БНХАУ-ын парламент Хонконгийн тухай хууль баталжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо өнөөдөр /2020.06.30/ Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг баталлаа гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ. Тус хууль долоодугаар сарын 1-нд буюу Хонконг Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойн өдөр хүчин төгөлдөр болно. Байнгын хорооны бүх 162 гишүүн хуулийн төслийг батлахын төлөө санал өгсөн бөгөөд Синьхуа агентлаг үдээс хойш хуулийн бүрэн эхийг нийтлэх аж.

Шинэ хууль салан тусгаарлах, алан хядах ажиллагаа, төрийн үйл ажиллагааг тасалдуулах, Хятадын эсрэг гаднын хүчнүүдтэй үгсэн хуйвалдах зэрэг Хонконгт үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдлийг урьдчилан сэргийлэх, хариуцлага хүлээлгэхэд чиглэжээ. Хуулийг ноцтой зөрчсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноох заалт орсон байх боломжтой гэж тус сонин эх сурвалж дурдан мэдээлжээ. Энэхүү хуулийн дагуу Хятадын эрх баригчид Хонконгт өнгөрсөн оны зургаадугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд эсэргүүцлийн жагсаал, үймэн самуун зохион байгуулж, улмаар тус онцгой бүсийн эдийн засагт ихээхэн хохирол учруулсан хэт даврагчдын үйл ажиллагааг таслан зогсоох боломж бүрдэж байгаа юм. Хуульд Хонконгийн нутагт дэвсгэрт тусгай хүчний байгууллага байгуулах тухай заалт оржээ. “South China Morning Post” сонины мэдээллээр, тус байгууллагыг БНХАУ-ын нийгмийн аюулгүй байдлын орлогч сайд нарын нэг нь тэргүүлэх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top