БНХАУ АНУ Хонконгийн талаар хууль баталсны хариуд тус улсын хэд хэдэн төрийн бус байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авч байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинг даваа гарагт /2019.12.02/ мэдэгджээ.
Хятад улсын эсэргүүцлийг үл харгалзан АНУ Хонконг дахь хүний эрх, ардчиллыг хамгаалах тухай хуулийг баталснаар олон улсын эрх зүй, олон улсын харилцааны хэм хэмжээг ноцтой зөрчин, БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцов. Үүний хариуд Бээжин АНУ-ын Ардчиллын үндэсний хүрээлэн /NDI/, Хүний эрхийг хамгаалах байгууллага /HRW/, “Freedom House” зэрэг төрийн бус байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэр гаргалаа гэж мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ы Ерөнхийлөгч Доналд Трамп Хонконг дахь хүний эрх, ардчиллыг хамгаалах тухай хууль болон Хонконгт цагдаагийн тусгай тоноглол, хэрэгслийг нийлүүлэхийг хориглох тухай хуульд гарын үсэг зурсан билээ.
Хятадын тусгай захиргааны бүсэд өнгөрсөн ням гарагт жагсаал үргэлжилж, цагдаа, жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн боллоо. Сүүлийн зургаан сар үргэлжилж буй эмх замбараагүй байдлаас үүдэн Хонконгийн төсөв сүүлийн 15 жилд анх удаа алдагдалтай гарчээ. Хамгийн сүүлийн удаа буюу 2003 онд 300 хүний амийг авч одсон Sars томуу дэлгэрснээс үүдэн тус бүсийн төсөв алдагдалд хүрч байсан билээ.
Хонконгт үүсээд буй нөхцөл байдлын улмаас тус бүсийн оршин суугчид Тайван руу олон тоогоор шилжин суурьших болсон байна. Эхний есөн сарын байдлаар дөрвөн мянган гаруй хүн Тайванд түр болон байнгын оршин суух эрх авсан бол Тайванд оруулсан Хонконгийн хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )