ОЛОН ӨНГӨ: Торгон дэвжээнд тоос татжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Монголчууд бөхөө дээдэлдгийн хувьд тэднийг муутгаж ярихад ерөнхийдөө дургүй. Гэхдээ сүүлийн үед бол эрийн муу бөх боллоо. Бөхчүүд рүү хэтэрхий замбараагүй хилэгнэдэг боллоо. Бөхчүүд өөрсдөө бүдүүн өвс байтугайд “бүдэрдэг” боллоо. Бөхийн өргөө, бөхийн гэсэн бүх юмаар “тоглодог” болжээ. Допингоос болж нэг хэсэг нь цол нэмж байна, нөгөө хэсэг нь цолоо хураалгаж байна. Допинг хэрэглэж байгаа бөхөд хариуцлага тооцохыг ямар ч хүн хоёр гараа өргөөд дэмжинэ. Гэхдээ допинг хэрэглэсэн бүх бөхчүүд тэр хариуцлагыг үүрэхгүй байгаа нь, эсвэл ижил тэгш бус шийтгэл хүлээж байгаа нь торгон ногоон дэвжээнд тоос татуулах сэдэв болж байна.

Үндсэндээ үндэсний бөхөд нүүрлэсэн допингийн маргааныг эсвэл их спортын адил хатуу болгох, нэг бол зөнд нь орхих гэсэн сонголтын аль нэгийг хийх цаг болжээ. Манай бөхийн дүрэм, баяр наадмын хууль зэрэг нь энэ хоёрын тэхий дундуур яваа. Шийтгэл, зэмлэл нь ч тэр цаг хугацаандаа гардаггүй, эсвэл өчигдрийнх шиг хоёр жилийн өмнө болсон явдалд гэнэт ямар үзэмжээр нь мэдэхгүй эрх хасах шийтгэл оноох, нэг бол хав дараад өнгөрөх зэрэг дандаа хардлага тээсэн шийдвэрүүд гарч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 10 бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдож, янз бүрийн байдлаар шийтгүүлжээ. Гэхдээ хэнийх нь эрхийг хоёр жилээр хассан, ямрынх нь эрхийг шийтгэсэн хугацаанаас өмнө шийтгэдэг, яагаад тэдэн дундаас зөвхөн нэгийнх нь цолыг хурааж байгаа вэ гэдэг үнэхээр ойлгомжгүй. Энэ тал дээр яг таг бодитой тайлбар өгөх хүн ч байдаггүй. Ерөөсөө манай бөхөд их олон зүйл ойлгомжгүй болж эхэлжээ.

Хоёрхон хоногийн дараа төрийн наадам болох гэж байна. Гэтэл бас л тодорхойгүй асуултууд байна. Допингийн шийтгэл хүлээчхээд саяхан барилдах эрхээ сэргээлгэсэн хэсэг бөхчүүд барилдах уу, эсвэл больсон уу? Хэрвээ тэднийг барилдвал бусад бөхчүүд хэлснээрээ наадамд барилдахгүй байх уу? Бүү мэд. Хэн ч мэдэхгүй байна. Яах аргагүй бөхийн торгон дэвжээнд тоос татжээ. Энэ тоосыг шүүрдэж хаях эрхгүй шаардлага ард түмэнд байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.16.89) 2019 оны 07 сарын 09

SHIIDWER NI GARCHIKHAAD BAYKHAD BUU SENSATSLAAD KHERUUL UDUUD BAY . SETGUULCH NERTEY YUM BOL ALI KHEZEENII MEDEKH YOSTOY

1  |  0
Онон(103.11.195.34) 2019 оны 07 сарын 09

Допингтой бөхчүүд улсын наадмаар барилдахгүй гэдгийг хэд хоногийн Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр зарлачихсан шүү дээ. Танай сайт яахаараа одоо болтол мэдээгүй байдаг байнаа. Мэдээллийн сайт мөн үү

1  |  0
Top