-Төрд орж ирсэн хүмүүс нь байгалийн баялгийг бизнес болгож ирлээ. Монголын ард түмэнд юу ч үлдээгүй-
“ТВ8” телевизээс бэлтгэн хүргэдэг Хариуцлагатай нийгмийн төлөө хараат бус сэтгүүлзүй уриатай “ХХ хөтөлбөр”-ийн ээлжит зочноор МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар оролцсон байна. Түүний ярилцлагыг нь хүргэж байна.
-Бид “Хариуцлагатай нийгмийн төлөө хараат бус сэтгүүлзүй” уриаг гол зорилго, чиглэл болгон ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбар хариуцлагатай байх ёстой талаар бид хөндөж байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед уул уурхайн салбарын үр ашиг, газрын баялгийн талаар та болон танай нам байр суурьтай байгааг юуны өмнө тодруулья?
-Энэ бол өнөөдөр анх ярьж байгаа асуудал биш л дээ. Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхдээ Монголын баялгийг хувьцаанд оруулах ёстой, түүнийхээ тодорхой хувийг ард түмэн эзэмшинэ гэдэг байр сууринаас аль 15, 16 жил тэмцэж, ажиллаж байна. Үндсэн хуулийн гол өөрчлөлт нь байгалийн баялаг. Байгалийн баялгаа хэрхэн хуваарилах, хэрхэн хамгаалахаас Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний амьдрал шалтгаална. Харамсалтай нь, байгалийн баялагт зэрлэг, балмад хэлбэрээр хандаж ирсэн. Төрд орж ирсэн хүмүүс нь байгалийн баялгийг бизнес болгож ирлээ. Монголын ард түмэнд юу ч үлдээгүй. Үүний бодит жишээ нь, Оюутолгой, Тавантолгойн орд юм.
Одоогийн Үндсэн хуулийн 6.1-т заасан байдаг. Байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж. Гэтэл хэн ч үүнийг мэддэггүй. Хяналт тавих тал дээр хөөцөлддөггүй, тийм ч боломж байхгүй. Харин сүүлийн үед газар сайгүй иргэд л нутгаа хамгаалан тэмцэж байна. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн сэрж байна гэж ойлгож болно. Өнөөдөр Үндсэн хуулийн мухардалд орчихсон. Үндсэн хуулийн хямралд өртчихсөн байна. Үүнээс гарах зам цогц Үндсэн хууль юм. Эрх баригч намын болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шүүмжлэлтэй хандахаас аргагүй. Бүх нийтээрээ тойрч суугаад ярилцах шаардлагатай.
-Өмнөговь аймгийн Гурвантэс суманд л гэхэд 10 гаруй уурхай үйл ажиллагаа явуулж байна. Энд “Сауд гоби коэл транс” гэх компанийн дарга нар албан тушаалаараа түрээ барьж авсан лицензээрээ үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ уурхайн үйл ажиллагааг зогсоох ёстой гэж үзэж байгаа. Та энэ нутгийн хүн, ямар байр суурьтай байна вэ?
-Үнэнийг хэлэхэд Өмнөговь тэр чигтээ ашиг хүртэх биш өрөнд орж байна. Тост, Тосон бумбын орд газрын үйл ажиллагаа бол гэмт хэрэг. Үүнийг нутгийн бүх хүн эсэргүүцээд л яваа. Шалгах хэрэгтэй шүү дээ. Миний хувьд уул уурхайн салбарт хуруу дүрэх сонирхолгүй явдаг. Тост, Тосон бумбын орд газар бол төрийн тусгай хамгаалалтад байдаг. Засгийн газрын шийдвэр, түүнийг гаргуулж авсан хүн нь хууль бус. Тэр хүмүүс алдаагаа зас, хохирлоо барагдуул л гэж хэлье. Би Б.Чойжилсүрэнтэй хамт парламентад сууж байсан. Өөрийнхөө бурууг ойлгосон байлгүй дээ гэж бодож байна.
-Хууль бус, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох төдийгүй байгалийг нь өмнөх шиг нь болгох хэрэгтэй байх?
-Нэгдүгээрт, орон нутгийн төрийн байгууллага нь хууль, хяналтынханд асуудлаа тавьж шийдэх ёстой. Өмнөговийн зүүн талыг бүхэлд нь сүйтгэсэн. Энэ нь хүн ам, байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулсан. Үүнийг орон нутгийнхан л шийднэ. Мэдээж авлига, худалдагдсан хууль хяналтынхнаас салах ёстой. Тэд асар их мөнгө идсэн. Энэ чиглэлд хэвлэл мэдээллийнхэн ч ажиллах ёстой.
-Та УИХ-д сууж байхдаа газрын доорх баялгийн асуудлаар хүчтэй дуугардаг байсан гишүүдийн нэг. Тухайн үед говийн байгалийн баялгийг хамгаалж үлдэхийн төлөө хатуу суурь баримталж байсан шүү дээ.
-Би 2000 онд УИХ-ын гишүүн болж бүх материалтай танилцаж байсан. Оюутолгойг түргэн ашиглалтад оруулж, үр ашиг нь ард түмэнд очих ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Харамсалтай нь, тэр бүхэнд эзэн суух бохир улс төр эрчимтэй явсан гэж ойлгож болно. МАНАН бүлэглэл эзэн сууж байсан шүү дээ. Ер нь Үндсэн хуулийн зохицуулалтыг зөв болгохын төлөө ажилласан. Бид цөөхөн байна. Олон удаа дуугарсан, олон ч хурал хийсэн. Говийн эмзэг хөрсийг сүйтгэж байна. Тост, Тосон бумба болон Баянтэс сумын тэр сайхан байгаль үгүй болж байна. Энэ нь Б.Чойжилсүрэн нарт ямар ч хамаагүй, зөвхөн ашиг олж байна. Тавантолгойгоо зөв ашиглаж чадахгүй, ард түмэн ашиг хүртэж чадахгүй байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэр олон хууль бус зөвшөөрлийг цуцлах ёстой. Бодлогын хүрээнд өөрчлөх цаг нь болсон гэж бодож байна.
-Өмнөговь аймгийн Гурвантэс суманд олон уурхай үйл ажиллагаа явуулж байна. Цаашид тэнд уул уурхай хэрэгтэй гэж бодож байна уу?
-Ердөө л өгөөж нь ард түмэнд хүрсэн уурхайг л ажиллуулах ёстой. Тэрнээс байгаль дэлхийг сүйтгэдэг уурхай хэрэггүй. Өнөөдөр тэр МАНАН бүлэглэл, 30 гэр бүлийн төлөөлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болохгүй. Зоримог шийдвэр л хэрэгтэй дээ. Ухаалаг, хууль эрх зүйн түвшинд, ширээний ард асуудлаа шийдэх ёстой.
-Бид үзгээс өөр ямар ч зэвсэггүй. Гэхдээ хууль бус уул уурхайг нэг нэгээр нь илчилж, тэмцэхийг зорьж байна. Эхнийх нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Баянтэсийн уурхай юм. Энэ уурхайн хууль бус үйлдлүүдийг судалж байна л даа. Та Шадар сайдын албан тушаалыг хашиж байсан. Таны харьяанд Мэргэжлийн хяналтын байгууллага байсан. Тэдэнд хяналт, шалгалт гэж алга. Та санал нийлэх үү?
-Эрх мэдэл, албан тушаалаараа түрээ барьсан нөхдөөс шалтгаалдаг. Хяналт, шалгалтын байгууллага нь МАНАН бүлэглэлийнх болчихсон учраас олигтой ажиллаж чадахгүй байна. Тэд хууль бус үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй. Тэр Өмнөговийн Баянтэс уурхайн хувьд 31 зөрчил илэрсэн, тэдгээрийг арилгаагүй л байгаа бол үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа тов тодорхой байдаг.
-Баянтэсийн уурхайн хууль бус үйл ажиллагаатай чадлаараа л тэмцэж байна. Иргэний нийгмийн байгууллагатай хамтарч Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч нутгийн иргэд оролцох хүсэлтээ ихээр ирүүлсэн. Тиймээс долоодугаар сарын 29-нд Даланзадгад хотод хэлэлцүүгийн эхний шатыг хийхээр ажиллаж байна. Харин ирэх сарын эхээр Төрийн ордонд хэлэлцүүлэг хийнэ. Энэ хэлэлцүүлэгт та оролцох боломжтой юу?
-Би оролцохоор төлөвлөж байна. Энэ асуудалд ямар ч гэсэн анхаарч байна. Би Тост, Тосон бумбын ордод ажиллана. Цаашид энэ асуудлыг багцаар нь, цогцоор нь шийдэх ёстой. Та монгол хүн бол энэ асуудалд хамтарч ажилла. Дуу хоолойгоо өргө. Өмнөговийн нутгийн хүний хувьд байгалийн баялгаас хувьцаа олгож байх санаачилгыг анх гаргаж байсан хүний хувьд хэлэлцүүлэгт оролцох болно.
-Та төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан. Одоо ч тодорхой хэмжээний албан тушаалыг хашиж явна. Тэгвэл Засгийн газар болон УИХ ямар нэгэн хууль бус шийдвэрийг цуцлах үүрэгтэй юу, тийм боломж бий юу?
-Үүрэгтэй. Тогтолцоо нь буруу байна. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр шийдэж чадахгүй. Үүнд Үндсэн хуулийг цогцоор нь өөрчлөх хэрэгтэй байна. Одоогийн УИХ-ыг ард түмний хяналтад оруулах хэрэгтэй байна. Дээр нь хувь хүн, сонгогч та хариуцлагатай байх ёстой. Мөнгөөр сонголт хийснийхээ горыг өнөөдөр амсаад сууж байна. Энэ бүхнээсээ ард түмэн салах байх, хаширсан байх гэж бодож байна. Тиймээс монголчууд сэрж байгаа гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Сэтгэгдэл ( 1 )
ene uuruu OT-n gereend oroltsoj 750.0 usd-n avilga avsan