Хятад бүрэн эрхэнд нь заналхийлсэн улсыг “нүдгүй” болгоно гэж сүрдүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19


Хонконгийн хэрэг нь зөвхөн Хятад улсын дотоодын хэрэг бөгөөд “Таван нүд” тагнуулын эвслийн орнууд БНХАУ-ын бүрэн эрх, аюулгүй байдалд заналхийлэх аваас “сохрох” эрсдэлийг бий болгож байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лицянь мэдэгджээ.

“Таван нүд” эвслийн гишүүн болох Австрали, Шинэ Зеланд, Их Британи, Канад, АНУ-ын гадаад хэргийн яамдын тэргүүнүүд Хятад улсын эрх баригчдад хандан Хонконгийн хууль тогтоогчдын бүрэн эрхийг цуцлах бодлогоо эргэн харахыг уриалсан юм. Эдгээр таван улс тагнуулын мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах зорилгоор “Таван нүд” эвслийг байгуулсан юм.

“Тэд тав, арван нүдтэйгээс үл хамааран Хятад улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал болон хөгжлийн эрх ашигт хохирол учруулахыг зориглох аваас нүдээ сохрохоос болгоомжлох хэрэгтэй” гэж Хятадын дипломатч мэдэгдсэн байна. Хятад улс тухайн улс орнууд олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчин, Хятадын дотоод хэрэг болох Хонконгийн асуудлаар хариуцлагагүй тайлбар хийж буйг хүчтэй эсэргүүцэн, эгдүүцэж байна гэж Лицянь онцолжээ.

Top