Хонконг дахь эмх замбараагүй байдалд цэг тавихыг үүрэг болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Хонконг дахь эмх замбараагүй байдалд цэг тавихыг үүрэг болгожээ
 
Хонконгийн эрх баригчид тусгай захиргааны бүсэд хагас жилийн өмнөөс үүсээд буй эмх замбараагүй байдалд цэг тавьж, хүн амын нийгмийн асуудлыг шийдэх ёстой хэмээн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Хонконгийн захирагч Кэрри Лэмийг даваа гарагт /2019.12.16/ хүлээн авч уулзах үеэр үүрэг болгожээ.

Ли Көцян Хонконгийн нийгэмд гүнзгийрээд буй нийгмийн шинж чанартай асуудлуудыг нухацтай судлах, урт хугацааны хөгжил, тогтвортой байдлыг хангах шаардлагатай хэмээн онцлоод Хонконгийн эдийн засаг хямарч, олон салбар цохилтод ороод байна хэмээжээ. Тус хот урьд өмнө байгаагүй ноцтой, хүнд нөхцөл байдалтай нүүр тулаад байна гэж Ли Көцян дурдаад Кэрри Лэмийн засаг захиргаа энэхүү сорилтод нэр төртэй хариу барьсан хэмээн үнэлжээ.

Кэрри Лэм БНХАУ-ын төв Засгийн газарт тусгай захиргааны бүсэд үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулах зорилгоор Бээжинд ажлын айлчлал хийж байна. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мөн бараалхах юм.

Өнгөрсөн зургаадугаар сарын эхээр хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн олныг хамарсан жагсаал цуглааны давлагаа эхэлсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сард Хонконгийн захиргаа буулт хийж,  хуулийн төслийг эргүүлэн татсан. Гэсэн хэдий ч жагсаал цуглаан зогсоогүйгээр барахгүй үймээн самуун болж хувирсан. Сүүлийн хагас жилийн хугацаанд Хонконгт нийт 900 гаруй жагсаал цуглаан болж, 5.8 мянга гаруй хүнийг баривчилж, 932 жагсагчийн эсрэг янз бүрийн заалтаар хэрэг үүсгээд байна.

                                                                

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(103.9.89.18) 2019 оны 12 сарын 17

Одоо л дуусгах нь дээ. Олон хүний амь нас хөөрхий болно доо

0  |  0
Top