Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай зэрэгцэн Хонконгийн нийтийн номын сангаас ардчиллын төлөө тэмцэгчдийн номыг хураан авч эхэлжээ. Эдгээр ном шинэ хуулийн үзэл санаатай нийцэж буй эсэхийг шалгана гэж номын сангийн эрхлэгчид тайлбарлажээ.
“South China Morning Post” сонинд бичсэнээр, нийтийн номын сангуудаас есөн номыг хураан аваад байна. Эдгээрийн дунд ардчиллын төлөө тэмцэгч, эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдын нэг Жошуа Вонгийн “Би баатар биш”, “Би хүүхэд биш: 18 наснаас өмнө ба хойно” хоёр ном, ардчилсан үзэлтэй улстөрч Таня Чаны “Хоол, шударга ёсны эрэлд гарсан миний аялал” ном цензурт өртөөд байна. Мөн Хонконгийн улс төрийн онолч Чин Ваны зургаан номыг хураан авчээ.
Хонконгийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Тонг Ка-ва эдгээр номыг шалгахаар нийтийн номын сангаас хураан авсан нь хэн нэгний эрхийг зөрчсөн явдал биш гээд хууль зөрчихөд уриалан дуудсан номыг хураан авах нь буруу зүйл биш гэж онцолжээ.
Хонконгийн эрх зүйн тогтолцоо, хууль хэрэглэх механизмыг боловсронгуй болгох тухай хууль өнгөрсөн сарын 30-нд хүчин төгөлдөр болсон билээ. Энэхүү хуулиар үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих хүртэл ял оноох юм.
Сэтгэгдэл ( 0 )