МУЗН-ийн эрх зүйн байдлын хууль загвар хууль болсныг онцоллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр /2019.07.04/ Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рока тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Баялаг түүхтэй, дэлхийд нэр хүндтэй энэ байгууллага Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж байдагт нь Шадар сайд талархал илэрхийлээд УИХ 2016 онд Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа хүмүүнлэгийн чиглэлээр төрд туслах үүргийг нь тусгасныг дурдав. Мөн Шадар сайдын ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл 21 аймаг, есөн дүүрэгт хүрч ажиллаж байгааг тэмдэглэв.

МУЗН эмзэг байдлыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах зэргээр идэвхтэй ажиллаж байгааг онцоллоо. Засгийн газар цаашид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, тогтвортой хөгжлийг хангахад анхаарч байгааг хэлэв. Мөн МУЗН-ийг бүх талаар дэмжиж, дэмжлэгийг нь ч авч ажиллахаа илэрхийлэв.

Улс орондоо төдийгүй олон улсын түвшинд нэр хүндтэй МУЗН-ийг Шадар сайдын хувьд дэмжиж, хамтран ажиллаж байгаад Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рока талархал илэрхийлэв. Мөн МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль нь бусад улс оронд загвар хууль болсныг тэмдэглэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top