"Зэргэцлийн чимэг" үзмэрийг үнэ төлбөргүй толилуулна

2019 оны 07 сарын 08

Улсын их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жил, Богд хааны мэндэлсний 150 жилийн ойд зориулж Богд Хааны ордон музейд Жавзандамба хутагт наймдугаар Богд хааны “зэргэцлийн чимэг” үзэсгэлэн өнөөдөр нээлээ.

“Зэргэцлийн чимэг” гэдэг нь  Богд хааны эх ямба дэслэж зэргэцүүлшгүй, ханьцаж тэнцэшгүй гэсэн утгатай үг агаад хааны хэмжээлшгүй эрхийг илтгэнэ. Үзэсгэлэнд хааны ханьсаж тэнцэшгүй эрхийг бэлгэдэн үзүүлсэн хүрэм жанч хантааз, гадагш морилоход хааны хэрэглэх жууз ба зөөврийн түшлэг сэнтий зэрэг, Даншгийн үеэр Богдын өлмий батдахын хэрэг учирт өргөдөг эд хэрэглэлүүд, Даншгийн болон Долоон хошуу наадмын болон Хүрээ цамын зураг зэрэг нийт 40 гаруй үзмэрийг дэлгэжээ.
 

“Эдгээрээс анхдугаар богдын есөн луу хээтэй түшлэгийг үзмэрт дэлгэсэн нь он цагийн хувьд хамгийн эртний болохын хувьд үнэ цэнэтэй юм” гэж Богд хааны ордон музейн менежер Ц.Гүнчин-Иш тайлбарлалаа. Тус үзэсгэлэн энэ сарын 15 хүртэл баяр наадмыг тохиолдуулан иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Монгол улсын ууган музей нь хамгийн баялаг сан хөмрөгтэй. Тус ордон музей нь 1924 онд байгуулагдсан бөгөөд 1926 оны тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ. 1954 оноос Улсын төв музейн харьяа болж байгаад 1961 онд бие даасан музейн статустай болсон. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. 8600 гаруй үзмэртэй тус музейн анхны даргаар ажиллаж байсан С.Чулуунбаатар, түүний гэргий Д.Ундрах болон анхны албан хаагчдын түүхэн гэрэл зургийг үзмэрийн зэрэгцээ дэлгэн үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top