Залгамж халаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

Хорьдугаар зууны монголчуудын түүх гайхамшгаар дүүрэн. Хөдсөн дээл хөдөрсөн хөдөөгийн нүүдэлчид энэ зуунд хорвоо дэлхийн хөгжилтэй хөл нийлж, хүн төрөлхтөний зэрэгт хүрсэн юм. Саалийн зэлнээс сансарт хүртэл мөрөө гарган дэгжиж, шинжлэх ухаан, урлаг, спорт, утга зохиол, тэрэг техник... гээд бүхий л салбарт хүмүүсээ сурган бэлтгэж эхлэв. Гайхалтай нь монголчууд бид бусад улс үндэстэнтэй л ижил тархи оюунтай, билэг ухаантай, билгүүн авьяастай, хүч чадалтай, суу төгөлдөр үндэстэн гэдгээ мэдэрцгээсэн юм. Яг л унтаж байсан ХҮН сэрэх шиг... хорьдугаар зуун.

Төр нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухааны эрдэмтэд, урлаг, соёлын зүтгэлтнүүд, жүжигчид, дуучид, зохиолчид, хөгжмийн зохиолчид, бөхчүүд, тамирчид гээд алдар суу нь улс үндэстэндээ төдийгүй дэлхийн энд түгсэн олон монгол хүний нэрийг А-гаас Я хүртэл жагсаавал мөхөс миний мэдлэг хүрэхгүй бөгөөд чамгүй урт жагсаалт болно. Тэдний авьяас билгийнхээ үрээр бүтээж туурвисан нь хүн төрөлхтөний өвд тэнцэхүйц жинхэнэ бөгөөд үнэтэй, жинтэй... гэдгээрээ тэд од шиг гялалздаг. Хамгийн гол нь тэдний гараар бүтсэн бүхэн өнөөгийн биднийг өсгөн хүмүүжүүлсэн юм. Бидний соёл, боловсрол, мэдлэг, мэдрэхүйн эд эсийг тэд тэжээн тэтгэжээ. Тийм ч учраас бид агуу Б.Шаравыг агуу хэмээн үнэлж, араас нь эмгэнэн гашуудаж буй хэрэг.

...Ахиад Б.Шарав төрөх үү?! Энэ нь түүн шиг суу билэгтэн дахиж төрөх үү гэсэн асуулт юм. Хэдийгээр урлаг хувь хүний байгалийн өгөгдөл, хишгийг даган буй болдог шинж чанартай ч Шарав шиг авьяас билэгтэн нэг үндэстний дундаас нэг удаа төрж болсон бол хоёр дахиа, гурав дахиа ч төрж болно. Харин түүн шиг авьяас билэгтнийг олж нээж, боловсруулан бэлтгэдэг төрийн бодлогын залгамж өнөөдөр тасарсанд л учир бий юм.

Хорьдугаар зууныхан өнөөгийн биднээс чухам юугаараа өөр байсныг тодотгох нэг гол хүчин зүйл нь тэднийг төрийн бодлогоор салбар бүрт боловсруулан бэлтгэдэг байсан тогтолцоо. Зөвхөн урлаг, соёл, спортын салбарт ч бус шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн салбарт шилдгүүд, лидерүүдийг, багшийг бэлтгэдэг байсан тогтолцоо, төрийн “хар хайрцаг”-ны бодлоготойгоо хамт тасарсан гэж хэлж болно.

Урлагт жишээ нь, Б.Шарав шиг, Н.Жанцанноров шиг хүмүүсийг улс орны төлөө, хүн ардын сайн сайхны төлөө бэлтгэсэн хэрэг. Сэтгүүлзүйд гэхэд Ц.Балдорж шиг удирдагчийг, С.Дашдондов шиг шинэчлэгчийг, Г.Дэлэг, Л.Норовсүрэн, Т.Баасансүрэн, М.Зулькафиль шиг эрдэмтэн, судлаач, багш, сурган хүмүүжүүлэгч, зохиолч, удирдагчдыг нэрлэж болно.

Ухаан нь Н.Жанцанноров гуайг зөвхөн хөгжмийн суут зохиолч гэж хэлэхэд багадна. Тэр бол судлаач, эрдэмтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, бодлоготон, сэтгэгч, соён гэгээрүүлэгч хүн. Түүнээс өмнө ч төр, нийгмийн ажлыг бүтээл, туурвил, судалгаа шинжилгээтэй хамтад нь давхар гүйцэтгэж ирсэн сэхээтнүүд олон. Тэгвэл бидний үеийнхэн дунд билэг авьяас тасраагүй ч тэдний энд хүрэхүйц тийм олон ажлыг зэрэг гүйцэтгээд яваа зүтгэлтнүүд тун ховор.

Энэ нь тэдэн шиг кадруудыг бодлогоор сурган бэлтгэж, дэмжин тусалж, тэр хэрээрээ ачаа үүрүүлж ирсэн тогтолцоо нуран унасантай холбоотой.

Бүхий л салбарт зөвхөн лидерийг төдийгүй багш, мэргэжилтнүүдийг Орос болон бусад улс оронд бодлогоор бэлтгэж ирсэн залгамж тасарсны үр дагавар өнөөдөр илэрч эхэлсэн. Дотоодын их, дээд сургуулийн чанар, ялангуяа ерөнхий боловсролын сургалт уналтад орсноос хүний хөгжил, ур чадварын асуудал нь салбар бүрт хүний нөөцийн хомсдлыг буй болгоод байгаа хэрэг. Боловсролын салбарын уналт, доройтол мөн л боловсон хүчнийг бодлогоор бэлтгэж чадаагүйтэй холбоотой.

Тэр дундаа урлаг, спорт гээд нарийн мэргэжил, мэргэшлийн сургуулиуд өнөөдөр багшийн хомсдолтой нүүр тулаад эхэлжээ. Багшийн орон тоо гүйцэд хэдий ч агуулга, чанарын асуудлыг энд хөндөж буйг ойлгоно биз ээ. Хуучин цагт Орост бэлтгэгдсэн багш нарын нуруун дээр салбар нь явж ирсэн бол өнөөдөр тэд түрүү, түрүүчээсээ тэтгэвэртээ гарч, орыг нь залгамжилж буй  “дотоодын бүтээгдэхүүнүүд” тэдний боловсрол, ур чадварыг хараахан гүйцэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ тэдгээр дотоодын бүтээгдэхүүнүүдийнхээ сэтгэл, зүтгэл дээр өнөөдөр улс орон тогтож явааг ч үгүйсгэхгүй.

Хөгжмийн ертөнцөд Б.Шарав шиг нь мөддөө дахин мэндлэхгүй байх. Учир нь түүний залгамжийг бэлтгэх бодлого төрд байсангүй. Байгалийн авьяас байгаад ч алмазыг хүртэл өнгөлөн засдагийн адилаар түүнийг арчлан тордож, боловсруулах бэлтгэж байж үнэт эрдэнэ болгодог. Урлагт ч, улс төрд ч сонгодгууд, лидерүүд цөөрсөөр...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.115.41) 2019 оны 08 сарын 09

зүтгэлтэй эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх ухамсарт ёс зүйтэй хүмүүс төрийн тамгын эзэл байсан. Өнөөдөр бүр бүх зүйл орвонгоороо эргэж хувиа хичээсэн гурван сая иргэнтэй улс болон хувирчээ.

1  |  0
зочин(203.91.115.41) 2019 оны 08 сарын 09

зүтгэлтэй эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх ухамсарт ёс зүйтэй хүмүүс төрийн тамгын эзэл байсан. Өнөөдөр бүр бүх зүйл орвонгоороо эргэж хувиа хичээсэн гурван сая иргэнтэй улс болон хувирчээ.

1  |  0
зочин(203.91.115.41) 2019 оны 08 сарын 09

зүтгэлтэй эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх ухамсарт ёс зүйтэй хүмүүс төрийн тамгын эзэл байсан. Өнөөдөр бүр бүх зүйл орвонгоороо эргэж хувиа хичээсэн гурван сая иргэнтэй улс болон хувирчээ.

1  |  0
Зочин(203.91.115.41) 2019 оны 08 сарын 09

Ёстой үнэн бичиж. Өнөөдөр ч гэсэн дэлхийд шатар ,ой ухааны спортоор амжилт гаргаж буй хүүхдүүд соц нийгмийн өсөж боловсорсон хүмүүсийн залгамж халаа үр шим, хөдөлмөр боловсролын үр дүн шүү. Тухайн үед багш нь хүүхдээ ажиглаж авъяас байгааг нь мэдмэгц цааш нь сургаж ургуулж эх орондоо хэрэгтэй хүн болгох гэж хөөцөлдөж дээд газарт хэл хүргэсний үр дүнд гадаадад тухайн чиглэлээр нь сайн сургуульд явуулдаг байсан бол одоо тэр нь үгүй болж эрхтэн дархтанууд авъяастаны хажуугаар хэлгүй үлий мэт өнгөрч өөрийн авъяасгүй оронцгуудыг явуулдаг болсон. Төр төр шиг байсаан. бодлоготой төр, сэтгэлтэй дарга

1  |  0
Nar(202.9.42.142) 2019 оны 07 сарын 22

Jaahan bolomjiin dugnej gehdee huuchinii buduuleg haranhui tahin shuteh zarchimaar yumiig hoorogdoj todorhoilson n ih bolhi baina. 21r zuun 1980 onii Mongoliin buduuleg burangui setgelgeegee bodoltsoj tataj eruul shuluun shudragiig barih heregtei. Odoo olon Mongol huuhduud olon ulsiin shatar daam matematikiin temtseenuudees altan medaluud avch baina. Teheer manai avyastnii ireedui ih orgon baina. Bodit baidliig tulguurlaj bichisen bol.

0  |  0
matilda(197.234.221.97) 2019 оны 07 сарын 22

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913

0  |  0
Top