Тарваганы махыг  хүнсний болон эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь эрсдэлтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 14

Баян-Өлгий аймагт хоёр хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй мэдээлэл сошиал орчинд гараад байсан. Тэгвэл эдгээр иргэдээс авсан шинжилгээний хариугаар тарваган тахал биш болохыг тогтоожээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Алтай Таван богд ууланд амрахаар зорьж явсан иргэн Ц нь Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг Д-гийнд зочлох үеэрээ чанасан тарваганы мах авчирч өгчээ.

2019 оны долоодугаар сарын 7-ны 23.30 минутын үед тарваганы мах идсэн өгүүлэмжтэй, бөөлжих, толгой өвдөх, дотор муухайрсан гэсэн зовиуртай иргэн Д нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Эмч нар тархвар судлалын өгүүлэмж, илэрсэн зовиурыг үндэслэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гэж үзэж,  нэгдүгээр хавьтлуудыг илрүүлэн тусгаарлах арга хэмжээ авч, онош батлах зорилгоор Зоонозын өвчин судлалын төвийн эмч нар тухайн иргэдээс цусны болон хөөмийн арчдасын шинжилгээ авсан байна.

Лабораторийн шинжилгээний хариугаар полимеразийн гинжин урвалаар бүх сорьцууд сөрөг буюу тарваган тахлын ДНХ илрээгүй тул 2019 оны долоодугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хуралдаж хорио цээрийн хэсэгчилсэн дэглэмийг цуцлах шийдвэр гаргажээ. Иймд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шинжилгээний хариу гараагүй байгаа үед олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс мэдэгдлээ.  

Мөн хууль бусаар тарвага агнаж хүнсний болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж өөрт болон бусдад эрсдэл учруулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top