэргийн амьдралд дасаж эхэлсэн. Харин хөлийнхөө ороолтыг ороож чадахгүй хүүхдүүд хөлөө холгох, цаашлаад бүр алхаж ч чадахгүй болдог юм билээ. Сургалтын төвд эмч, сувилагч нар ажилладаг болохоор тухай бүрд нь арга хэмжээ авч цэргүүдийг эмчилж байсан. Цэргүүдийн шантрах үед сэтгэл зүйч офицер ирж уулзаж, сэтгэл санааг нь дэмждэг байсан.
-Нийт хэдэн рот салаанд хуваарилагдсан бэ?
-Биднийг таван рот 25 салаанд хуваарилсан. Нэг ротод таван салаа байна. Миний хувьд ахлах дэслэгч Б.Мөнхтулга захирагчтай гуравдугаар ротын, дэслэгч Б.Төгөлдөр захирагчтай гуравдугаар салаанд хуваарилагдсан. Манай салааны хувьд 25 цэрэгтэй байсан.
-Оюутан цэргийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөө 5:30 цагт босож нүүр гараа угаачхаад, гимнастикт гарна. Буцаж майхандаа орж ор дэрээ хурааж гутлаа тослоод цайндаа орно. Мэдээж энэ бүхэн ярьж байгаа шиг тийм тайван амгалан болж өнгөрөхгүй. Хүн болгон л дор бүрнээ хурдан хөдөлж цэргийн дүрэмд заагдсаны дагуу хийж гүйцэтгэнэ. Дараа нь өглөөний нэгдэлтэд Монгол Улсын төрийн далбаа болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн тугийг мандуулсны дараа дарга нар үүргээ тавина. Өглөө төрийн далбаагаа мандуулж төрийн дуугаа дуулж тэр өдрийнхөө эрч хүчийг авдаг байсан даа. Дараа нь жагсаалын бэлтгэл, амьдрах ухаан, хими, тактик, биеийн тамир, инженер гэх мэтчилэн хичээл ороод үдийн хоолны өмнө өдрийн гүйлт гимнастик хийнэ. Ерөнхийдөө энэ мэтчилэн л өдөр хоногууд өнгөрнө.
-Тэнд байх хоёр сарын хугацаанд ямар уралдаан тэмцээнүүд болдог вэ?
-Хагас сайн өдөр болгон тэмцээн, уралдаан зохиодог. 5,10,20,30 километрийн марш тактикийн тэмцээн, жагсаалын үзүүлэх тоглолт, урлаг соёлын арга хэмжээг зохион явуулдаг. Манай салааны хувьд 5км маршид алтан медаль, 10км маршид хүрэл медаль, цогцолбор тэмцээнд мөнгөн медаль, тэргүүний жагсаалч, дүрэмч, дууч рот шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж байлаа.
-Марш тактикийн тэмцээн хэр хэцүү байдаг вэ?
-Анх бол хэцүү санагдаж байсан. 5км маршийн эхний гурван км бол хүндхэн өнгөрсөн. Амьсгаа давхцаад, толгой эргэх мэдрэмж төрнө. Хүн гүйгээд байхаар амьсгаа задардаг юм билээ. Сүүлийн хоёр км харин эсрэгээрээ өнгөрсөн. Салааныхаа гүйж чадахгүй хүүхдүүдийг чирч, урд хойно гарч гүйсээр байгаад л барианд орсон доо. Манай салаа нэг ч хүүхэд орхиогүй хамгийн өндөр цагийг үзүүлсэн учраас түрүүлж чадсан юм. Цаашлаад 10,20км маршууд бол маш сонирхолтой. Бүгд аранз, буу, газыгаа үүрээд явна. Замдаа химийн цэг, ерөнхий цэргийн саад, инженерийн саад, машин түрэх, дайсны тагнуулыг илрүүлэх гэх мэтчилэн эр хүний тэсвэр тэвчээрийг шаардсан зүйл юм. Надад 30 км марш хамгийн амархан санагдсан. Яагаад гэвэл алхаа марш үйлдэж зорьсон газраа хүрдэг юм.
-Танай салааны хувьд 25 дугаар суваг телевизийн “Оюутан цэрэг” шоунд оролцсон гэж сонссон. Энэ тухайгаа ярьж сонирхуулахгүй юу?
-Манай гуравдугаар ротын гуравдугаар салааг сонгож шоунд оролцуулсан. Бараг арван дугаар гарсан байх. Бид ч тэмцээн уралдаан бүхэнд амжилттай оролцож оюутан цэрэг бол хугацаат цэргүүдийн хийж гүйцэтгэдэг бүхий л зүйлийг чаддаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон. Мөн Эрдэнэтийн оюутан цэргүүдтэй туршлага солилцох журмаар тэмцээнд очиж оролцсон. 650 цэргийг төлөөлж байгаа учраас маш их үүрэг хариуцлага өвөртөлж сургалтын төвөөсөө Эрдэнэт рүү хөдөлсөн. ОБ цув өмсөх, АКМ бууны хагас задаргаа, угсаргаа, магазин сумлах, жагсаалын үзүүлэх тоглолт гэсэн гурван төрөлт тэмцээнд амжилттай оролцоод ирсэн.
-Оюутан цэргүүдийг ар гэрээс нь эргэж, уулзаж болдог уу?
-Ер нь бол болохгүй дээ. Нэгдсэн журмаар улсын наадмын дараа л нэг удаа уулзуулдаг. Тэр уулзалт бол аймгийн наадам шиг л хөл хөдөлгөөнтэй болно. 650 цэргийн ар гэр ирдэг болохоор арга ч үгүй биз дээ. Анх энд ирж байхдаа доголон нулимс дуслуулсан балчир хүүхдүүд байсан бол аав ээж, эхнэр хүүхэдтэйгээ уулзахдаа жинхэнэ цэрэг болсон нь харагддаг. “Амрыг эрье” гэж чанга дуугаар мэндчилсэн хүүгээ харсан аав ээжийнх нь нүднээс нулимс дусалдаг юм билээ.
-Оюутан цэргүүдэд цол олгодог гэсэн. Таны хувьд ямар цолтой байсан бэ?
-Салаа болгонд нэг түрүүч, гурван дэд түрүүч цол олгосон. Түрүүч нь салааны орлогч, дэд түрүүч нь тасгийн захирагч гэсэн үг. Миний хувьд түрүүч цол авсан. Салаандаа ганцаараа гурван зураастай байна гэдэг сайхан зүйл боловч эргээд надад ирэх үүрэг хариуцлага их.
-Халагдах мөч ямар байсан бэ?
-Халагдахын өмнөх орой бүх цэргүүд унтаж чадаагүй байх. Хувцас, малгайгаа янзална, захны даавуугаа хамгийн гоёор хадна гээд өчнөөн л юм хийж хоносон. Халагдах өглөө бүгд л жимбэгэр, өнгөлөг болчихсон байсан. Эцэг эхчүүд сургалтын төвийн хашаанд хэдийнээ ороод ирчихсэн. Бид номхон команд аваад хөдлөх эрхгүй зогсож байсан үе юм. Ээлж ээлжээрээ очиж тангаргаа уншина. “Монгол улсын иргэн Би, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн... төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ” гэж тангаргаа уншихад өөрийн эрхгүй огшоод явчихна. Ингээд би чинь ээж аавын хүү байсан бол эх орны хүү боллоо л гэж бодогдсон доо. Сургалтын төвийн хашаанаас гарахад цаанаа л нэг уйтай. Салаан захирагчтайгаа салах ёс гүйцэтгэж “Эрхэм дэслэгч баяртай” гэж хэлээд цэргийн хүнд хэцүүд шантарч уйлаагүй цэргүүд өөрийн эрхгүй нулимс дуслуулж байсан нь саяхан юм шиг л сэтгэлд дотно санагдаж байна.
-Дараа дараагийн оюутан цэрэгт явах залууст хандаж юу гэж хэлэх вэ?
-Хүмүүс оюутан цэргийг төдийлөн ойшоодоггүй. Хүмүүсийн “Гурван сарын цэрэг гэж юу байдаг юм”, “Хүүхдийн цэцэрлэг”, “Жилийн цэргүүдийн хажууд юу ч биш” гэж ярихыг нь сонсоод таагүй сэтгэгдэл төрдөг. Бид яг үнэндээ хугацаат цэргүүдийн хийгээгүй зүйлсийг хийж гүйцэтгэдгээрээ давуу юм шүү дээ. Хугацааны хувьд бол эх орноо хамгаалах сэтгэл зүйтэй байхад нэг жил байна уу, гурван сар байна уу ялгаагүй. Цаашдаа “Оюутан цэрэг”-т явах гэж байгаа залууст хандаж хэлэхэд битгий шантраарай, өөрийгөө ямар эр хүн гэдгийг ирж сориорой гэж хэлье.
Ярилцсан: С.Намхай
Сэтгэгдэл ( 5 )
Дүү минь ялгаатай,хамгийн их ялгаатай..яаж 3 жилийн , 2 жилийн албыг 3 сартай зүйрлэх вэ.Чи зүгээр л яслид эрхлэж байгаад орой нь гэртээ харьж байна гээд өөрийгөө ойлгочих
Маш их ялгаатай. Эр хүн болно гэдэг өөр хэрэг. Эр цэрэг болно гэдэг бүр ч өөр шүү. Хүүхдүүд ээ.