БНХАУ тусгай албаддаа Хонконгийн үүдийг нээж, эсэргүүцлийн цуглааны давлагаанд автсан хотын нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх, “Азийн санхүүгийн нийслэл” статусыг нь булаах, БНХАУ, АНУ-ын хооронд үүсээд буй тэмцлийг хурцатгах аюултай хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүллээ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал энэхүү маргаан дагуулсан хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталсан билээ. Шинэ хууль ирэх наймдугаар сард хэрэгжиж эхлэх хүлээлттэй байна.
Эл Хонконгийн эрх зүйн тогтолцоо, хууль хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох тухай хууль Бээжинд Хонконгийн нутаг дэвсгэрт алан хядах ажиллагаа, салан тусгаарлах хөдөлгөөн, хөндлөнгийн оролцоо, нөлөө, БНХАУ-ын эрх баригчдын эсрэг өдөөн турхирах аливаа үйлдэлтэй тэмцэх өргөн хүрээний бүрэн эрх олгохоос гадна Хонконгт тусгай алба байгуулах боломжийг нээж байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео тус хот өөртөө засах эрхээ алдаж байна гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Энэ нь АНУ тус хотыг Хятадын нэгэн хэсэг гэж албан ёсоор хүлээн авах дохио байв. Тогтоол батлагдсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хонконгийн худалдааны давуу эрхийг цуцлах үүрэг өгсөн. Улмаар Хонконгт бүртгэлтэй компаниудын эрх зүйн байдалд өөрчлөлт ороход хүргэнэ.
Бидний мэдэх Хонконгийн төгсгөл
Хятадын “Крым” болсон Хонконг нь коммунист орны дэлхий рүү харах цонх, барууны загвараар бий болгосон капитализм, эрх чөлөөний нөөц юм. Тийм ч учраас Хятадын гаднын шууд хөрөнгө оруулалтын 60 орчим хувь, мөнгөн урсгалын 70 гаруй хувь Хонконгоор дамждаг. Хонконгийн хууль дүрэм, улс төрийн тогтолцоо, паспорт, хэл нь хүртэл өөр. Хараат бус шүүхийн тогтолцоо, үг хэлэх, шашин шүтэх, жагсах эрх чөлөөтэй. Хонконг нь мөн өөрийн гэсэн чөлөөтэй хөвөрдөг валют, өөрийн гэсэн хөрөнгийн бирж, бие даасан худалдааны бодлого, санхүүгийн зохицуулалттай. Хонконг нь Дэлхийн худалдааны байгууллагын бие даасан бүрэн эрхт гишүүн. Үүний ачаар Хонконг коммунист хятадын болон ардчилсан барууны гэх хоёр тэс өөр улс төрийн тогтолцоог холбодог цонх. Хятадын улс төрийн товчоо, ардын шүүхээс ч илүү мөнгө хөрөнгө, өрсөлдөөн, дарангуйллаас хамгаалдаг дүрмийн дагуу амьдардаг тус бүс энэ хоёр өөр ертөнцөд өөр хоорондоо худалдаа хийх, хөрөнгө оруулах боломж олгодог. Энэ давуу тал нь Хонконгийг Нью Йорк, Лондонгийн дараа гуравт орох дэлхийн санхүүгийн нийслэл болгож, 25 жилийн турш дэлхийн хамгийн чөлөөтэй эдийн засгаар жил бүр тодруулахад хангалттай. Гэтэл БНХАУ нь “Heritage Foundation” судалгааны төвөөс тогтоосон эдийн засгийн эрх чөлөөний рейтингээр 180 улс орноос 103-т бичигддэг. Хонконгийн дархлагдаад буй тэргүүн байр сууринд Сингапур аль хэдийн санаархаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тэдний хоорондын зай тун багассан. Хараат бус бат бөх шүүхийн тогтолцоогүйгээр Хонконг өөрийг нь санхүүгийн нийслэл болгосон тэр өвөрмөц давуу талаа алдана. Азид бага татвартай, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлсэн хот цөөнгүй бий гэж “Heritage Foundation” судалгааны төвийн шинжээч Тэрри Миллер сануулж байна. Хөрөнгө оруулагчид болон тэдний хөрөнгийг хамгаалах тал дээр асуудал үүсвэл олон улсын бизнес Хонконгоос гарч эхэлнэ. Ингэснээр тус хотын эдийн засаг хүнд цохилтод орж, Хятад улсыг барууны ертөнцөд рүү нэвтрүүлдэг онцгой санхүүгийн цонх хаагдахад хүргэнэ гэж тэрбээр онцолжээ. Харин Хятад улс энэ цонхыг аль эртнээс хаахыг хүссэн ч гарах үр дагавраас зайлсхийж байсан. Нэг талаас харь сэтгэлгээний “буглааг” шахахыг тэсэж яддаг ч нөгөө талаас барууны хөрөнгө оруулалтыг алдахаас эмээж байв. Хэрэв АНУ цонхны цаанаас нүдэж эхэлбэл Бээжин сонголтоо хийж, Хонконгийн хувь заяа шийдэгдэх болно. Өнгөрсөн онд худалдааны дайн ид өрнөх үед асуудал яг ийм байдлаар шийдэгдэхийн ирмэгт тулж ирсэн. Азаар Вашингтон заналхийллээр хязгаарлагдаж, тус хотыг өөртөө засах статустай нь үлдээсэн. Хэрэв Хонконг одоо статусаа алдвал техникийн хувьд Хятад болж хувирна. Өөрөөр хэлбэл, энд худалдааны тариф, технологи шилжүүлэх хориг, барууны хөрөнгө оруулалт зэрэг бүхий л хязгаарлалт үйлчилж эхэлнэ гэсэн үг. Хонконг ялагдал хүлээвэл эх газрын Хятад ялалт байгуулна гэж найдаж байна. Учир нь сонголтгүй болсон хөрөнгө оруулагчид тус улсын эдийн засаг руу шууд хөрөнгө оруулалтаа татаж, улмаар коммунист загварыг дэлхийн нийтийн нүдний өмнө хуульчилна гэсэн үг.
