Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласан. Үүний хүрээнд ямар ажил өрнүүлж байгаа вэ?
-Энэ жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засгийн газраас баталсан. Төлөвлөгөөнд тусгаснаар нийтдээ 18 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлыг шат шатанд нь хариуцах эздийн хамт тодорхой заасан байгаа. Бид энэ хүрээнд бүртгэлийн үйлчилгээг сумдад ойртуулахын тулд сумдын иргэний бүртгэлийн ажилтнуудыг нэгдсэн сүлжээнд холбож байгаа. Өнөөдрийн байдлаар 18 сум, таван тосгоноос 14 нь бүрэн холбогдсон. Одоо есөн сумыг холбох шаардлагатай. Есөн суманд системийг нь суулгаад өгчихсөн учраас бүртгэлийнхээ ажилтнуудыг хүчин чадал сайтай компьютероор хангаарай гэдэг албан тоотыг Засаг дарга нарт нь явуулж байна. Нэгдсэн сүлжээнд холбогдсоноор иргэд сумаасаа гадаад паспортаа захиална, сумаасаа эд хөрөнгийн, иргэний бүртгэл зэрэг найман төрлийн бүртгэлийг авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл бүртгэлийн үйлчилгээ авах бүрэн боломж нээгдэж байна. Мөн цахим үйлчилгээний төвийг орон нутагт байгуулах ажлын хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг хүргэх зорилгоор И-хөтөч буюу эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтаа хийж, 60 хөтөчдөө сертификат гардуулан өглөө. Хөтөч нар маань шүүхэд нэхэмжлэл гаргах, өргөдөл гомдол бичих, зөрчигдсөн эрхээ хамгаалах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх гэх мэтчилэн анхан шатны мэдлэг мэдээллийг иргэдэд олгоно. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд E-hutuch портал цахим хуудсыг ашиглалтад оруулж, өөртөө үйлчлэх танхим бий болгож байна. Мөн Хууль зүй дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтарч E-hutuch цахим хуудсыг ашиглалтад оруулж, гар утсаараа шаардлагатай мэдээлэл, туслалцаа, зөвлөгөөг авах бүрэн боломжтой болж байна. “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд манай аймаг 2019 онд “Иргэний оролцоот Шинэ хэнтий” төслийг хэрэгжүүлэх жил болгон зарласан. 2017, 2018 онд Баян-Овоо суманд туршилтаар хэрэгжүүлсэн “Аравт” төсөл дээр суурилан хэрэгжүүллээ. Төслийн эхлэл болгож багийн дарга нарын зөвлөгөөн, аравтын ахлагч нар, чиглүүлэгчдийн сургалт, Бүх сумын дарга нарын зөвлөгөөнөө зохион байгуулж, төслийнхөө нээлтийг хийлээ. Ард иргэддээ төслөө хүргэхийн тулд сумдад хүрч ажиллалаа.
-“Иргэний оролцоот шинэ Хэнтий” төслийн хэрэгжилтийн талаар тодруулна уу. Хэчнээн аравт бий болсон бэ?
-“Иргэний оролцоот Шинэ Хэнтий” төслийн хүрээнд сумын Засаг дарга нар сум баг тус бүртээ төрийн албан хаагчдаас хөгжлийн чиглүүлэгч нарыг томилон ажиллуулах шийдвэрийг гаргаж, нийт 120 хөгжлийн чиглүүлэгч томилогдсон. Хөгжлийн чиглүүлэгч нарыг чадавхжуулах сургалтыг 2019 оны хоёрдугаар сарын 18-наас аймгийн төвд таван ээлжээр нийт 10 хоногийн хугацаанд зохион байгуулж, сумдад иргэд олон нийтийг идэвхжүүлэх, аравт хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах чадавх бүхий баг бүрдсэн. Бүх суманд аравт хэсгийн зохион байгуулалтад орж аймгийн хэмжээнд нийт 791 аравт, хэсэг, малчдын бүлэг байгуулагдаад байна. Аравт хэсгийн ахлагч нарыг томилох, зохион байгуулах ажлыг сумдын ЗДТГ зохион байгуулан ажиллаж эхэлсэн. Зохион байгуулагдсан аравт хэсгийн ахлагч нарт Орон нутгийн хөгжлийн сан, ТА-3 төсөл, ”Иргэдийн оролцоот Шинэ Хэнтий” төслийн талаар мэдээлэл өгч иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг сайжруулахад анхаарах асуудлууд болон хөгжлийн чиглүүлэгч нарын хамтын ажиллагааны талаарх сургалтыг 17 суманд зохион байгуулж, 565 хүнийг хамрууллаа. Мөн Баян-Овоо сумын Наран, Сүмбэр, Дэлгэрхаан багуудаас дөрвөн аравтын ахлагч нарыг дөрвөн ажлын хэсэгт оруулан шинээр томилогдсон аравт хэсгийн ахлагч нарт хамтран ажиллахын ач холбогдол, ажлын туршлагыг нь яриулж таниулсан нь маш үр дүнтэй арга хэмжээ болсон.
-Төслийн гол зорилго нь юу вэ. Ямар үр дүнг хүлээж байна вэ?
