Хонконгийн Хятад их сургуулийн таван оюутан хоёр жилийн өмнө өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, цуглаанд оролцсоны төлөө тав хүртэлх жилийн хорих ял авчээ.
“RTHK” телевизийн мэдээлснээр, 20-23 насны жагсагчдыг их сургуулийн хотхонд өрнөсөн ширүүн мөргөлдөөний үеэр 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд саатуулжээ. Оюутнууд эсэргүүцлийн жагсаалын идэвхтэй оролцогчдын адил хар хувцас өмсөж, хамгаалалтын хэрэгсэл агссан байжээ.
2019 оны зун Хонконгт хууль зөрчигчдийг эх газрын Хятадад шилжүүлэх тухай хуулийн төсөл барьсантай холбогдуулан олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, үймээн дэгдсэн билээ. Энэ үеэр цагдаагийнхан нийт 10 мянга гаруй хэв журам зөрчигчийг саатуулсан бөгөөд ихэнх нь залуучууд байсан юм.
2020 оны зун БНХАУ-ын парламент Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль баталсан. Энэхүү хууль нь терроризм, салан тусгаарлах үзлийн заналхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн бөгөөд хууль зөрчигчид бүх насаар хүртэл хорих ял оноох заалт тусжээ.
Сэтгэгдэл ( 0 )