Мэдээлэлд залруулга хийсэн тухай

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10


Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд бага насны охин сураггүй алга болсон тухай мэдээллийг ZINDAA.MN сайт анхлан мэдээлж байсан. Ингэснээр олон нийтийн анхааралд хүргэж, эрлийн ажиллагаанд нэмэр болох үүднээс энэ сэдвийн хүрээнд сурвалжилга, мэдээ мэдээллийг бэлтгэн нийлүүлж байв. Мөн хүүхэд алга болсон гэх Жавхлант суманд очиж, охины эцэг эхтэй уулзан, орон нутгаас сурвалжилга хийж мэдээлсэн байдаг. Энэ бүх мэдээллийн зорилго нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эрлийн ажиллагаанд тус нэмэр болох, охиныг харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагад холбогдох мэдээллийг хүргэх байсан гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Энэ үеэр нийслэлийн Налайх дүүрэгт бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх этгээд саатуулагдсан. Улмаар дээрх этгээд нь Б.Ундармаа охиныг мөн хүчирхийлж, хөнөөсөн гэх мэдээллийг “ТВ-4” телевиз сошлоор шууд дамжуулан үзүүлсэн. Энэхүү мэдээллийг манай сэтгүүлч баталгаажуулж лавлах зорилгоор цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Саатуулагдсан этгээд нь Сэлэнгэ аймагт мөн хүчирхийлэл үйлдсэн тухайгаа мэдүүлсэн. Тэрбээр “Сэлэнгэ аймагт бага насны хүүхэд хүчирхийлээд хээр орхисон” гэж мэдүүлсэн. Энэ мэдээллийг нягталж шалгахаар Сэлэнгэ аймаг руу авч явсан” гэх мэдээллийг өгсөн.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн нэр бүхий иргэн Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн бөгөөд Zindaa.mn сайт хариу тайлбар хүргүүлснийгээ олон нийтэд мэдээлж байна.

1. Сэтгүүлч мэдээллээ анх бэлтгэн нийтлэхдээ өмнөх сэрэмжлүүлэг буюу эрэн сурвалжлах ажиллагаанд тустай хэмээн ашиглаж байсан Б.Ундармаа охины зурагтай зургийг хавсаргасан байсан. Уг зургийг мэдээлэл нийтлэгдсэн даруй буюу тухайн өдөр редакцийн зүгээс залруулан өөрчилж, сэтгүүлчид анхааруулга өгсөн. Үүнээс хойш буюу нийтлэгдээд тун удалгүй засвар орж, дээрх мэдээнд Б.Ундармаа охины зураг байгаагүйгээр олон нийтэд хүрсэн. Тиймээс дээрх мэдээлэлд анх ашиглагдсан зурагтай холбогдуулан хохирогчийн ар гэрээс уучлал гуйж байгааг хүлээн авна уу.

2. Үүнээс өмнөх мэдээнд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 6.2-т заасныг  баримтлан эрлийн ажиллагаанд тус нэмэр болох үүднээс зургийг нийтэлж байсан болно.

3. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Б.Ундармаа охин хүчирхийлүүлж, хөнөөгдсөн мэтээр шууд ойлгогдох гарчиг ашиглаж байсан бол манайх батлагдаж, шүүхээр эцэслэн тогтоогдоогүйг үндэслэн “Б.Ундармаа охиныг хүчирхийлсэн гэх этгээд” хэмээн гарчигтаа нийтэлсэн.

Zindaa.MN сайтын редакцийн зүгээс тухайн иргэний Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн гомдлыг хүндэтгэж байгаа бөгөөд дээрх тайлбар, залруулгыг хүргүүлж байна. Бидний зүгээс аливаа мэдээллийг эх сурвалжаар баталгаажаагүй тохиолдолд нийтлэхгүй байх, гэмт хэрэг, хүчирхийллийн мэдээллийг хэт нарийвчилж мэдээллэх, хохирогчийн хувийн мэдээллийг ил гаргаж давхар хохироохгүй байх зэрэг зарчмыг редакцдаа баримталж ажилладаг. Мөн манай редакц Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан Ёс зүйн зарчмыг редакцдаа нэвтрүүлж, ажилладаг, цаашид ч тогтмол мөрдлөг болгож ажиллахаа үүгээр уламжилж байна.

ZINDAA.MN сайтын редакц

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top