Дэлхийн худалдаанд дангаар ноёрхох бодлого давамгайлбал бүх улсад хохиролтой гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 22

 

Дэлхийн худалдаанд дангаар ноёрхох болон айлган сүрдүүлэх бодлого давамгайлбал олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн бүх улсад хохиролтой байх юм гэж БНХАУ-ын Худалдааны сайд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлогыг тайлбарлахдаа мэдэгджээ.

“Аль нэг талын дангаар авч хэрэгжүүлсэн үйлдэл, дотоодын зах зээлийг хамгаалах бодлогын үр дагавраас хэн ч зайлсхийж чадахгүй. Дэлхийн худалдаанд хүчтэй нь хүчгүйгээ ангуучилдаг ширэнгэн ойн хууль эргээд үйлчилж эхэлмэгц бүх улс хохирогч болно” гэж Хятадын худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна. “Аль нэг улстай Хятадын ашиг сонирхолд хохиролтой хэлэлцээр байгуулахыг БНХАУ-ын эрх баригчид эрс эсэргүүцэж байгаа бөгөөд ийм нөхцөл үүссэн тохиолдолд БНХАУ хэзээ ч эвлэрэхгүй, хатуу хариу арга хэмжээ авна. БНХАУ-ын эрх баригчид бүх талтай эв нэгдэл, уялдаа холбоогоо бэхжүүлж, нэг талын сүрдүүлэгт хамтран хариулна” гэж уг мэдэгдэлд онцолжээ.

 

АНУ-ын тарифын бодлогын асуудлаар бүх улс шударга ёсны талд зогсох ёстой, бусдын ашиг сонирхлыг золиослон зөвхөн өөрт ашигтайгаар тарифаас чөлөөлөгдөхийг эрмэлзэх нь алсдаа хортой гэж Хятадын тал үзэж байгаа аж. Хятадтай худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоогоо хязгаарлах замаар АНУ-ын гаалийн татварыг бууруулах тохиролцоонд хүрэх нь ашигтай гэдэгт бусад улсад АНУ-ын засаг захиргаа итгүүлэхийг эрмэлзэж байгаа тухай The Wall Street Journal сонин дөрөвдүгээр сарын 15-нд мэдээлсэн юм.

Хятадын компаниуд нутаг дэвсгэрт нь байрлаж, бараагаа дамжуулан нийлүүлэхийг хориглох хэрэгтэй гэж АНУ-ын засаг захиргаа 70 гаруй улсыг ятгахаар төлөвлөж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu