Монгол-Хятадын сэтгүүлчдийн Х форум Ордост болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

-Манай сэтгүүлч ӨМӨЗО-ноос мэдээлж байна-

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн Х форум БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны /ӨМӨЗО/ Ордос хотноо өнөөдөр эхэллээ. Энэхүү форум хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, БНХАУ байгуулагдсаны 70 жилтэй давхцаж байгаагаараа онцлог юм.


Өнгөрсөн жил Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн IX форумыг Монголын тал зохион байгуулсан бөгөөд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод есдүгээр сарын 6-7-нд амжилттай болж, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын 180 гаруй төлөөлөгч оролцсон билээ. Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг илүү бодит ажил хэргийн түвшинд хүргэж, хөгжүүлэх чухал гарц, алхмын талаар хэлэлцэн шийдэлд хүрсэнээрээ өнгөрсөн жилийн форум онцлогтой байв.

2010 оноос эхлэн зохион байгуулж ирсэн энэхүү форум жилээс жилд өргөжин тэлж, хэлэлцдэг зөвлөлддөг шатнаас хийж хэрэгжүүлдэг, бодит ажил болгодог хэмжээнд хүрч буй нь өнгөрөгч форумаар илэрхийлэгдсэн. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн биечлэн ирж оролцон, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлж, энэхүү форумын ач холбогдол, цар хүрээний хувьд өргөжүүлэх, үр дүнг нэмэгдүүлэхэд тал бүрээр анхаарч дэмжихээ оролцогчид илэрхийлж байсан юм.

БНХАУ-ын талаас мөн өндөр ач холбогдол өгч оролцсон бөгөөд тус улсын төлөөлөгчдийг тэргүүлж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны Гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны дэд дарга Лин Ли, Гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны орон нутаг зохицуулах газрын дарга Ли Жяшү, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны намын хорооны дарга Ван Дүнмэй тэргүүтэй 50 орчим төлөөлөгч хүрэлцэн ирсэн байв.


Харин энэ жилийн форумыг БНХАУ-ын тал зохион байгуулж буй бөгөөд ӨМӨЗО-ны Ордос хотод X форумыг зохион байгуулж байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх форумд БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Хятадын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ӨМӨЗО-ны Ардын засгийн хэвлэл мэдээллийн албаны хүндэт төлөөлөгчид болон ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган зэрэг хүндэт төлөөлөгчид оролцож байна. 

Монголын талаас хэвлэл мэдээллийн 50 гаруй төлөөлөгчид оролцож буй бөгөөд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаатар "Монголын хэвлэл мэдээллийн хөгжил, хандлага" сэдвээр үндсэн илтгэл тавьсан бол Синьхуа агентлагийн редакцийн зөвлөлийн дэд дарга Бань Вей "Хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлооё“, Монголын өдөр тутмын хэвлэл "Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Монгол Улсын сонин сэтгүүлийн тойм”, МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болортулга “Монголын мэдээллийн сайтын хөгжил”, Монголын сайтын холбооны Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг “Шинэ сэтгүүзүйн хамтын ажиллагаа- шинэ боломж”, Хятадын Өдрийн сонины олон улсын албаны захирал бөгөөд “Хятадын ажиглалт” сонины ерөнхий редактор Ше Сүншинь “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүх талын хамтын ажиллагааг ахиулж, Хятад Монголын сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлооход хүч сэлбэе”, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, доктор дэд профессор С.Амартүвшин “Монгол Хятад хоёр орны телевизийн салбарын хөгжил, хамтын ажиллагаа”, Өвөр Монголын радио телевизийн дэд ерөнхий редактор Энхбаяр “Чин үнэнч найрамдал ажил хэрэгчээр хүч хамтран сайн сайхан ирээдүйг зорьё” сэдвээр тус тус илтгэл тавих юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр улсын сэтгүүлчдийн хооронд 30 гаруй хэлэлцээр байгуулагдаж 20 гаруй төсөл амжилттай хэрэгжиж байжээ. Цахим эрин үед хоёр талын сэтгүүлчид хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах ёстой гэдэгт энэхүү форумын оролцож санал нэгдэж байна.

Форумын талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top