Хонконгийн оюутны хөдөлгөөнүүдийн тэргүүн нар тус хотод үүсээд буй жагсаал цуглаантай холбоотой нөхцөл байдлын талаар хэлэлцээ хийх тухай Хонконгийн Ерөнхий захирагч Кэрри Лэмийн тавьсан саналаас хоёр дахь удаагаа татгалзлаа.
South China Morning Post сонинд мэдээлснээр, үүнээс өмнө энэ сарын 5-ны өдөр Лэм хаалттай уулзалт хийх саналыг оюутнуудад тавьсан ч тэд татгалзсан байна. Энэ удаад тус хотын гүйцэтгэх засаглалын тэргүүн оюутнуудын тавьсан шаардлагын дагуу нээлттэй уулзалт хийх санал тавьсан аж. Гэсэн хэдий ч оюутнууд саатуулагдаад буй нөхдийг нь цагаатгахаас нааш уулзалт хийхгүй байхаар шийджээ. Үүний хариуд хэргийг шалгаж дуусаагүй байхад тэднийг цагаатгах нь Хонконгийн хуулийг зөрчих тул боломжгүй гэж Лэм мэдэгдээд байгаа.
Нэг сарын өмнөөс эхлэн Хонконгд гэмт хэрэгтнийг шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан өрнөөд байгаа билээ. Сөрөг хүчнийхэн энэхүү хууль эрүүгийн болон авлигын хэрэгт холбогдогчдыг төдийгүй хүний эрхийн төлөө тэмцэгчдийг шийтгэх, ингэснээр онцгой статус бүхий тус хотын ардчилал, эрх чөлөөний эсрэг ашиглана хэмээн болгоомжилж байгаа юм. Кэрри Лэм энэхүү хуулийн төслийг хэлэлцэхгүй гэж мэдэгдсэн ч жагсагчид үүнд итгэхгүй, түүнийг огцруулахыг шаардаж эхэлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )