Шанхай хотноо болсон АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит буюу 12 дахь удаагийн яриа хэлэлцээ жил үргэлжилж байгаа худалдааны маргааныг эцэслэх тал дээр мэдэгдэхүйц дэвшилд хүрч чадсангүй.
Яриа хэлэлцээнд АНУ-ын талаас Сангийн сайд Стивен Мнучин, худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол Хятадын талаас Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
АНУ-ын төлөөлөгчид Шанхай хотноо хүрэлцэн ирсэн орой нь Fairmont Peace зочид буудалд талууд хүндэтгэлийн зоог барьжээ. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твиттер хуудсаар дамжуулан Хятад улс АНУ-ын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, АНУ-ыг “шулсан” хэвээр байна гэх утгатай хатуу үгс чулуудан, хэд хэдэн удаа жиргэв.
Үүний хариуд Хятадын Коммунист намын төв хэвлэл болох “The People’s Daily” Хятад улсад АНУ-ыг “шулах” шалтаг байхгүй, хэзээ ч тэгж байгаагүй хэмээн онцлоод Хятад улс худалдааны талаар баримталдаг зарчмаасаа ухрахгүй хэмээн бичив.
Гурван сар завсарласны эцэст дахин сэргэж буй хоёр улсын худалдааны яриа хэлэлцээ амжилтад хүрнэ гэсэн хүлээлт бага байв. Талууд гурван сарын өмнө худалдааны гэрээ байгуулах хүчин чармайлтыг үгүй хийж байна гэж бие биеэ шүүмжилж байсан тэр үеэс ч илүү хөндийрчээ гэж Блумберг агентлаг яриа хэлэлцээний уур амьсгалыг дүгнэжээ.
“Энэ удаагийн яриа хэлэлцээгээр АНУ-ын эрх баригчид Бээжин АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авч эхэлнэ гэсэн хүлээлттэй байсан ч Хятадын тал энэ чиглэлээр ямар нэгэн алхам хийх ямар ч шинжгүй байна. Хятадын энэ байдал асуудал үүсгэдэг, тэд амлалтаа биелүүлдэггүй”, гэж Цагаан ордны тэргүүн жиргэсэн. Шинжээчид Трампын энэ жиргээ Вашингтон, Бээжингийн тэртээ тэргүй хурцдаад буй харилцааг зөөлрүүлэхгүй гэж болгоомжилсон бол “The People’s Daily” сонин Трампын нэрийг заалгүйгээр “Зарим Америкчууд гол аялгууг тасалдуулан хажууд бөмбөр нүдэж эхэллээ” гэж хариу барьсан.
Трампын жиргээнээс үзвэл тэр худалдааны гэрээг байгуулах туйлын хүсэлтэй байгаа нь түүний сул талыг харуулж байна гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн Шанхайд болсон ээлжит уулзалтаас өмнө Трамп Дэлхийн худалдааны байгууллага дахь Хятадын хөгжиж буй улс гэх статусыг өөрчлөх ёстой гэж сүрдүүлж байсан нь ч үүнийг илтгэв.
Хэдийгээр тодорхой дэвшилд хүрээгүй ч яриа хэлэлцээг эхлүүлнэ гэдэг нь сайны дохио юм. Мөн Шанхайн уулзалт богино хугацаанд болсон нь анхаарал татаж, судлууштай уулзалт болжээ гэж дүгнэж болох юм гэж Вашингтон дахь Global Taiwan хүрээлэнгийн судлаач Майкл Коул үзэж байна.
Худалдааны гэрээг хойшлуулах нь хэнд ашигтай вэ?
Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордны тэргүүн Доналд Трамп Бээжин 2020 оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөртөл гэрээ байгуулах үйл явцыг хойшлуулахыг хүсэж байна гээд Бээжин өөрт ашигтай гэрээ байгуулахын тулд Ардчилсан намын нэр дэвшигч сонгуульд ялахыг хүсэж байгаа гэж мэдэгдсэн. “American Enterprise” хүрээлэнгийн судлаач Дерек Сисорсын үзэж буйгаар Трампт гэрээ байгуулах үйл явцыг түргэтгэх нь улс төрийн хувьд ашиггүй. Сайн биш гэрээг би сайн гэрээ хийлээ гэж тэр жиргэхийг хэзээ ч хүсэхгүй. Тиймээс АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ сонгууль болтол тодорхой үр дүнд хүрэхгүй л болов уу.
Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мөн энэ удаагийн яриа хэлэлцээ дэвшилд хүрнэ гэх найдвар тавиагүй.
Худалдааны дайны хэлбэрээр тус хоёр улсын хоорондын өрсөлдөөн тодоор илэрч, хоёр улсаас “шалгалт” авч байна. Ойрын хугацаанд хоёр улсын харилцаа хэвийн байдалд орж, сайжрах боломж бараг үгүй гэж аль аль тал нь хүлээн зөвшөөрөөд байгаа.
Талууд хэзээ худалдааны гэрээ байгуулж чадах вэ? Худалдааны яриа хэлэлцээ урт хугацаанд үргэлжлэх нь л тодорхой байна. Хятадын хэвлэл мэдээлэл АНУ-ын талын болон шинжээчдийн дүгнэлтэд ихээхэн анхаарал хандуулж байв. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын сангийн сайд Мнучин талууд олон асуудал дээр ажиллах ёстой учир Шанхайн яриа хэлэлцээ Вашингтонд үргэлжилнэ гэсэн. Шанхайн тунхаглал, түүний агуулж буй бэлгэдэл Хятадын талд ихээхэн ач холбогдолтой тул Шанхай хотод яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг хүссэн гэж тэрбээр яриа хэлэлцээ болох газрыг хэрхэн сонгосон талаар тайлбарласан. 1972 онд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Ричард Нискон Хятад улсад айлчлахдаа АНУ-ын төлөөлөгчдийн буудалласан Xijiao State Guest зочид буудалд байрлаж, Шанхайн тунхаглал гарын үсэг зурж, Бээжин, Вашингтоны хооронд дипломат харилцаа тогтоох үндэс суурийг тавьж байсан түүхтэй. Гэхдээ Хятадын тал худалдааны яриа хэлэлцээг хийх газрыг энэ бэлгэдлийг бодож сонгосон гэж албан ёсоор тодруулаагүй. Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фенг уулзалтыг Шанхай хот нь худалдааны яриа хэлэлцээ хийхэд тохиромжтой нөхцөлтэй учир тус хотыг сонгосон гэж тайлбарлаж байв.
Хятад улс АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авах шийдвэрийг бизнес эрхлэгч, хувь хүмүүс гаргасан гэж Гао Фенг мэдэгдсэн ч шинжээчид үүнийг Бээжин, Вашингтоны уулзалтын “замыг засах” арга хэмээн үзэж байв.
Хятадын хэд хэдэн компаниуд АНУ-аас их хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох сонирхлоо илэрхийлж, Бээжингийн зүгээс гаалийн татвараас чөлөөлөх хүсэлт тавьсан гэж Хятадын төрийн хэвлэлүүд бичиж байв.
“Economic Daily” сонин мөн адил худалдааны яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэхгүй хэмээн болгоомжилж байсан бөгөөд Хятад улс АНУ-ын шахалт, дарамтад орохгүй тул Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан гаалийн татварыг цуцлахыг Вашингтонд уриалж байв. Вашингтон өөрийн шаардлага, байр сууриа өөрчилтөл худалдааны яриа хэлэлцээг хэдэн удаа ч явуулсан ч, яриа хэлэлцээнд хэдэн ч жил зарцуулсан ч нөхцөл байдал сайжрахгүй гэж тус сонинд онцолсон байна.
Ийнхүү удаан хүлээсэн ч бага хүлээлттэй байсан Шанхайн яриа хэлэлцээ нөхцөл байдлыг судалж, худалдааны яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэх эхлэлийг тавив.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913