Хонконгийн цагдаа нар хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалын нэг жилийн ойтой холбогдуулан зохион байгуулсан жагсаалд оролцсон 53 хүнийг саатуулжээ.
Тэднийг хууль бус цуглаан хийсэн, оролцсон зэрэг зөрчлийн хэрэгт буруутгаж буй гэнэ. Жагсагчид мягмар гарагийн орой орон нутгийн цагаар 18.00 цагт Хонконгийн төвийн Чатер Гарден цэцэрлэгт хүрээлэнд цугларч, зам хааж, нийгмийн хэв журмыг алдагдуулсан байна. Хууль хүчнийхэн жагсагчдыг тараах зорилгоор чинжүүт хий ашиглажээ.
Хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийн төсөл хэлэлцэхийг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал цуглаан 2019 оны зургаадугаар сараас эхлэн Хонконгт өрнөсөн билээ. Олныг хамарсан жагсаал өрнөсний дараа Хонконгийн эрх баригчид буулт хийж, өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр хуулийн төслийг эргүүлэн татсан. Гэсэн хэдий ч эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилж, сүүлдээ эмх замбараагүй байдал, үймэн самуун болж хувирсан. Хагас жилийн хугацаанд Хонконгт нийт 900 гаруй жагсаал цуглаан болжээ.
Сэтгэгдэл ( 0 )