Налайхын наадамд аймгийн начин Д.Батбаатар түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам /2019.07.06/ боллоо. Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар 256 бөх барилдаж, зургаан насны шандаст хурдан хүлгүүд хурдалж, үндэсний сур, урианхай сур, шагайн харваагаар цэц мэргэнээ сорьж, наадамчин олноо цэнгүүллээ. Налайх дүүрэг үүсэн байгуулагдсаны 97 жилийн жилийн баяр наадамд хүчит 256 бөх зодголсноос Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат "Даян" дэвжээний бөх, аймгийн начин Доржготовын Батбаатар түрүүлж, Увс аймгийн, "Увс нуур" дэвжээний бөх аймгийн арслан Навааны Хүрэлсүх үзүүрлэлээ.

Урианхай сурын харваанд 80 гаруй харваачид оролцсоноос аймгийн мэргэн Т.Одгэрэл түрүүлсэн бол үндэсний сурын харвааны тэмцээнд дархан мэргэн Ц.Хүдэрчулуун, Х.Оюунчимэг, даян мэргэн Б.Ёндон, Д.Норжмаа, С.Энхтунгалаг, улсын мэргэн М.Батгэрэл, Х.Болдбаатар, Г.Батзаяа, Б.Баярсайхан, Б.Пунсалдулам, хүндэт мэргэн Б.Жалбаа, гарамгай харваач Х.Цогбаяр, Н.Өлзийхишиг, Б.Бумцэнд, гоц харваач Д.Мөнхгэрэл, Т.Мөнхсоёл, Н.Алтансүх, Г.Ганбаатар, Н.Энхчулуун тэргүүтэй мэргэн харваачид цэц мэргэнээ сорилоо. Наадмын үеэр Бурхан халдун группын харваач спортын мастер, үндэсний сурын шилдэг харваач А.Дагзмаа аймгийн мэргэн цол, Завхан аймгийн Цагаан хайрхан сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернэйшнл багийн харваач, спортын мастер н.Цэцэгмаа нар аймгийн мэргэн цол тус тус хүртлээ.

Налайх дүүргийн 97 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны дүнг танилцуулья.

Даага:

Дааганы уралдаанд Налайх дүүргийн Мөнхбаясгалангийн даага түрүү магнайд ирж, Энхлхагвын хүрэн халзан аман хүзүүнд, Доржийн хээр морь гуравт, ИТХ-ын төлөөлөгч Ц.Минжинхүүгийн зээрд морь дөрвөөр хурдалж, ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрболын хээр морь айргийн тавд хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баясгалаа.

Шүдлэн:

Шүдлэн насны морьдын уралдаанд Налайх дүүргийн уяач Мөнх-Алдарын хул морь түрүүлж, ИТХ-ын төлөөлөгч Н.Батболдын сартай хээр морь аман хүзүүнд, Батсүхийн хээр гуравт, Б.Цэрэнбаатарын бор морь дөрөвт, ИТХ-ын төлөөлөгч Г.Баттөмөрийн хээр морь айргийн тавд хурдаллаа.

Соёолон:

Соёолон насанд Налайх дүүргийн Ганбатын хээр соёолон түрүүлж, Улаанбаатар хотын Төмөрбаатарын хээр аман хүзүүнд, Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Мөнгөнгэрэлийн зээрд гуравт, Налайх дүүргийн уяач Батмагнайгийн хонгор дөрөвт, Налайх дүүргийн уяач Адилбишийн хээр морь айргийн тавд хурдаллаа

Их нас:

Баяр наадмын их насны морьдын уралдаанд нийт 80 гаруй морьд уралдаж, Налайх дүүргийн Ганболдын саарал морь түрүү магнайд, Адилбишийн хул морь аман хүзүүнд, Төв аймгийн уяач Батбаатарын зээрд морь гуравт, Батбаатарын хээр морь дөрөвт, Батбаатарын хээр морь айргийн тавд хурдаллаа.

Азарга:

Налайх дүүргийн баяр наадмын азарганы уралдаанд ИТХ-ын төлөөлөгч Н.Батболдын хонгор азарга түрүү магнайд хурдалж, н.Энхбатын хээр азарга айргийн гуравт, н.Наранбаярын цавьдар халзан азарга айргийн дөрөвт, н.Ганбаярын борлог азарга айргийн тавд хурдаллаа.

Айргийн тавд хурдалсан морьдыг цоллож, шагналыг дүүргийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top