Хуушуур хийх зөвшөөрлөөр СОГТУУРУУЛАХ УНДАА зарж байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 12

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэнд байнгын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байгаа юм. Энэ талаар НМХГ-ын Улсын ахлах байцаагч Н.Одончимэгээс тодрууллаа.

-НМХГ-аас баяр наадмын үеэр хэдэн байцаагч ажиллаж байна вэ?

-Төв цэнгэлдэх хүрээлэн,  Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт 400 улсын байцаагч байнгын урьдчилан сэргийлэх шалгалт хийж ажиллалаа. 

-Төв цэнгэлдэх хүрээлэнд хэдэн байцаагч ажиллав?

-НМХГ-аас Төв Цэнгэлдэхийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 400 ААНБ, иргэдийн үйл ажиллагаанд 63 улсын ахлах байцаагч, ажилтан хяналт тавьж ажилласан. 

-Хяналт шалгалтаар ихэвчлэн ямар зөрчил, дутагдал илэрч байна вэ?

-16:00 цагийн байдлаар зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаа хийж байсан есөн иргэний үйл ажиллагааг зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, дэвтэргүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглож, Сүхбаатар дүүргийн Азийн Алтан Гүүр ХХК-ийн 47 дугаар павилоны муудсан таван килограмм хонины махыг хурааж устган, долоон ААНБ, хоёр иргэний цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдлыг хангуулж, нэг иргэний ашиглалтын шаардлага хангахгүй цахилгааны утсыг хурааж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн иргэн Д-ийн эвдэрсэн тоглоомон усан завь, үсэрдэг резинин тоглоомын үйлчилгээг, Сүхбаатар дүүргийн иргэн С нь айраг худалдах зөвшөөрөлтэй,  зөвшөөрөлд заагдаагүй адууны мах, гэдэс худалдаалж байгааг хориглосон.

-Хүй долоо худагт зөрчил хэр гарав?

-Хүй долоо худагт 16:00 цагийн байдлаар зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан зургаан иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хуурамч дэвтэртэй таван ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглолоо. Хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж согтууруулах ундаа зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн 32 ширхэг архи, 25 ширхэг пиво хураан авлаа. Нэг ААН хоносон 85 хуушуур худалдаалах гэж байсныг газар дээр нь устгалд орууллаа. 17 ААН ил задгай гал түлж үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоосон. 0.0035мм-ээс доош 414 ширхэг нийлэг гялгар уутыг хураан авлаа.Хуушуур хийхээр бэлдсэн 12 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны гурван дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаад байна. Мөн 10,9 килограмм хуршиж, хальс нь ногоорсон махыг хураан устгаж, таван ААН-ын цахилгаан оруулгын утсыг хамгаалалтын хоолойд сүвлүүлж дамжуулах утасны аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top