Энэ ертөнцийн бүх гэрлийн цуглуулга бол хайр юм. Хайртай хүнийх нь мянган алдаа оноо болж, бараан бүхэн гэгээн болж харагддаг их өмөөрөл, цагаатгалын сэтгэл. Сэтгэлийн угт солонго болж биднийг ивээгч хайраас ичих шалтгаан үгүй. Хүмүүн хэмээх ховорхон хувь заяаны эзэд бид хайраар ивээгдэж, тэтгэгдэж, нар руу тэмүүлсэн цэцэг адил урганам билээ. Хайртай гэдгээ хэлэхээс эмээж, ичиж, хэн нэгэн сонсчих вий гэсэн сэтгэл зүйгээсээ бид салах цаг болсон. Бид тухайн цаг үедээ, тэр газраа чин сэтгэлийн гэрлийн цуглуулгаа асгах ёстой. Хайртай гэдгээ хэлж чадалгүй явсаар гэрлийн хоригдол мэт болж, ороо бусгаа цагийн салхин дунд тэнтэр тунтар алхаж л явна.
Хэн нэгнийг хайрлана гэдэг нүгэл биш. Энэ сэтгэлээ илчилж, бие биедээ сайн сайхныг хүсэж сурмаар байна. Уг нь ч нэг их сураад байхаар ч юм биш л дээ. Чин сэтгэлээ чин сэтгэлээсээ нээчихэд л болчих эд. Харанхуй тэнгэр нөмөрсөн ч хайраар дутах учиргүй хүмүүс заяаны эзэд билээ, бид. Хайраас тасарсан бүхэн хамгийн сайхан байдаг. Хар хоргүй үнэн сэтгэлийнх байдаг. Хайртай гэдэг үгийг бид гамнах ёстой гэдэг. Хэлж чадалгүй хорвоогийн наран доор өнхөрсөөр байх юм уу. Хэн нэгэнд яагаад халуун сэтгэлийн илчээ өгөхөөс татгалзана гэж. Хэн нэгэнд яагаад урам тэтгэх тэр үгийг хэлэхдээ харам байх ёстой гэж.
Хайртай гэдэг үгийг дэлхий дээрх бүх улс, үндэстэн хамгийн түгээмэл хэрэглэдэг. Ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрөгдсөн цор ганц үг байж мэднэ. Тиймээс хайртай гэдгээ хэлцгээе. Таны халааснаас нэг ч төгрөг гарахгүй. Таны нэр хүндэд харшлах ямар ч сөрөг зүйлгүй билээ.
Сэтгэгдэл ( 0 )