ОЛОН ӨНГӨ: Миний ЦЭЦЭГ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

Хөдөө хээр гарах эсвэл зус­лан­гийнх­наараа зугаалганд явахдаа цэцэг түүж үзээгүй охид үгүй байх аа. Би ч бас өнгө, өнгийн цэцэгсээр малгай сүлжин гангарч явсан сан... Ишнийх нь шороог ч гөвөлгүй сүлжсэн цэцгэн эрхи өөрт нь үзэмж нэмж байгааг бүх л охид зөнгөөрөө гадарладаг байсан байх аа. Өвс, навчны болоод хээрийн эрүүл хөрсний анхилам сайхан үнэр. Үүнтэй зэрэгцээд сүлжсэн гэзэгний минь үнэр үе үехэн сэнхийх нь ч өөрт мэдрэгддэг сэн.

Охин минь яг л миний бага нас. Тэр минь цэцэг бүрийг харан уулга алдаж, заримыг нь ишнээс нь тасдан энгэртээ хатгана. Охиноосоо цэцэгсийг харамлах хэцүү ч цэцэгсийн өмнөөс харамсч байгаагаа бас мэдэрч байлаа. Орчлонгийн гоё сайхан зүйлсийг мэдэрч баясаг гэсэндээ түүнийгээ зөвтгөнө...

Жаргана гэдэг заримдаа бодох нь ээ, зөвхөн сонголт ч юм шиг. Амьдрал дундаас үргэлж зөвийг нь, үргэлж сайн, сайхныг нь сонгоод байхад л аяндаа жаргах юм шиг санагдана. Учир утгыг нь бүрэн тайлж амжихгүй оосор бүчгүй уудам орчлонд үргэлжид л хүний сайныг нь шилж, хүслийнхээ зөвийг нь дагах гэдэг даанч амаргүй зүйл билээ.

Цэцэгс яг л миний бага насных шиг ариухан, анхилам сайхан хэвээрээ аж. Ажил алба, амьдрал гэсээр анзаарга үгүй уджээ. Гэвч би тэдгээр сайхан цэцэгсийг өмчилж өөртөө авахыг үл хүснэ. Цэцэг, цэцгийн сорыг тасдан эрхин малгай сүлжихээ азнаад тэр бүрийн зургийг хальснаа буулгах нь илүү таашаалтай юм. Цэцгээс цэцэг дамжин зураг дарах би цэцгээс цэцэг рүү нисэх эрвээхэй шиг санагдана. Хамаг асуудал мартагджээ. Зөвхөн гоё цэцэг, гоё өнгө, гоё зураг л бодогдох нь жаргал. Орчлонгийн цэцэгс ямар олон юм бэ?! Одоо болих уу?

Ямар гоё амралт, агшин зуурын амсхийлт байв аа?

Утасны сүлжээ орж ирэхгүй уулын нугад цэцэг дамжих эрвээхэй шиг нисэн буусан амралтын хэдэн өдөр надад ДАЯАН байлаа. Уулсын горхины хоржигноон, усан борооны шиврээ. Бас их зав. Эхлүүлсэн номоо дуусгаж, санаж сэрээгүйгээ санаж, бодож, бясалгаж, бас охинтойгоо ярилцаж... Яасан сайхан амрав аа...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top