СОНГУУЛЬ 2020: Ялагчгүй сонгууль айсуй

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Иргэд олон нийтийн хандлага, улс төр судлаачдын байр суурь, улстөрчдийн байгаа байдлаас харахад айсуй 2020 оны сонгууль санаанд оромгүй үр дүнд хүрэхийг таамаглаж буй хэрэг. Үүний зэрэгцээ судалгааны байгууллагуудын үр дүн ч үүнийг бататгах аж. Нөгөө талаар дэлхий нийтийн чиг хандлага, өнөөгийн нийгмийн үзэл суртахуун гээд олон зүйлээс харж байхад шинийг эрэлхийлж байна.

Шуудхан хэлэхэд сүүлийн гучаад жил Монгол Улсын төрийг ээлжилэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран барьж ирсэн МАН, АН-аас сонгогч олон залхжээ. Залхахаасаа илүүтэй залхаан цээрлүүлэгдсэн ард түмэн цоо шинийг эрэлхийлэх болсон. Даанч тэднээс өөр сонголтгүй сонгуулийн өмнө зогсож байгаа нь харамсалтай. Тэгэхээр сонгогч олон өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 30 гаруй улс төрийн нам, цөөн тооны бие даагчдаас сонголт хийхээс өөр арга зам байхгүй. Хэдийгээр шинийг эрэлхийллээ ч ийм л хууль эрх зүйн орчинг бидний өмнө гаргаж тавина. Нийгмийн энэхүү нөхцөл байдалд өөрсдийн зүгээс тодорхой дүгнэлт хийж улс төрийн хүчнүүд арга хэмжээ авч байгаа ч цааш хол явахгүй гэдгийг өнөөгийн нөхцөл байдал харуулсаар байна. Ямартай ч айсуй 2020 оны сонгууль ялагчгүй сонгууль болох өндөр магадлалтай. Өнгөрөгч 2016 оны сонгуулийн үр дүн санаанд оромгүй савласан ч энэ байдал эргээд давтагдана гэж үгүй. Зөвхөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг аваад үзэхэд МАН, МАХН, АН-аас нэр дэвшигчдийн санал эн тэнцүүхэн гарсан ч саналын хувь хүрээгүй учраас дахин санал хурааж ялагчаа тодруулсан нь үнэн хэрэгтээ “Ялагч үгүй сонгууль” юм. Мөн 2012 оны сонгуульд АН илүүрхсэн ч Засгийн газраа байгуулах хэмжээнд олонхи болж чадаагүй нь ч “Ялагч үгүй сонгууль” юм. Энэ мэт сүүлийн үеийн олон жишээ харуулна.

МАН ОЛОНХ БОЛОХГҮЙ Ч ЯЛАХ МАГАДЛАЛ БИЙ

Өдгөө УИХ-д үнэмлэхүй суудал эзэлж буй МАН-ын хувьд өнгөрөгч 2016 оны рейтинг, нийгмийн савлагааг хадгалж үлдэхийг хүсч байгаа нь ойлгомжтой ч энэ нь мөрөөдөл төдий зүйл гэхэд болно. Харин энэхүү мөрөөдлөө хойш тавиад яаж илүүрхэж үлдэх вэ гэдгээ тооцоолсон нь илүү амьдралд ойр бууна. Эрх баригч намын хувьд Газрын тос нэрэх үйлдвэр, төмөр зам, Цэвэрлэх байгууламж гээд бүтээн байгуулалтын ажлаа өмнөө барьж, оноо цуглуулах гэж байгаа нь илт. Өмнөө барихаас ч өөр аргагүй том бүтээн байгуулалтууд мөн үү гэвэл мөн. Гэвч эрх баригчид нийгмийн уур бухимдал, залхсан байдал нь баргийн бүтээн байгуулалтыг бүдгэрүүлэх талтай байгааг болгоож байгаа биз ээ. Ирэх 2021 онд ашиглалтад орох Газрын тос нэрэх үйлдвэр, 2020 онд багтаан ашиглалтад орох Цэвэрлэх байгууламж, 2021-2022 онд барьж дуусгах урьчилсан төлөвлөгөөтэй Сайншанд-Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.4 километр замын ажлыг эрчимтэй явуулах, дуусгах ганц боломж нь эрх баригч нам байж болно. Тиймээс эрх баригч намд үүнийг ухуулан таниулах ажиллагаа чухал болохоос олонх болох тухай, эрх барих тухай бодох нь эртэдсэн ажил гэлтэй. Ямартай ч судлаачдын байр суурь, нийгмийн хандлагаас харж байхад өдгөөгийн эрх баригчид айсуй 2020 оны сонгуульд илүүрхэх магадлал байгаа ч олонх болж чадахгүй гэдгийг дурдсан байна лээ. Энэ нь өнгөрөгч 2012 оны сонгуульд АН ялалт байгуулсан ч Засгийн газраа дангаараа бүрдүүлэх хууль ёсны 39 суудал авч чадаагүйтэй адилтгасан хэрэг. Тэгэхээр эрх баригчид хийж буй ажлаа “ухуулан таниулах” ажиллагааг эрчимжүүлж гэмээнэ сая бага зэрэг илүүрхэх хандлага харагдана.

АН-Д УИХ ДАХЬ СУУДЛЫНХАА ТООГ НЭМЭХ БОЛОМЖ БИЙ

Сөрөг хүчин АН-ын хувьд сөрөхөөс өөр арга замгүй сууна. Ядахад, УИХ-д бүлэг ч үгүйн дээр сүр хүч гэж алга. Болсон болоогүй жагсаал цуглаан зохион байгуулах хэдий ч газар авахгүй байна. Лидерүүдийн зодоон ил далд үргэлжилж, намын дарга С.Эрдэнэ эв нэгдлийг бататгахыг хичээх аж. Нэг хэсэг АН-ын даргын өөдөөс сөрсөн бүхнийг намаасаа хөөж тууж, арга хэмжээ авсан нь дуулиан үүсгэсэн ч өдгөө баяр наадмын уухайд дарагдав бололтой. Мэдээжийн хэрэг, өө хайя гэвэл эрх баригч намд оноо гэхээсээ алдаа нь илүү байж таарна. Гавьяа хайя гэвэл алдаагаа дарахуйц оноо ч бас бий. Энэ утгаараа сөрөг хүчин өдөр шөнөгүй Засгийн газрын ажил, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилж сууна. Зүй ёсны хэрэг хэдий ч хэтэрхий сөрж байгаа нь тэдэнд хасах оноо авчрах магадлал бий. Нийгмийн хандлага, улс төр судлаачдын байр суурь, судалгааны байгууллагуудын дүнгээс харж байхад АН өнөөдрийнх шиг УИХ-д бүлэггүй суухгүй аж. Тэгэхээр эрх биш 2016 оныхоос арай олон суудал авахыг хэлсэн хэрэг байх. Харин энэ рейтингээ хадгалж үлдэх эсэх нь намын эв нэгдэл бусад үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Ажиглагчдын хувьд АН одоо намаасаа өрх тусгаарлаад буй Ж.Батзандан, Л.Болд нарыг эргүүлэн татах, Н.Алтанхуягт найр тавих, Х.Баттулгын багийн хүчийг ашиглах зэрэг ажлыг зохион байгуулах нь чухал гэдгийг онцолжээ. Тэр ч бүү хэл бусад нам эвсэлтэй хамтран сонгуульд орох нь МАН-аас бага зэрэг илүүрхэх, тэдэнтэй дөхөж очих хандлага байгааг ч дурдсан.

МАХН БУЮУ ГУРАВДАГЧДЫН АЛТАН БОЛОМЖ

Дээр дурдсан нийгмийн хандлага, судлаачдын байр сууринд догдолж суугаа нь МАХН тэргүүтэй гуравдагчид. Гэхдээ эд нар эндүүрч байна. Сонгогч олон цоо шинэ, өөр нөхцөл байдал хүсч байгаа болохоос биш МАН угшилтай Н.Энхбаяр, АН угшилтай М.Энхсайхан нарыг огт хүсээгүй гэдгийг юуны өмнө ойлгох хэрэгтэй. Энэ утгаараа гуравдагчдын орон зай тийм ч томорч харагдахгүй. МАХН хэмээх нэрийг өмчилж авчихаад Л.Цог, Н.Удвал, Ц.Оюунбаатар, Ж.Сүхбаатар гээд МАН-ын данстай хэдэн нөхөд цуглуулчихсан болохоос биш тэд бол адилхан угшил нэгтнүүд учраас сонгогчдын саналд тэгтлээ нөлөөлөхгүй. Судлаачдын үзэж байгаагаар МАХН нь өнгөрөгч 2016 оных шиг нэг суудал авахгүй, тоог нь өсгөх боломжтой гэжээ. Илүү амжилттай оролцоно гэж үзвэл МАН, АН аль нэг улс төрийн хүчинтэй сонгуульд хамтран оролцох нь чухал гэдгийг онцолсон. Судлаачдын үзэж байгаа шиг МАХН-ыг МАН хамтарна гээд очвол Н.Энхбаярыг үүдээрээ ч шагайлгахгүй. Тэгэхээр тэдэнд үлдэж буй боломж нь АН юм. Энэ хоёр хүчин нийлвэл МАН-ын саналыг хуваах замаар чамгүй амжилт үзүүлэх боломж харагдаж байгаад хамаг учир бий. Нэлээд эртнээс “АН-ын дарга С.Эрдэнэ Н.Энхбаяртай уулзсан” гэх мэдээлэл тийм ч оргүй зүйл биш. Тэгэхээр Н.Энхбаяр нар хоосон мөрөөдөлд автаж суухаар хэн нэгэнд тал тохой татсан нь хавьгүй дээр. Тэдний хувьд 2012-2016 онд Н.Алтанхуягийн тэргүүлж асан Засгийн газарт АН-тай хамтарсан туршлага ч бий, түүний амт өдгөө ч арилгаагүй байгаа нь ойлгомжтой. 

АЙСУЙ 2020 ОНД 2004 ОНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ ДАВТАГДАХ ВИЙ

Олон талын байр сууринаас харж байхад айсуй 2020 оны сонгууль 2004 оны сонгуулийн үр дүнтэй мөргөх хандлага байгаа юм. Үнэн хэрэгтээ арга мухардсан сонгогчдын саналын үр дүн л харагдаж байна гэсэн үг. Дээр дурдсанчлан судлаачид болон бусад эх сурвалжаас харж байхад сонгогч олны санал тарамдаж, нэлээд хуваагдах магадлал бий. Нөгөө талаар нөхцөл байдлыг ажигласан, дүгнэлт тандалт хийсэн, улс төрийн намууд эвсэх нэгдэх сураг ажиг ч байгаа. 2004 онд нийгмийн нөхцөл байдал өнөөдрийнхтэй тун төстэй байсныг онцлон өгүүлэх хэрэгтэй. Өнгөрөгч зууны 1996 онд АН ялалт байгуулсан ч 2000 оны сонгуулиар навс ялагдал хүлээж, өдгөөгийн МАН 72 суудал авч байв. Үүний дараагийн сонгуулиар буюу 2004 оны нөхцөл байдал АН-ыг эвсэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн юм.

Тэгэхээр өнгөрөгч 2012 оноос айсуй 2020 оны уур амьсгал 1996-2004 оны улс төр, нийгмийн нөхцөл байдлыг өөрийн эрхгүй давтах гэж байна

Ийнхүү эвссэний хүчинд тэд Засгийн газарт хамтрагч болж чадсан. Тэгэхээр өнгөрөгч 2012 оноос айсуй 2020 оны уур амьсгал 1996-2004 оны улс төр, нийгмийн нөхцөл байдлыг өөрийн эрхгүй давтах гэж байна. 2012 онд АН олонх болоогүй ч ялалт байгуулсан. Дараа нь 2016 онд МАН 2000 оны ялалтыг эргэн давтаж, 65 суудал авсан. Одоо яг энэ мөчлөг дээр зогсож байна гэхэд андуурсан хэрэг болохгүй.

