Монголын сэтгүүлчид Зүүн Азийн сэтгүүлчидтэй мэдээлэл солилцов

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Үндэсний их баяр наадмыг сурвалжлахаар гадаадын 10 гаруй агентлагийн 30 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Тэдний төлөөлөл болох Бүгд найрамдах Мьянмарын холбооны улсын Радио телевизийн орлогч захирал Ми ин Нвет, Холбооны бүгд найрамдах Бразил улсын сэтгүүлч Дуарте Кардосо Луиза, Бүгд найрамдах Индонези улсын сэтгүүлч Ахяри Хананто, Бүгд найрамдах Филиппин улсын сэтгүүлч Камино Алфред нар өнөөдөр /2019.07.09/ Монголын сэтгүүлч, уран бүтээлчидтэй дугуй ширээний уулзалт хийлээ.

Тус Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалтыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс зохион байгуулсан юм. Уулзалтыг нээж МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаатар хэлсэн үгэндээ "Эдгээр улсад хуурамч мэдээлэлтэй тэмцэх ажлыг иргэдтэй хамтран нийтээр зохион байгуулж байна. Хэрэглэгч хуурамч мэдээллийг уншихад, харахад хуурамч байх магадлалтай хэмээн дохио өгдөг эсвэл алгоритм ашиглан мэдээллийн хуурамч байх магадлалыг тогтоодог програм зохиох талаар ярьж байна. Цахим эрин үеийн онцлогоос шалтгаалсан сэтгүүл зүйн хүндрэл, бэрхшээлд бусдын тусламж маш чухал. Тиймээс бид 20 орчим хоногийн өмнө Солонгос, өнгөрсөн долоо хоногт Хятадын сэтгүүлчидтэй уулзалт зохиосон. Харин өнөөдөр Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчидтэй уулзаж байгаа бол ирэх сард ОХУ-ын сэтгүүлчидтэй уулзалт хийхээр төлөвлөж байна. Манай улсад орон орны сэтгүүлчид чуулж, өөр өөрийн орны хэвлэл мэдээллийн хөгжлийн талаар танилцуулж байгаа нь сайн хэрэг. Манай монголчууд холоос ирсэн хүний үгийг сонс гэж хэлдэг. Тийм учраас зочдодоо улс орныхоо хэвлэл мэдээллийн хөгжил, тулгамдаж байгаа асуудлын талаар ярих боломж олгож байна” гэсэн юм.

Уулзалтын хүрээнд “Цахим орчин дахь сэтгүүл зүй, сошиал хамтын ажиллагаа” сэдвээр МСНЭ-ийн Цахим бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч О.Ариунбилэг илтгэл хэлэлцүүлж, гадаадын төлөөлөгч сэтгүүлчид өөр орны сэтгүүл зүйн салбарын талаар мэдээлэл, танилцуулга хүргэлээ.

АХЯРИ ХАНАНТО: ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ХЯНАХАД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА

Бүгд найрамдах Индонези улсын сэтгүүлч Ахяри Хананто өөрийн орны сэтгүүл зүйн салбарынхаа талаар ярилаа. Ахяри Хананто “Дижитал технологи нь бидний амьдрал, хэвлэл мэдээллийн экосистемийг өөрчилдөг. Хэвлэл мэдээлэл бидэнд шинэ дуу хоолойг өгдөг. Гар утас болон онлайн мэдээлэл нь хүмүүсийг өөрчилж байна. Ямар ч төхөөрөмж дээр дурын контентыг ямар ч үед ашиглах боломжтой болсон. Иргэд биднээс илүү их мэдээллийг  хүлээж байдаг. Бид мэдээллийг хэрхэн хуваалцах вэ.

Хэвлэл мэдээллийн хөгжлийн эрин үе болж байна. Мэдээлэл хэрэглэгчдийг дахин тодорхойлохыг иргэд шаардаж, хүлээж байна. Одоо хэвлэл мэдээллийн экосистемд хамтын ажиллагаа, хамтын ажиллагааны боломжууд нээлттэй байна. Хараат бус сэтгүүл зүйг бий болгоход хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хөдөлгөөн, ТББ, судлаач, эрдэмтэн, олон нийттэй хамтран ажиллах нь чухал юм. Нийгмийн мэдээллийн хэрэгсэлд хамгийн идэвхтэй байдаг улс бол Бразил. Түүний араас Индонез, Филиппин, Колумб зэрэг орно. Зүүн Азийн хувьд хүн ам ихтэй, хэрэглээ өргөн байгаа учраас худал мэдээллийг хянахад хүндрэлтэй байна” хэмээн ярьсан юм.

Уулзалтын үеэр Латин Америкийн сэтгүүлч Дуарте Карбосо Луиза сэтгүүл зүйн мэдээллийн чанарын тухай асуудлыг хөндлөө. Мэдээллийн чанарыг сайжруулахын тулд иргэдийн мэдээллийн боловсролыг сайжруулж, их, дээд сургуулийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн тэнхимийнхэн энэ талын мэдлэгийг нийтэд түгээх нь чухал гэдгийг онцоллоо. Мөн нийгмийн сүлжээний хуурамч мэдээлэл хэт давамгайлснаар улс төрийн шийдвэр гаргах үйл явц болон сонгуульд сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай ярилаа. Индонезид интернэт хэрэглэдэг 175 сая хүн, хойд Америкт 345 сая, Баруун Европт интернэт хэрэглэгчдийн тоо 183 саяд хүрсэн байна. Интернэт хэрэглэгчдийн тоо ихсэх тусам цахим мэдээллийн аюулгүй байдал хурцаар тавигдаж буйг онцолж байна.

Гадаад орны төлөөлөгч, сэтгүүлчид уулзалтын дараа “Монгол контент” ХХК болон МҮОНРТ-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top