БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал /БХАТХ/ Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталжээ.
Хонконгийн тусгай захиргааны бүсэд үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоо, хууль хэрэгжүүлэх механизмыг бий болгох, боловсронгуй болгох тухай шийдвэрийн тухай санал хураалт БХАТХ-ын ээлжит чуулганы хуралдааны сүүлчийн өдөр болжээ. Тогтоолыг батлахын төлөө 2878 депутат саналаа өгсөн бол нэг гишүүн татгалзаж, 6 хууль тогтоогч түдгэлзжээ. Тогтоол ёсоор БХАТХ-ын байнгын хороо Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулах юм. “South China Morning Post” сонинд өмнө нь мэдээлснээр, БХАТХ-ын байнгын хороо хуулийн төслийг хоёр долоо хоногийн дотор боловсруулж батлах боломжтой. Өөрөөр хэлбэл эл хууль ирэх наймдугаар сард хүчин төгөлдөр болох магадлалтай.
Тус бүсийн “бичил” үндсэн хууль гэгддэг Хонконгийн тухай Үндсэн хуулиар тус бүс үндэсний аюулгүй байдлын тухай өөрийн хуулийн батлах эрхтэй ч хөндлөнгийн оролцоо, хүчирхийлэл дагуулсан эсэргүүцлийн жагсаал цуглаанаас үүдэн Бээжин өөрөө энэхүү хуулийг батлахаар зорьж байна. Тус сонинд бичсэнээр, тус хууль онцгой бүсийн засгийн газраас тусгаар байдлыг хамгаалах шинэ институцийг байгуулахыг шаардаж, эх газрын Хятадын холбогдох яамдад шаардлагатай тохиолдолд Хонконгт ажиллах эрхийг олгоно. Нээлттэй шүүх хуралдаан Хонконгийн газар нутагт болохоор заасан бөгөөд хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх заалт орохгүй гэнэ. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лэм энэхүү хууль Хонконгийн оршин суугчдын эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй гэж мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тус хуулийн төслийн хэлэлцэхтэй зэрэгцэн Хонконгт эсэргүүцлийн жагсаал, цуглаан дахин сэргээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )