Д.Гангабаатар: Зөвшилцөл хэрхэн явахаас хамаарч дараагийн УИХ Үндсэн хуулийг батлах уу гэдэг хэмжээнд очиж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Үндсэн хууль судлаач Дашбалбарын Гангабаатартай ярилцлаа.


-Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн. Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн төсөл, саналаа УИХ-д өргөн барьснаар гацаанд орлоо гэж байна. Гэвч хэлэлцүүлэг өрнөж байна л даа. Үндсэн хууль судлаачийн гэдэг утгаар нь таны байр суурийг сонирхмоор байна...

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэд хэдэн парламент дамжин яригдсан. 1992 онд батлагдсан манай Үндсэн хуулийг сайн болсон гэж гадна, дотнын судлаачид дүгнэсэн байдаг. Үндсэн хуулийг өөрчилж болно. Гэхдээ маш хатуу шалгууртай байх ёстой. Шалгуур нь хатуу байлаа гээд өөрчилж болохгүй гэсэн үг биш.

Төрийн институц хоорондын эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийн хувьд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага бий. Үе үеийн парламент хийгээд улс төрийн намууд энэ асуудлыг хөндөж ирсэн. 2000 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүлсэнгүй, иргэд, судлаачдын оролцуулалгүй баталсан гэдэг. Тэр утгаараа Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа энэ үед Ерөнхийлөгч, төрийн бусад институц, иргэд, судлаачид бүгд оролцох ёстой. Энэ утгаар нь авч үзвэл Ерөнхийлөгчийн оруулсан саналыг хэлэлцэх, тусгах шаардлагатай.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналд дэмж­чихээр ямар заалтууд байгаа бол. Бүгдийг нь дэмжих боломжгүй ч дэмжих боломжтой заалтууд бий гэдгийг онцолж байна, хуульчид...

-Ерөнхийлөгчийн өгсөн саналд дэмжээд явчих хэд хэдэн заалт бий. Тухайлбал, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараад пропорциональ системийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хэрэглэх боломжгүй болсон. Тиймээс 2016 оны сонгууль мажоритар тогтолцоогоор явсан. Зөвхөн мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар жижиг намууд сонгуульд ялах боломжгүй болж хоёр намын тогтолцоо бүрддэг. Иргэд болон жижиг улс төрийн намууд зөвхөн хоёр намд хуваагдаж байна гэдэг шүүмжлэл байдаг.

Илүү олон намын тогтолцоог бүрдүүлэх боломж нь пропорциональ тогтолцоог оруулж ирснээр бүрдэнэ. Үндсэндээ пропорциональ, эсвэл холимог тогтолцоо аль алийг нь оруулсан томъёоллыг Ерөнхийлөгч оруулж ирсэн. Үүнийг дэмжих боломжтой гэж харж байгаа. Түүнчлэн одоогийн парламентын 76 гишүүнийг 108 болгох санал орж ирсэн. Ард түмэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонгогчид 76 гишүүнийг сонгодог боловч одоогийн тогтолцоогоор 20 хүн хууль баталж байгаа биз дээ. 20 гишүүн гурван сая иргэн таны эрхийг хязгаарлаж магадгүй хуулийг батлаад суух нь зүйд нийцэх үү. Тиймээс эргэж харах шаардлагатай.

-Шүүх байгуулалтын тухайд та ямар байр суурьтай байгаа вэ. Дээд шүүхийн шүүгчийг бүх насаар нь томилно. Шүүхийн тусгай байгууллага байгуулна гэсэн байна лээ?

-Шүүхийн томилгоо, бие даасан байдал нь ардчилсан нийгмийн амин сүнс. Тэр утгаараа нэлээдгүй заалтууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орж байгаа. Ялангуяа шүүгчийг томилоход оролцож буй субьект болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг хэрхэн томилох вэ гэдэг асуудал нэмэлт, өөрчлөлтөөр орж ирсэн. Үүнийг зайлшгүй дэмжих ёстой заалт. Шүүгчид хараат болчихлоо, бие даасан биш байна гэж улстөрчид шүүмжлээд байдаг. Шүүмжилж байгаа бол гарцыг нь олох цаг болсон. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдэх нь зөв.

-Энэ удаагийн нэмэлт, өөрч­лөлтийг косметик маягийн болж байна гэж харах хүмүүс бий. Агуулгын хувьд хэрхэн дүгнэх вэ?

-Хэлбэр төдий гэж яриад байгаатай санал нийлэхгүй. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр олон институцыг хамарсан зохицуулалт орж ирсэн. Засгийн газар, УИХ, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн асуудлыг хөндөж байна шүү дээ. Косметик гэж хэлж байгаа бол улс төрийн л нэг тоглолт гэж бодож байна.

УИХ-ын 62 гишүүн өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн болон Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл, санал нийлээд Үндсэн хуулийн 35 хувиас дээш болчихлоо. Тиймээс ямар ч байсан 35 хувиас хэтрүүлж болохгүй. Одоогийн Үндсэн хууль сайн хууль шүү дээ. Эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэдэг шиг Үндсэн хуулиа эвдэх зүйл рүү яав ч орж болохгүй.

-Эрх баригч нам 64 суудалтай үнэмлэхүй олонх байх үедээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь буруу гэх юм. ЖДҮ-гээс зээл авахаас эхлээд хууль бус зүйлд холбогдсон гишүүд Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байхгүй гэдгийг Ардчилсан намаас удаа дараа илэрхийлж байсан. Парламентад олон намын төлөөлөл бүрдсэн үед хэлэлц гэх юм...

-Мажоритар тогтолцоогоор бид дараагийн сонгуулиа явуулбал хоёр нам л олонх болж гарч ирнэ. Үндсэн хуулийн асуудлыг гарч ирсэн нам дахин ярих болно. Үүнээс хаашаа ч гарах боломжгүй. Тэр утгаараа Үндсэн хуулиар эрх нь олгогдсон байгууллага нэмэлт, өөрчлөлт оруулна. Одоогийн УИХ-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй байгаа. Гагцхүү ямар сонголт яригдах вэ гэхээр парламент өөрөө батлах уу, ард нийтийн санал асуулгаар оруулах уу гэдэг хоёр өнцгийг ярих ёстой.

-Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг УИХ тогтоол гаргаж шийднэ. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийг хэлэлцээд ява­хаар ард нийтийн санал асуулга явуулах хугацаа байна уу?

-Ард нийтийн санал асуулга явуулаад УИХ өөрөө Үндсэн хуулийг батлах хангалттай хугацаа үлдсэнгүй. Одоо амжиж батлах уу, үгүй юу гэдэг хугацаа л яригдаж байна. Хэлэлцүүлэг, зөвшилцөл, ойлголцол ямар хэмжээнд явахаас хамаарч дараагийн УИХ Үндсэн хуулийг батлах уу гэдэг хэмжээнд очиж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө есдүгээр сард багтааж батлахгүй бол цаг хугацаа давчуу үлдсэн.

-Гүйцэтгэх засаглалын талаарх нэмэлт, өөрчлөлт дээр таны бодол ямар байгаа бол. Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнийг УИХ-ын гишүүн байх ёстой гэсэн. УИХ-ын төсөл дээр үндсэн чиг үүргийн дөрвөн яамны сайд, Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно гээд байгаа. Ерөнхий сайдаас бусад танхимын гишүүд гаднаас ороод ирвэл УИХ, Засгийн газрын уялдаа алдагдаж, засаг улам хэврэгших юм биш үү?

