“Ацаг шүдний зөрүү”, “Харуул занги” зэрэг олон арван тайз, дэлгэцийн бүтээлийг чадварлаг амилуулж, драмын урлагт 42 жил тасралтгүй зүтгэсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сүхбаатарыг уншигч олноо уулзуулж байна. Тэрбээр Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртсэн билээ.
-Та сайхан зусч байна уу. Сайхан наадав уу?
-Сайхан зусч байна. Наадам сайхан боллоо. Сайхан наадлаа. Миний хүү сайхан наадав уу.
-Сайхан наадлаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Театр, кино урлагийн салбарт 1975 оноос хойш өдийг хүртэл зүтгэж явна. Би 70 хүрч яваа насан дээрээ төрийн дээд шагнал хүртсэндээ их баярлаж, бахархаж байна. Мөн хүндэлж явдаг олон сайхан хүмүүстэйгээ хамт шагнал авсандаа баяртай байгаа. Миний уран бүтээлийн анд Б.Шарав маань Хөдөлмөрийн баатар боллоо. Хүндэлж явдаг монгол эрчүүдийн маань нэг Н.Жанцанноров Хөдөлмөрийн баатар боллоо. Энэ хүмүүстэй хамт нэг зарлигт багтаж, Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг эрхэм алдрыг хүртсэндээ баяртай байна.
-Анх шагнал авах тухайгаа сонсоод та хэр баярлав?
-Үнэнээ хэлэхэд нэг их догдолж баясаад, хөөрөөгүй. Энэ шагналыг авчих юмсан гэж учиргүй горьдож, гомдож, хүлээж байсангүй. Би ер нь жаахан хэнэггүй талдаа хүн. Гэхдээ мэдээж шагнал авах болсондоо баярласан. Төрийн өндөр босготой шагнал. Хүссэн хүн болгон авч чаддаггүй шүү дээ.
-Таныг Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулахад “Одоо л гавьяат цолоор шагнуулж байгаа юм уу” гэдэг хандлагатай хүмүүс олон байсан. Би ч тийм бодолтой байгаа?
-Тийм байна лээ. Би бол цагийн юм цагтаа гэж боддог. Хүний төөрөг тавилан гэж бий. Хэчнээн хүсээд бүтэхгүй хяслан гэж байдаг. Тийм болохоор нэг их хүлээгээд эсвэл хөөцөлдөөд байсангүй. Хэдэн сайхан залуучууд 7, 8 жилийн өмнө “Гавьяат цол хүртэх ёстой ахмад уран бүтээлчдийн тухай цуврал нэвтрүүлэг хийнэ. Та ирж оролцоорой” гэхэд нь би “Баярлалаа хүүхдүүд минь очмооргүй байна. Яагаад гэхээр хийж бүтээсэн зүйл маань тэр хэмжээнд очоогүй байгаа учраас хийж бүтээсэн, шагналаа хүлээж байгаа хүмүүстэй зэрэгцэж нэвтрүүлэгт ормооргүй байна. Та бүхэнд баярлалаа” гэж хэлээд ороогүй. Ер нь шагнал хүлээж байсангүй.
-Та анх урлагт хөл тавьсан дурсамжаасаа хуваалцаач?
-Би багаасаа ном, шүлэг унших дуртай хүүхэд байсан юм. Сургуулийн концертод хөтлөгч хийнэ. Цэрэгт байхдаа ч урлаг уран сайхны ажилд их оролцдог байлаа. Манайх 1959-1969 оны хүртэл Кино үйлдвэрийн залгаа хашаанд арван жил амьдарсан юм. Кино үйлдвэрийн хашааны банзыг сөхөж ороод дотор нь тоглодог байлаа. Кино үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдтэй өдөржин тоглоно. Тэнд мундаг жүжигчдийг харж өссөн. Тэндээс л миний жүжигчин больё гэдэг мөрөөдөл ургасан даа. Цэрэгт цуг байсан сайн найз З.Жаргалсайханы ээж Улсын хүүхэлдэйн театрын ахмад уран бүтээлч Даваасүрэн гэж сайхан буурал байлаа. Урлагийн том гал тогоонд ороход энэ хүн гараас минь хөтөлж оруулж ирсэн. “Баянбулагийнхан” гэж кинонд саальчин шар хөгшин гардаг даа. Мөн Г.Жигжидсүрэнгийн найруулсан “Нарны унага” киноны гол дүрийн жүжигчний ээжид тоглосон эмэгтэй. Чадварлаг жүжигчин хүн. Хамгийн гол нь Хүүхэлдэйн театрыг анх үүсгэн байгуулагчдын нэг нь. Тэр хөгшин намайг Хүүхэлдэйн театрт дагуулж аваачиж, уран сайхны зөвлөлд шалгуулсан. Тэр үед би цэрэгт улирчихсан, ахлагч байсан юм. Тэгээд намайг “Цэргээс халагдаж чадвал авъя. Цэргээс халагдахад чинь яаж туслах вэ” гэсэн. Батлан хамгаалах яаманд л бичиг өгвөл халагдах боломж байгаа даа гэхэд Хүүхэлдэйн театрын Чойсон дарга Соёлын яамны холбогдох хүмүүстэй яриад Соёлын яамнаас Батлан хамгаалах яам руу бичиг явууллаа. Албан бичиг дамжуулсаар би цэргээс халагдах хүртэл гурван сар өнгөрсөн юм. Би армиас халагдаад иртэл театр юу гэж намайг хүлээгээд байж байхав, аль хэдийн дагалдан жүжигчин авсан байлаа. Тэгээд арми ч үгүй, театр ч үгүй болов. Тэр хооронд би хэсэг зуур талхны үйлдвэрт слесарь хийсэн. Тэгээд талхны үйлдвэрт ажиллаж байгаад Дарханы театрт очсон юм.
-Дарханы театр таны анхны урлагийн гал тогоо байх нь ээ?
-Тийм. Ичинхорлоогийн Нямгаваа гэдэг агуу найруулагчийн гар дээр долоон жил Дарханы театрт ажилласан. Тэр агуу суу билэгтэй, авьяастай хүний ачаар театрын урлагт хөл тавьж, жүжигчин хүн ямар байх ёстойг суралцсан нь цаашдын маань урлагийн замыг нээсэн дээ. Дарханы “Залуучууд” театр бол миний төрөлх газар. Театр, урлагийн тухай юу ч мэдэхгүй би дур хүслээр дүүрсэн залуу И.Нямгаваа найруулагчийн дор долоон жил баримлын шавар шиг нухуулж, загнуулахдаа загнуулж, юу эсийг үзэх вэ дээ. Найруулагч нар бачимдахаараа нэлээн юм болно. Найруулагч нарын зөв байдаг л даа. Жүжигчин хүн найруулагчийн шаардаж буй зүйлийг гаргаж өгч чадахгүй болохоор хэн ч гэсэн бачимдана шүү дээ. Долоон жил Дарханы театртаа ажиллаад хотод Хүүхэлдэйн теарт ирж нэг жил ажилласан. Ирсэнийхээ дараа театраа зүүдэлдэг байлаа. Одоо ч би Дархан орох болгондоо театртаа очиж мөргөдөг.
-Кино үйлдвэрт хэдэн онд ирж ажилласан бэ?
-Монгол кино үйлдвэрт 1983 онд ирж ажилласан. Кино үйлдвэрт анх очиход Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуай, гавьяат жүжигчин У.Осор, М.Бадамгарав гуай гээд Монголын кино урлагийн алтан үеийнхэний гар дээр очиж байсан. Анх очихдоо орчуулгын киноны дуу оруулагчаар ажилласан. Тэр мундаг дуу оруулагчдын дэргэд өт хорхой мэт “атиралдаж”, айж эмээж байж нэг ам барьж дуу оруулдаг болсон доо. Сүүлдээ кинондоо тоглодог боллоо. Том найруулагч нарыг дагаж кинонд явж, бүр сүүлдээ хоёрдугаар найруулагчаар хүртэл ажилласан. Бага багаар ахиж дэвшиж явсаар байгаад өнөөдрийн энэ хайр хүндлэлийг хүртээд сууж байна даа.
-Хамгийн анх ямар кинонд тоглож байв?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Р.Доржпалам 1979 оны намар Дарханд “Шинэ хотын гэрэл” уран сайхны кино хийхдээ намайг туслах дүрд тоглуулсан юм. Анх кинонд тоглоход үнэхээр амаргүй байсан. Зураг авалтад орлоо. Тайзан дээр зурганд ороход явуулын станцаар тэжээгддэг том гэрлээр дөрвөн талаас тусгаад дээр нь халуун нар төөнөнө. Тэгээд тэр том жүжигчдийг хараад сандраад, үгээ мартаад, хар хөлс цутгаад, өвдөг чичрээд хэцүү байсан шүү. (инээв) Дараа нь Ж.Сэлэнгэсүрэн найруулагчийн “Тойрох хуудас” кинонд туслах дүрд тоглосон. Тэгэхэд арай дээрдээд хөлс гоожих, салганаж чичрэх нь гайгүй болчихсон байлаа. Хойтон жил нь Ж.Сэлэнгэсүрэн найруулагч Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын тухай “Эхлэл” уран сайхны кино хийхэд гол дүрд сонгогдсон доо. Ингэж л кинонд тоглож эхэлсэн юм.
-Та “Ацаг шүдний зөрөө”, “Итгэл”, “Долдугаар тусгай тасаг” гээд олон кинонд гол болон туслах дүр бүтээжээ. Хэчнээн кинонд дүр бүтээв?
-Тоолох юм бол 30-40 кино байгаа байх. Түүнээс гадна телевизийн олон ангит 10 гаруй кинонд гол дүр бүтээсэн. Нарийн тоолж үзээгүй. Би айхтар тооцоо гаргаад байдаггүй, замбараа муутай хүн шүү дээ. Ард түмэн гайгүй мэддэг нь “Ацаг шүдний зөрөө”, “Харуул занги” уран сайхны кино. “Харуул занги” киноны Ван Фү Цай гээд гамингийн бага даргын дүрд тоглосон. Гэхдээ би тэр кинонд муу ажилласан гэж боддог.
-“Ацаг шүдний зөрөө” кинонд хэрхэн тоглох болов?
-Тус киноны Ерөнхий зураачаар Л.Махбал, зураглаачаар Л.Шаравдорж, зургийн даргаар Т.Галсан, хоёрдугаар найруулагчаар Б.Дамчаа ах ажиллахаар болж их сайхан баг бүрдсэн. Би туслах найруулагчаар ажилласан юм. Удирдлагууд миний тоглосон Намжилын дүрд тоглох жүжигчнийг хайцгаагаад л байлаа. Г.Равданг дүрийн шалгаруулалтад ороход би туслах гээд хамт зураг авалтад орсон. Би киноны туслах найруулагч нь юм чинь үгийг нь харьцаж өгсөн. Г.Равдан хятад хувцастай, би энгийн хувцастай үгийг нь харьцаж өгсөн чинь Г.Равдан надад уурлалаа. “Чи адилхан жүжигчин байж яасан өөдгүй юм. Монгол дээл өмсөөд дүрдээ орж өгөөч” гэсэн. Би костюмтэй тоглохоор нөгөө дэх маань дүрдээ орж, тоглож чадахгүй байхгүй юу. Монгол дээлтэй хүн Намжил гээд харьцаад тоглох юм бол Г.Равданд өөр байна шүү дээ. Тэгээд би хувцасны өрөөнд очоод Намжилд тоглосон тэр хувцастайгаа дээл өмсөөд, тоорцог малгай тавиад зурганд орсон. Гэтэл хэд хоногийн дараа Б.Балжинням найруулагч намайг дуудаж байна. Яваад орсон чинь киноны ерөнхий зураач, ерөнхий оператор болон зөвлөх Дүйхэржав хурандаа гээд баахан томчууд суучихсан байна. “За баяр хүргэе Сүхээ. Намжилд тоглох болсон шүү. Энэ дүрээ ав” гэлээ. Тэгээд би Г.Равдандаа баярлаж явдаг юм. Г.Равдан намайг тэгж, хувцас хунар өмсүүлээгүй бол Намжилын дүрд тоглохгүй байсан байх. Сайн нөхрийнхөө хүчинд сайхан дүрд тоглосон. Ер нь тэгээд жүжигчин хүн ганцаараа тодроод, товойгоод байдаггүй. Хамгийн эхлээд киноны баг, найруулагчид жүжигчнийхээ хувьд таалагдах ёстой. Хоёрдугаарт, сайн хамтрагч байх хэрэгтэй. Гуравдугаарт жүжигчин ур чадвар, авьяастай байх ёстой. Түүнээс ганцаараа бол жүжигчин хэн ч биш шүү дээ. Би сайн нөхдийнхөө хүчинд өдий дайтай явж байна. Анх намайг Даваасүрэн гэж хөгшин Хүүхэлдэйн театрт хөтөлж оруулсан бол дараа нь И.Нямгаваа гэж гайхамшигтай найруулагч жүжигчний дөр суулгасан. Мөн Б.Балжинням, Л.Шаравдорж, Ж.Сэлэнгэсүрэн, Палам багшийн гар дээр зүгширсэн. Ардын жүжигчийн, Төрийн соёрхолт Д.Жигжид гэдэг агуу найруулагчийн туслах нь явлаа. Тун азтай. Тэр хүнээс их юм сурсан. Энэ хүмүүст маш их талархаж явдаг.
-Таны тоглосон дүрүүдийг харахаар ихэвчлэн эерэг дүрд тоглосон харагддаг. Найруулагч нар яагаад дандаа танд эерэг дүр өгдөг байсан юм бол?
-Би бодож үзээгүй юм байна. Палам багш надад “Харуул занги” киноны Ван Фү Цайгийн сөрөг дүр өгсөн шүү дээ. Орос хүүхэн дарж унаж байгаад хүрзээр цохиулаад үхчихдэг дүр байдаг даа. Мөн “Гал хам” уран сайхны кинон дээр нэг муу мөрийтэй тоглоомчны дүрд тоглосон. Түүнээс бусад нь эерэг дүрд тоглосон байна. Одоо бодоход миний тоглосон киноны 80 хувь нь эерэг дүр юм байна шүү.
-Туслах дүр нь киноны гол дүрийг тодруулж өгч байдаг. Та бол гол төлөв киноны туслах дүрүүдэд тоглосон. Тэгэхээр таныг туслах дүрийн баатар гэж тодорхойлмоор ч юм шиг.
-Тийм тал байгаа. Ахмадууд ярьдаг байсан л даа. Хаан өөрөө хааны дүрд тоглодоггүй. Хааны хажууд нь байгаа түшмэл, харцууд нь тоглож байж хаан шиг харагдана гэж хэлдэг байсан. Тэр бол үнэн л дээ. Туслах дүрийг жижиг гэж голж, туслах дүрийг аргацаагаад өнгөрье гэж хөнгөн хуумгай хандаж болохгүй. Туслах дүр бол хэцүү. Хэдхэн үг юм уу, жаахан үйл явдал байдаг. Түүнийг яаж сайн тоглож гол дүрээ тодруулж өгөх вэ, киногоо яаж авч явах вэ гэдэг чухал шүү дээ. Хэдий гол дүр ч гэсэн кино зохиолоо бүрэн уншиж, ойлгох ёстой. Гэтэл одоо манай залуучууд туслах дүрийг хүндлэхгүй байна гэхэд хаашаа юм. Тоглох гэж байгаа жүжигчнээ хүндлэхгүй байна гэхэд хаашаа юм. “Маргааш зурагтай, та хүрч ирээд зурганд ороод өгөөч” гэдэг. Очсон хойно нэг тал хуудас цаас өгнө. Та энэ хэдэн үгийг хэлээд, уншаад өгөөрэй гэдэг. Тэгж ёстой болохгүй. Би тэгэхэд нь их харамсдаг. Заримдаа ч уур хүрдэг юм. Тэр бол буруу юм.
-Таны сэтгэлд тод үлдсэн дүр тань ямар киноны дүр вэ. Энэ дүрийг л би их сайн гаргасан гэдэг ч юм уу?
-Миний ажилласан дүрүүд бүгд л надад сайхан санагддаг. Кинонд тоглосон дүрүүд маань бүгд жигдхэн дээ. Сайн болсон гэхээсээ илүү муу болсон дүрдээ сэтгэл зовниж гэмшиж явдаг. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Урианхайн Зэлэмийн дүрд тоглохдоо олигтой ажиллаж чадаагүй. “Ацаг шүдний зөрөө”, “Харуул занги” кинонд аль алинд нь би туслах найруулагчаар ажилласан юм. Палам багшийн “Харуул занги” киноны туслах найруулагчаар явж байтал найруулагч нэг өдөр “Чи тэр Ван Фү Цайгийн дүрд тоглоно шүү” гээд л тоглох болсон доо. “Харуул занги”-ийг одоо үзэхээр Ван Фү Цайгийн дүрийг би их дутуу гаргасан санагддаг. Найруулагчийн туслах чинь их ажилтай шүү дээ. Дан өөрийнхөө роль дээр ажиллаад судалгаа хийгээд явах нэг хэрэг. Гэтэл найруулагчийн туслах хийгээд давхар дүр дээрээ ажиллах бас өөр хэрэг. “Ацаг шүдний зөрүү” кинон дээр найруулагч Б.Балжинням, Б.Дамчаа ах хоёр найруулагчийн туслахын ажилд нэг их дайчилж шахаагүй. Дүр дээрээ ажиллах боломж олгосон болохоор дүрийн судалгаагаа чамгүй бодож хийсэн. “Харуул занги” кинонд тийм боломж олдоогүй. Палам багшийн гар хөлийн ажилд гүйх, туслах найруулагчийн ажлаа хийхийн хажуугаар зургандаа ороод явсан. Дүр дээшээ төдийлөн сайн ажиллаж, бодож сэтгэж чадаагүй. Сүүлд нь киногоо үзэхэд их дутуу ажилласан байдаг юм. Киноны нэг сайхан нь мөнхрөөд үлдэх сайхан. Нөгөө муу нь юу вэ гэхээр засаж болдоггүй.
-Хамгийн сүүлд “Долдугаар тусгай тасаг” кинонд тоглосон. Тэр кинонд хэрхэн тоглох болов?
-Хэдэн хүүхдүүд “Бид нэг кино хийх гэсэн юм. Таван хөгшнийг урьж байгаа юм. Сүхээ ах аа та зохиол үзээд, уулзаадахаач” гэхээр нь яваад очлоо. Зохиолыг нь үзлээ. Ерөнхий зохиол нь их сайн зохиол юм. Надад оногдож байгаа дүр нь тун их таалагдсан. Бараг Намжилын дүрээс илүү таалагдсан. Бараг үг байхгүй, тал харвачихсан, тэргэнцэр дээр байгаа хүний дүр. Жүжигчин хүнд эрэл хайгуул хийх, тархиа гашилгах, яаж доглох уу гэж бодох тийм дүр байсан. Их баярласан. “Ахдаа итгэж ийм том роль өгсөнд баярлалаа. Чадлаараа хичээнэ” гэдгээ хэлсэн. Надад энэ кинонд тоглоход их сонин байсан. Өвчтэй хүний дүрийг гадаад төрхөөрөө харуулах уу, эсвэл дотоод сэтгэлээсээ гаргах уу. Тэргэнцэр дээр байж байгаа хүнийг харвасан, хэлгүй гэдгийг нь тэртээ тэргүй манай энэ мундаг мастерууд хажуугаас харуулаад тоглоод өгчих учраас би өөрөө дотоод сэтгэлээсээ харуулж ажиллая гэж бодсон. Их хөөрхөн роль болсон. Кино гайгүй болсон юм байлгүй. Хүмүүс ам сайтай байна. Намайг энэ алдар гавьяанд хүрэхэд түлхэц болов уу гэж бодож байгаа.
-Та бие дааж хоёр ч кино найруулсан?
-Пүрэвсүрэнгийн Батзориг гэж залуу маш их нийгмийн идэвхтэй, зохиол бичдэг, бие хамгаалах урлагаар хичээллэдэг залуу бий. Одоо Америкад байгаа. Тэр залуугийн зохиолоор 1995 онд “Эвий хүү минь” нэртэй уран сайхны кино хийсэн. Тухайн үед траншейны хүүхдүүд гарч ирж байсан үе байлаа. Эцэг эхдээ гологдож, нийгэмд хүүхдүүд яагаад хаягдах болов, социализмын үед байгаагүй золбин хүүхдүүд яагаад бий болох болов гэдэг сэтгэл эмзэглүүлсэн зохиол байсан. Энэ сэдвийг нь барьж кино зохиолоо хийсэн дээ. Гайгүй хөөрхөн кино хийсэн. Хэлэх гэсэн санаагаа хүргэсэн кино болж чадсан. Хүмүүс ч их эмзэглэж хүлээж авсан даа. Дараа нь урамшаад Жаргалын Барамсайн зохиол “Би эмээ болохгүй” гэдэг инээдмийн кино бүтээсэн. Хүмүүст инээд хөөр бэлэглэсэн хөөрхөн бүтээл бий. Захиалж хийлгэсэн байгууллага нь ямар ч байсан гаргасан хөрөнгөө 4, 5 дахин нугалж авсан байх ёстой. Ийм хоёр кино хийсэн дээ.
