АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээгээ сэргээлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

 

АНУ, БНХАУ худалдааны маргааныг шийдвэрлэх зөвлөгөөнөө дахин сэргээжээ. АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, сангийн сайд Стивен Мнучин нар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ, Худалдааны сайд Жун Шаньтай хэлэлцээ хийлээ гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Талууд хэлэлцээг хуваарийг дагуу явуулна гэж АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэн ч чухам ямар асуудлыг хэлэлцэхийг тодруулаагүй байна.

Блумберг агентлаг тус зөвлөгөөнийг утсаар хийсэн гэж мэдээлсэн бол South China Morning Post сонин АНУ-ын төлөөлөгчид худалдааны хэлэлцээ хийхээр Бээжинд хүрэлцэн ирнэ гэж мэдээлж байсан.

Өнгөрсөн сарын 28, 29-нд Японы Осака хотноо болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр талын худалдааны хэлэлцээг сэргээх тохиролцоонд хүрсэн юм. Цагаан ордны тэргүүн Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмж татвар ногдуулахгүйгээс гадна Huawei компанийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлэх амлалт өгсөн бол Хятадын тал АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top