-Засгийн газар тогтворгүй байна гэдгийг өнөөдөр хүртэл ярьсаар ирлээ. Хамгийн гол нь Засгийн газар бие дааж ажилладаг, хариуцлагаа хүлээдэг байхад чиглэсэн нэмэлт, өөрчлөлт байх ёстой. Тиймээс Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг парламентын гишүүн байна. Бусад сайд нар нь парламентын гишүүн байхгүй гэдэг заалт оруулж ирсэн. Улс төрийн намын төлөөлөл хийгээд салбар бүрийнхэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсарч ажиллаж болохгүй гэж ярьдаг л даа. Бусад орны жишиг 500-600 гишүүнтэй парламент байна. Тэдгээр орнуудын жишгийг харахаар Засгийн газрын гишүүн заавал парламентын гишүүн байна гээд заачихсан байдаг. Ингэснээр харилцан ойлголцож ажил явна гэж үздэг. Нөгөөтэйгүүр цөөн хүн амтай, парламентын гишүүдийн тоо нь цөөн, 20 хүн хууль баталж байгаа энэ үед парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байгаа нь Засгийн газрын парламент дахь зүй бус нөлөөллийг ихэсгэж байгаа юм. Тиймээс хязгаарлах нь зөв.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ҮАБЗ-өөр хэлэлцэж батлахаар Ерөнхийлөгч саналдаа тусгасан байна лээ. Засгийн газрын алдаатай шийдвэрийг ҮАБЗ хянана гэх юм. Засгийн газар ҮАБЗ-ийн хаяанд гэрээ барьчихаж байгаа юм уу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр сонгуульд орсон намынхаа мөрийн хөтөлбөртэй уялдаж гардаг. Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нь ард түмэн шүүнэ биз дээ. Тиймээс энэ эрх ард түмний гарт байх ёстой. Ард түмэн мөрийн хөтөлбөрийг нь шүүн тунгаагаад дэмжвэл тухайн нам, эвсэлд эрх барих эрхийг өгдөг. Үүгээрээ дамжуулаад ялсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг тогтолцоо шүү дээ.

-Засаг захиргаа, нутаг дэвс­гэрийн тухайд сумын Засаг даргыг иргэд сонгоно. Аймгийн Засаг даргыг сумын ИТХ-аас сонгогдон аймгийн төлөөлөгч нар нэр дэвшүүлэхээр орж ирсэн. Тус тусдаа бие даасан ханлигууд болчих гээд байна уу?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухайд хуримтлагдсан олон асуудал бий. Засаг даргаа томилж чаддаггүй, төсвөө баталж чаддаггүй гээд үргэлжилнэ. Хувь судлаачийн байр суурийг илэрхийлэхэд тэр бүхнийг Үндсэн хуулиар зохицуулах шаардлагагүй. Олон асуудлыг органик хуулиар зохицуулах боломжтой. Заримыг нь шийдэх ёстой. Тухайлбал, хотын статус байх жишээтэй.

-Ерөнхийлөгчийн зүгээс Үнд­сэн хуулийн 6.1, 6.2-ыг хөндсөн байна лээ. Газрын доорх баялаг төрийн өмч бус нийтийн өмч байх ёстой гээд байгаа...

-Одоогийн манай хууль тогтоомжоор нийтийн өмч чинь төрийн, орон нутгийн, шашны гээд ангилагддаг. Бид шинээр нийтийн өмч гэж юу гэдэг асуудлыг ярих шаардлага үүсэх гээд байгаа юм. Үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Нийтийн өмч гэчихээр ард түмний өмч болчих юм шиг төөрөгдөл ард түмний дунд байж магадгүй. Угаасаа Үндсэн хуульд төрийн өмч ард түмний мэдэлд байна гээд заачихсан. Нийтийн өмч гэдэг нэр оноосноор ард түмний хүсээд байгаа үр дагаварт шууд хүргэнэ гэж өнгөц харж болохгүй. Нийтийн өмч гэж оруулах гэж байгаа бол нийтийн өмч гэдэг үр дагаврыг урьдчилан харсан байх шаардлагатай. Үндсэн хуулийн нэр томъёо бүр чухал ач холбогдолтой. Үүний цаана олон зүйл хөндөгдөж байдаг.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.165) 2019 оны 07 сарын 26

Пропорцианал систем манайд тохирохгүй нэр нүүрээ алдсан хулгайч нар намын нэрээр нуугдаж байгаад хулгайн замаар гарч ирдэг тухайлбал Сайханбилэг Баяр Баярцогт Тарийн баннаас хулгайлсан Батбаяр Гарамгайбаатар Эрдэнабат Эрдэнэт 49-удирдагч.Элвэгдоржтонгууд гэсэн хулгайгаар хөрөнгөжсөн олигоорхууд нэрсийн жагсаалтаар гарна.Ингэхийн тулд МАНАН -гаас зохион байгуулж ард түмнийг хуурч хулихдаж хошгируулсан арга ард түмэг хууртахгүй шүү нүүрээ нуусан хулгайч нараа Бүх ард түмэнд нүүр тулж учирсан хүнийг сонгоно шүү

0  |  0
Baagii (24.19.0.46) 2019 оны 07 сарын 24

Chi aaviinhaa urgeljel bol ard tumnii huchiig demjeeree

1  |  0
Top