“ИХ ЭВСЛИЙН” ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭРГЭН САНАХАД

Тэгэхээр эргээд онц цагийг 15 оноор ухраавал, 2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 2000 онд навс ялагдаад байсан АН “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулан сонгуульд оролцов. Үүний хүчинд тухайн үеийн МАХН, өдгөөгийн МАН-тай эн тэнцүү суудал авсан. Улмаар УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн болон МАХН-ын бүлгүүд гурван долоо хоног зөвшилцсөний эцэст Засгийн газрын бүрэлдэхүүнийг МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл 50, 50 хувиар хамтран “Их эвслийн” Засгийн газар байгуулах, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг эвсэл намууд хоёр, хоёр жилээр хаших зөвшилцөлд хүрч байсан удаатай. Гэхдээ энэ Засгийн газар тийм ч урт наслаагүй нь олон ургальч үзэл, сайдын суудалд санаархагчид дэндүү олон байсантай холбоотой. Тухайн үед АН-ын Гүйцэтгэх зөвлөл Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрыг огцруулсан тохиолдолд дараагийн байгуулагдах Засгийн газарт АН, түүний гишүүд оролцохгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргаад бай­сан­тай ч холбоотой.  Тэр ч утгаа­раа Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар унаж, МАН-аас М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсан. Үүнд М.Энхсайхан Шадар сайдаар, М.Сономпил Батлан хамгаалахын сайдаар, Ж.Наранцацралт Барил­га, хот байгуулалтын сайдаар, Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар, Б.Жаргалсайхан Үйлдвэр худал­дааны сайдаар томилогдон ажиллаж байсан нь “Их эвслийн” нэр доорхи завхарлыг харуулсан хэрэг. Энэ Засгийн газар ч урт наслаагүй унаж байсан түүхтэй.

СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС ХАРВАЛ

Энэхүү судалгааны дүн ч дээрх зүйлсийг бататгана. Улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа явуулдаг байгууллагуудын дүнгээс түүвэрлэн харвал иргэдийн 60 гаруй хувь нь аль нэг улс төрийн намд огт итгэдэггүй гэсэн бол дундажаар 10 гаруй хувь нь МАН, АН-д итгэл үзүүлж, мөн 10 хүрэхгүй хувь нь МАХН-д, 3-7 хувь нь бусад намд итгэл үзүүлж байгааг дурджээ. Нийгэм сонгогчдын 60 гаруй хувь нь аль ч улс төрийн намыг дэмждэггүй гэсэн болохоос биш гуравдагчдыг дэмжинэ гэсэн үг огт биш. Тэгвэл дээрх судалгааны байгууллагуудын нэг буюу “МЭК” компаниас ард иргэдийн дунд явуулсан сүүлийн үеийн судалгаануудыг авч үзье. Тэд Улаанбаатар хотод амьдардаг сонгуулийн насны 800 иргэний дунд түүврийн аргаар судалгаа явуулжээ. Аль ч намыг голчлон дэмждэггүй иргэд хоёр жилийн өмнө 28 хувь байсан бол өнөөгийн байдлаар огцом нэмэгдэж 70 хувийн босго даваад байна. Тэгвэл өдгөөгөөс хоёр жилийн өмнө буюу 2017 оны долоодугаар сард судлагаанд оролцсон иргэдийн 28 хувь нь нам дэмжээгүй бол 2018 оны найм, есдүгээр сард 40 хувь, 10 дугаар сард 47 хувь, 11 дүгээр сард 48 хувь, арванхоёрдугаар сард 51 хувь, 2019 оны нэгдүгээр сард 70 хувьд хүрчээ. Судалгаанаас харахад улс төрийн намд итгэх иргэдийн итгэл илт буурчээ.

“ДЭЭЛИЙН ШИНЭ, ХҮНИЙ ХУУЧИН” ГЭДЭГ Л БОЛНО

Судалгааны дүн, бусад байр суурь хэдийгээр улс төрийн намд итгэх итгэл буурсан ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Айсуй 2020 оны сонгууль болоход өнөөх л МАН, АН, МАХН, МҮАН гээд эртний танил намуудаас нэр дэвшигчид ороод ирнэ. Үүний зэрэгцээ хэн ч танихгүй намуудаас нэр нь үл мэдэх нөхөд гүйлдэнэ. Тэгэхээр сонгогч олон “Дээлийн шинэ, хүний хуучин” гээд өнөөх л МАН, АН-аасаа дугуйлахаас өөр гарцгүй болдог нь бичигдээгүй хуультай. Энэ зарчмаар л явах хандлага байна. Нийгмийн нөхцөл байдал, сонгогчдын энэ арга ядсан сонголтыг өөрчлөх замаар “Бие даан нэр дэвшигчдийн холбоо”-г байгуулан ажиллаж эхэлсэн нь сайн хэрэг ч ирээдүй харагдахгүй байна. Нийтлэлч Баабар тэргүүлэх тус холбоонд Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших хүмүүсийг тодруулах “Электорат” хөдөлгөөн байгуулаад байгаа. Айсуй 2020 оны сонгуульд бие даан нэр дэвших эрхмүүдийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилго бүхий энэ хөдөлгөөнд урлаг, утга зохиол, төр нийгмийн зүтгэлтнүүд нэгдсэн байна. Тухайлбал, нэрт зохиолч Д.Урианхай, Л.Дашням нарын хүмүүс утга зохиолын салбараас төлөөлж байгаа бол Н.Жанцанноров, Б.Долгион нар хөгжмийн ертөнцөөс, Д.Чойжамц хамба гэхэд шашнаас, улс төрөөс Ерөнхий сайд асан Д.Содном тэргүүтэй нөхөд гээд олон алдартнууд энэ хөдөлгөөнийг байгуулцан, дэмжиж байгаа аж. Үүгээрээ бол гарцаагүй нийгэмд нөлөөлж, бие даагчдад тус болохоор харагдах авч тэдний зорилго биелэх боломжгүй нь хуулиас харагдана. Энэ нөхцөл бололцоог бүлэглэл олгох ч үгүй биз.