-Орчуулгын киноны дуу оруулагчаар та багагүй хугацаанд ажилласан. Олон кинонд дуу оруулсан байх?
-Бид олоо хоногт 4, 5 кинонд дуу оруулна. Заримдаа 10 гаруй ч кинонд дуу оруулчихдаг байсан шүү. Би киноны дуу оруулагчаар ажиллаж байхдаа нэг их гол дүрийн орчуулагч байгаагүй. Яагаад гэхээр намайг ажиллаж байх үед Б.Дамчаа гэж агуй дуу оруулагч байлаа. Н.Дагийранз гэж “тэнгэрийн амьтан”, Д.Элбэгсайхан гэж ямар ч киног дуу оруулдаг ханхалзсан сайхан хүн байлаа. Би Засгийн газрын ордон луу сая шагналаа авах гээд явж байхдаа бодож явлаа. Олон сайхан нөхөд минь энэ шагналыг авч чадахгүй буцаж дээ. Би хэдий шагнал авах гээд явж байгаа ч гэсэн тэр хүмүүсийн өмнүүр орж энэ шагналыг авч байгаа шиг гэмших, харамсах сэтгэл төрж байлаа. Ээбий (Д.Элбэгсайхан) маань байсан бол өдийд бараг Ардын жүжигчин авч байгаа даа гэж бодогдсон. Сайхан уран бүтээлч байсан. Олон сайхан нөхөд маань байхгүй байна. Чойгийн Хүрэл гээд агуу жүжигчин байлаа. “Анхны алхам”, “Гэрлэж амжаагүй явна” гээд сайхан кинонуудад тоглосон. “Анхны алхам” уран сайхны кинон дээр тогоруу зордог залуу шүү дээ. Г.Доржсамбуу, Н.Цэвээнравдан гээд агуу жүжигчин байсан. Хийж бүтээснээрээ аль хэдийн Ардын жүжигчин болчих байлаа. Тэгэхэд би муу гавьяат жүжигчин болчихдог. “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг болж байна гэж бодож явлаа. Би их азтай. “Амьд явахад алтан аяганаас ус ууна” гэдэг нь байх даа гэж бодож байна.
-Та гэр бүлийнхээ тухай танилцуулаач?
-Би зургаан охин, нэг хүүтэй. Хамгийн бага маань хүү. Хүү маань АНУ-ын Санфранциско хотод ажиллаж, амьдарч байгаа. Миний хань Б.Бадамаа эм үйлдвэрлэлийн мэргэжилтэй хүн. Насаараа эм найруулагчаар аптект ажилласан. Сайн ханийн түшиг тулгуур уран бүтээлч хүнд хэрэгтэй байдаг. Уран бүтээлч хүн цаг наргүй, цалин багатай гээд хэцүү зүйл бий. Дээр үед уран бүтээлчдийн цалин хангамж тааруу байсан. Одоо харин шагнал урамшуулал гайгүй болж дээ. Ханьтайгаа хүнд хэцүү бүхнийг хамт туулсан даа.
Сэтгэгдэл ( 23 )
Ene tsol amidraliin zorilgo munuu. Bodmoor l uim.
Танд баяр хүргэе. Таны хийсэн бүтээсэн дүрийг хүн бүр мэддэг.Харин оройтсон ч гавьяат цол хүртлээ.Ухаантай ярьсан байна.
Tanid bayr hurgie.Ardiin jujigchin bolooroi.Er n huniig hiij buteej yvaa ued egeh heregtei.Bayrmagnaid gaviyat.BatUuld baatar egch turiin ner hund unagaj bsanaas iim saihan humuuste erthen egsen bol saihanaa.
