АНУ, БНХАУ дэвшилд хүрч чадсангүй

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

БНХАУ, АНУ-ын дэд сайдын түвшний уулзалтын үеэр талууд худалдааны яриа хэлэлцээний гол гол асуудлаар дэвшилд хүрч чадаагүй гэж South China Morning сонин мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид Вашингтонд хоёр хоног хийхээр төлөвлөсөн хэлэлцээний эхний өдрийн дараа эх орондоо буцахаар болжээ. Энэхүү бэлтгэл  хэлэлцээний үеэр Хятадын тал технологи шилжүүлэх болон Хятадын компаниудад төрийн зүгээс дотац өгч буй асуудлыг хэлэлцэхээс татгалзсан байна. Хэдийгээр эдгээр асуудал АНУ-ын талын гол анхаарлыг татаж байсан ч хэлэлцээний ихэнх хугацаанд талууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт, оюуны өмчийг хамгаалах талаар хэлэлцсэн байна.

Хятадын тал АНУ-г татварыг нэмэгдүүлэхийг зогсоох боломжийг судлахыг ятгаж чадаагүй байна.

АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээний 13-р үе Вашингтонд энэ сарын 10-нд эхлэх хуваарьтай буй.

Доналд Трампын засаг захиргаа Хятад улстай валютын хэлэлцээр байгуулах боломжийг судалж буй тухай Блүмберг агентлаг мэдээлсэн байна. Ингэснээр тус хоёр улс оюуны өмч, технологи шилжүүлэх зэрэг гол асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжтой гэж Цагаан ордон үзэж байна.

Доналд Трампын засаг захиргаа мөн хэд хэдэн компанид Хятадын “Huawei” компанид бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрөл олгохоор зэхэж байна гэж New York Times мэдээлжээ. Ингэснээр тус хоёр улсын худалдаа, эдийн засгийн яриа хэлэлцээг урагшлуулахад дөхөмтэй гэж АНУ үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top