Засгийн газрын хүсэл
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын чуулганы нээлт дээр хэсэг депутат шинэ хуулийн төслийг даруй батлахын төлөө байр сууриа илэрхийлж байв. Хонконг Их Британиас Хятадад шилжээд 20 гаруй жил болж байгаа ч холбогдох хууль өнөө хэр гараагүй байгааг БХАТХ-ын Байнгын хорооны орлогч дарга Ван Чэн төслийг танилцуулахдаа онцлон тэмдэглэсэн. Тэрбээр Хонконг дахь нөхцөл байдлыг тусгаар тогтнолыг дэмжигчдийн зүгээс дэгдээж буй хятадын эсрэг самуун гэж нэрлээд жагсагчид төрийн бэлгэдэлд хохирол учруулж, Төрийн зөвлөлийн үйл ажиллагаанд саад учруулахыг завдсаныг сануулав.
Жагсагчдын үйлдэл Хятадын үндэсний эрх ашигт заналхийлж байна гэж Хятадын дипломатч асан, Бээжингийн талыг баримтлагч Виктор Гао үзэж байна. Тэрбээр ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа Хонконгт Үндсэн хуулийг үл хүндэтгэсэн, “нэг улс, хоёр систем” зарчмыг зөрчсөн, ямар ч эргэлзээгүй Хятадын үндэсний эрх ашигт заналхийлсэн улс төрийн хүчнүүд идэвхэжсэн нь сүүлийн хэдэн жил илт болсон гэж мэдэгдэж байсан билээ.
Дайны хоёрдугаар фронт
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хоёр улсын худалдааны алдагдлыг бууруулах зорилгоор Хятад улстай дэгдээсэн худалдааны дайнд Хонконгийн эдийн засаг өртөөд байна. Худалдааны алдагдал эсрэгээр өссөн ч дайны төгсгөл харагдахгүй л байна. АНУ Хонконгийг Хятадаас тусад нь худалдааны түншийн хувиар авч үздэг тул энэ тулаанд онцгой бүс шууд оролцоогүй. Хонконг нь Дэлхийн худалдааны байгууллагын бие даасан гишүүн төдийгүй хоёр талын харилцаа нь Хонконг Хятад улсад шилжихээс таван жилийн өмнө буюу 1992 онд АНУ-ын Конгрессын баталсан тусгай хуулиар баталгаажсан байдаг. Тиймээс АНУ-аас Хятадын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан гаалийн татвар Хонконгт үйлчилдэггүй. Зөвхөн энэ ч биш хөрөнгө, технологи шилжүүлэх зэрэг бусад хязгаарлалт Хонконгийг тойрон гардаг. Гэсэн ч Хонконг дайнд өртсөн. Хонконгоор дамжих мөнгөн урсгал багасаж, барууны компаниуд өөрийн бизнесээ Хятадаас татан бусад улс орнууд руу шилжүүлж, хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж буй. Хэрэв жагсаал цуглаанд автсан Хонконгийн гудамжаар Хятадын танк орж ирвэл Хонконг дайны хоёрдугаар фронт болж болзошгүй.
АНУ-ын Конгресст онцгой бүсийн худалдааны болон эдийн засгийг давуу эрхийг цуцлах хуулийн төсөл бэлэн бий. Хонконг дахь эрх чөлөөг дарснаар энэ хууль батлагдах магадлалыг нэмэгдүүлж, Цагаан ордны тэргүүнд Хятад төдийгүй АНУ-д хохирол учруулж буй гаалийн татварыг бууруулах боломж олгохгүй. Чөлөөт ертөнцийн манлайлагчийн дүрд горилж буй улсын хувьд дарангуйлагчид худалдааны буулт хийхэд бэрх.
Сэтгэгдэл ( 6 )
Аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл үр дүн эсрэг гарна гэж
11111¹
11111¹
Kinonii zurag bitgii tavildaa yadaj
Chadahgui ee hervee Amerikiin yavuulgaar boslogo gargaval bugdiin ustgah heregtei
Хятад өөрийн асуудлаа яаж шийдэх нь хэнд хамаатай юм бэ?