Африкийн хамгийн том салхин парк ашиглалтад оржээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

Кени улс Африк тивийн хамгийн том салхин цахилгаан станцыг ашиглалтад орууллаа. Тус улс 2020 он гэхэд 100 хувь ногоон цахилгаан эрчим хүчний орон болох зорилт тавиад байгаа юм.

Лэйк Туркана салхин парк 310 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тус улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 13 хувиар нэмэгдүүлнэ гэж Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кенятта онцолжээ.

Нийт 700 сая ам.долларын өртөг бүхий төслийн хүрээнд 365 салхин турбин суурилуулсан бөгөөд энэ нь Кенийн түүхэнд дэх хамгийн том хувийн хөрөнгө оруулалт болжээ. Тус улсын цахилгаан эрчим хүчний 70 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангадаг байна.

Шинээр ашиглалтад орж буй Лэйк Туркана салхин паркаас гадна Африк тивийн Марокко, Этиоп, Өмнөд Африк зэрэг улс салхин цахилгаан станцтай. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор 2030 он гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний түвшинд хүрэхийн тулд Африк тивд 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top