Хонконгийн эмнэлгийн ажилтнууд ажил хаяжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

БНХАУ-ын Хонконг тусгай захиргааны бүсийн эмч, сувилагч зэрэг эмнэлгийн олон зуун ажилтан даваа гарагт /2020.02.03/ ажил хаялт зарлажээ.

RTHK радиогийн мэдээлснээр, тэд шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтыг зогсоох үүднээс эрх баригчдаас эх газрын Хятадтай залгаа хилээ хаахыг шаардаж байна.

Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцогчид вирусээр халдварласан хүний тоо нэмэгдэх тохиолдолд Хонконгийн эмнэлгүүд ачааллаа даахгүй гэж эмээж байгаа аж. Хэрэв Хонконгийн эрх баригчид даваа гарагийн орой гэхэд тэдний шаардлагад хариу өгөхгүй бол мягмар  гарагт эмнэлгийн зургаан мянган ажилтныг эл эсэргүүцлийн арга хэмжээнд татан оролцуулах болно гэж мэдэгджээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Хонконгт шинэ төрлийн коронавирусээр халдварласан 15 тохиолдол бүртгэгдээд байна.

Коронавирустэй холбогдуулан Хонконгийн аялал жуулчлал, соёл, спортын объектууд хаагдаж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хойшлуулж, сургуулийн сурагчдын амралтыг гуравдугаар сар хүртэл сунгаад байна. Нэгдүгээр сарын 30-наас эхлэн эх газрын Хятад руу чиглэсэн төмөр зам, усан замын хөдөлгөөний түр зогсоосноос гадна Хятадын бусад хотууд руу хийж буй нислэгийн тоог хоёр дахин багасгажээ. Түүнчлэн Хятадын жуулчдад Хонконгт нэвтрэх виз олгохыг түр зогсоогоод байгаа ч хилээ бүрэн хаагаагүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top