-Өргөн уудам нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэн, тархан суурьшсан иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах шаардлага тулгарсан. Тиймээс Баян-Овоо суманд хэрэгжүүлсэн туршлагаа үндэслэж, газар нутгийн байршил, сум орон нутгийн хөгжлийг нь харгалзан үзэж нэг багт харьяалагдан амьдарч байгаа айл өрхүүдийг 13-р зуунд Чингис хааны Их монгол улсын үеийнх шиг 10 цэрэг гаргах чадалтай 15-20 өрхийн зохион байгуулалтад оруулж “Аравт” гэж нэрлэж байна. Тухайлбал, нэг баг 200 өрхтэй байлаа гэхэд, 15-20 өрх нэг аравт гаргавал ойролцоогоор нэг багаас 14 аравт гарна. Аравтын ахлагч нартай багийн дарга тулж ажиллаад эхлэхэд төрийн үйлчилгээ иргэдэд хүрнэ гэж үзэж байгаа. Хэнтий аймагт амьдарч байгаа 78 мянган иргэн, 20 гаруй мянган өрх нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, өөрсдийнхөө эрхийг хамгаалуулдаг, мэдээллээ олж авдаг, хамтарч аж амьдралаа дээшлүүлж болдог юм аа гэдгийг харуулахыг хүсэж байна.
-Ямар үр дүн гарч байна вэ?
-Өмнө нь яг ард иргэдэд шаардлагатай оновчтой ажлыг төдийлөн зохион байгуулж чаддаггүй байсан. Шууд хэмжиж болох үр дүн бол ОНХС-д хуваарилагдсан хөрөнгийн зарцуулалтыг Аравтуудаараа хэлэлцсэний дүнд баг сумандаа тулгамдсан асуудлыг шийдвэрлээд эхэллээ. Иргэдийн идэвх оролцоо эрс нэмэгдэж байна. Анх иргэдийн оролцоо Баян-Овоо суманд 18 хувьтай байсан бол төсөл хэрэгжээд 70 хувьд хүрсэн. Бид 2019 оны эхний хагас жилд иргэдийн оролцоо хэдэн хувьтай гарсан бэ гэдэг судалгааг гаргаж байна. Энэ сарын 20 гэхэд дүн гарна. Урьдчилан тооцоолсноор Хэнтий аймгийн Иргэдийн оролцоо 60-70 хувьд хүрсэн гэдэг дүгнэлттэй байна. Иргэд оролцоотой болсноор мэдээ мэдээллийг шуурхай бодитой авч, орон нутагтаа өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажил, төсөв хөрөнгөтэй холбоотой буруу зөрүү ойлголтууд засарч байна. Би гэдэг аминч үзэл, жалга довын үзлээсээ холдож байна. Аравт дундынхаа нутаг ус, бэлчээрийн асуудал, цаашлаад баг, сумынхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байна. Хамтарч өвс хадлангаа бэлдэж, хонь малаа ноосолж, жимс ногоогоо тарьж эхэллээ. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн тус нэмрээ үзүүлж байна.
Бид аравтуудаа идэвхжүүлэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сарын нэгнээс ирэх аравдугаар сарын нэгэн хүртэлх ид ажлын үед нь дөрвөн сарын хугацаатай болзолт уралдаан зарласан. Аравтуудад багийн Иргэдийн нийтийн хуралд идэвхтэй оролцсон байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан байх, малаа тарилга туулгалтад хамруулсан байх, өвс хадлан тэжээлээ базаасан байх, тухайн Аравтаас гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй байх гэх мэтчилэн шалгууруудыг тавьж, шалгарсан аравт, аравтын ахлагч, баг, сумын Засаг дарга нарыг урамшуулахаар болсон. Энэ төсөл Хэнтий аймагт маш амжилттай хэрэгжиж байгаа. Яагаад гэхээр Их Монгол улс 13-р зуунд Хэнтий аймагт байгуулагдсан. Их монголын засаг захиргааны анхан шатны нэгжийн зохион байгуулалт нь аравт юм. Магадгүй түүхэн цаг хугацааны эргэлтэд Монголоо гэх үзэл санаа, шударга ёсны тэмцэл өрнөж, улс эх орон сэргэх үндэс суурь бэхжиж байгаа энэ цагт Хэнтий аймаг ард түмнээ нягтруулж эхэлж байгаа нь тохиолдол биш болов уу гэж хувьдаа дүгнэхэд хүргэж байна.
-Аравтын ахлагч болсноор ямар давуу талтай вэ?
-Аравтын ахлагчаа бид үнэмлэхтэй болгосон. Орон нутгийн нийтийн тээврийн унаанд 20 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчих, Чингис хотод нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх, аймгийн бүх төрийн байгууллагуудаас мэдээлэл авах болон хамтран ажиллах зорилгоор саадгүй нэвтрэх эрхтэй. Аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэхдээ дугаар дараалалгүй үйлчлүүлэх гэсэн дөрвөн төрлийн эрх олгосон. Ер нь энэ Аравтыг том зургаар нь авч үзвэл улс орноо хөгжүүлэхийн төлөө, эв нэгдэлтэй байхын төлөө Хэнтий аймгийнхан нэгдэж нягтарч оролцож эхэллээ гэдгийг батлан харуулж байгаа үйл явдал мөн.
Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 4 )
Soliorchihson uym,21 r zuund shuu,Orkuud l iim uym setgene
Амжилт хүсье. Мундаг байна
болж л байна ш дээ.
их солиор балай өөр зүйл хийгээ ч