Tanid bayr hurgie.Ardiin jujigchin bolooroi.Er n huniig hiij buteej yvaa ued egeh heregtei.Bayrmagnaid gaviyat.BatUuld baatar egch turiin ner hund unagaj bsanaas iim saihan humuuste erthen egsen bol saihanaa.
Tanid bayr hurgie.Ardiin jujigchin bolooroi.Er n huniig hiij buteej yvaa ued egeh heregtei.Bayrmagnaid gaviyat.BatUuld baatar egch turiin ner hund unagaj bsanaas iim saihan humuuste erthen egsen bol saihanaa.
Tanid bayr hurgie.Ardiin jujigchin bolooroi.Er n huniig hiij buteej yvaa ued egeh heregtei.Bayrmagnaid gaviyat.BatUuld baatar egch turiin ner hund unagaj bsanaas iim saihan humuuste erthen egsen bol saihanaa.
daraa jil ardiin jvjigchingiin ugchihuu ali hediin l abchih bsan hvn hvnii hhdulmur bvteeliig vheh gj bhad ni orond shahuu abaachij ugchihuud tur hair hishgee hairllaa geed bh hreggui bzd ardiin jvjigchin hvn shu naad hvn chin
Sanaj blgui yahav , ter kinond ih Sain toglodog Saihan jujigchin Tums bhdaa yahav Dee geed ineegeed yavj bdag hunii Setgeld honogshson hun , bid ta nariig martaagui martahgui ueiinhen chin
даруухан сайхан жүжигчин, сагаж сагсалзахгүй зүгээр л ажлаа чимээгүй хийдэг хүн . Буян нь ирлээ дээ Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье
sahal n saihan zohijee ahad . Namjil ch saihan dur shuu
танд баяр хүргэж эрүүл энхийг хүсье. ямар сайхан бодолтой энгийн хүн бэ
энэ хүний яриаг онгироо залуус сайн унш, юу ч хийж шалиагүй, ганц нэг дүрд ажилласан болчоод БИ, БИ гээд цээжээ нүдээд байдаг бацаанууд сайн унш.
Tand az jargal husii
Iim mundag hun Odoo л гавьяат болж байхад ямар дуу дуулдаг нь ч мэдэгдээгүй хоолой гэж хошного болсон гавьяатууд ичиж амьдраасай...
Mundag jujigchin . Iim oroi avch bga ni sonin l um. Ard tumen tuuniig ertnees medne hundelj irsen shu
миний л бодол..ирээдүйд энэ шагналыг бүүр болих хэрэгтэй гэж боддог.учир нь жинхэнэ уран бштээлч нар нь авдаггүй.за тэгээд бшхий л салбар тийм байх.грамми осзар новель мэт тийм утга шингээсэн олоны өмнө ил тод нэр ус дэвшүүлж жил гаран ард түмэн саналаа өгдөг тийм систэмлүү орсон нь дээрээ.сүүлдээ бүүр утгаа алдлаа шүү төрийн олон.15тай хүү алтан галас зүүгээд явж байхад 70 эмэн уйлаал дөнгөж авж байна.зарим нь биендээ дийлдэхгүй хос хосоор нь зүүсэн байна арай л муухай
jinhene saikhan mongol er khunii duriig gargasan daa. namjil deer eej n ungursuniig sonsood gargj bgaa effect ntr bol gaihamshigtai
Баяр хүргэж, эрүүл энх энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе
Хүндэлж явдаг мундаг жүжигчин. Сар гаруйн өмнө сошилаар жүжигчдийн удам угсааны тухай зураг тавигдсан байсан. Хүмүүс сэтгэгдэл бичиж байх үед би ахмад үеийнхэн түүн дотроо ”Миний хүндэлдэг жүжигчин МУГЖ байх л хүний нэг гэж Сүхбаатар гуайн тухай дурссансан. Авьяасыг нь үнэлж, арай оройтуулсан ч гэлээ авах ёстой энэ шагналыг хүртээсэнд талархаж байна. Эзнээ олсон зөв шагнал шүү. Танд болон гэр бүлд нь сайн сайхныг хүсье.
Баяр хүргэe ! Үр хүүхэд нь гэр бүлд нь аз жаргал хүсьe.
Mundag jujigchind bayar hurgie. Daruuhan saihan hun umaa