ЭНЭ БҮГД СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨС ХАМААРАХ Ч ТЭД ӨӨРСДӨД АШИГТАЙ ХУВИЛБАР СОНГОНО

Дээрх бүх үйл явц Сонгуулийн тухай хууль хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч таарна. Гэвч олигархиуд өнгөрөгч хугацаанд Сонгуулийн хуулиа өөрсдөдөө тохируулан ээлжлэх замаар тохиролцон өөрчилж ирсэн. Энэ л хувилбараар явна. Монгол Улс гэсэн ганцхан тойрог энэ тэр бол зүгээр төөрөгдүүлж байгаа нэг хэлбэр болохоос тэд аль эрт хувилбараа сонгоод батлахад бэлдчихсэн байгаа нь дамжиггүй. Тэд Н.Энхбаяр тэргүүтэй гуравдагчдаа шахахаа мэднэ, цойлж мэдэх бие даагчдаа шахахаа мэднэ. Тэгэхээр хуулийн дагуу явж очих ганц гарц нь нам эвсэл. Энэ нь өнөөх л “Их эвслийн” хэмээх завхарсан нэгдлийг давтахаар өөр сонголтгүй болгож байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.91) 2019 оны 07 сарын 09

Цагаан хуудсаар саналаа өгсөөр байгаад Ардын Их хурлаа байгуулах хэрэгтэй

0  |  0
Tooldog hun ni MAN(108.218.234.108) 2019 оны 07 сарын 08

Ard tumen yaj ch zuv songoltoo hiisen tooldog hun ni MAN-iiin hun baival tegeed l MAN yalna shuu dee, yahav jaahan bulihaigaa nuuh geed AN-d heden suudal uguud l ahiad ihenhiig ni uuriin namdaa avna baih.

1  |  0
зочин (202.9.42.215) 2019 оны 07 сарын 09

2020 ОНЫ СОНГУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛОХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА ДАА...

2  |  0
Я (66.181.180.61) 2019 оны 07 сарын 09

МАН ГАЗРЫН ТОСНЫ УЙЛДВЭРЭЭР ШОУДАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ТЭРТУСМАА ООРСДОО УЙЛДВЭРЭЭ БАРЬЖ ЧАДДАГГУЙ ЭНЭТХЭГИЙН КОМПАНААР ХИЙЛГЭХ ЮМ БОЛ АЩИГГУЙ АЛДАГДАЛТАЙ УЙЛДВЭР БОЛНО. 100 ЖИЛ ТОЛГОЙ ОВДОХООРГУЙ ЮМ ХИЙЧИХЭЭРЭЙ

1  |  0
Sochin(66.181.161.59) 2019 оны 07 сарын 08

Songuuli gej bantan oirtsoor

0  |  0
Зочин (103.57.92.124) 2019 оны 07 сарын 08

Ёстой сайхан аятайхан аргаар ард түмний тархи угаасан нийтлэл вэ. Хол очиж хуцацгаа. Та нарыг хэнийг чинь ч сонгохгүй за. Хулгайч луйварчид аа.

0  |  0
Эрка(202.21.115.126) 2019 оны 07 сарын 09

Эрх баригчид дахиад гараад ирнэ.Ард түмэн ямарч сонголт хийгээд ялгаа байхгүй.Харин сонгуульд оролцох хэрэг байхгүй байх.Луйварын сонгуулыг өгөхгүй байх тусам эрх баригчид булхайгаа хийх арга зам хаагдах болно.

1  |  0
Top