-Хэдэн мөчир хатгачихаад нөхөн сэргээлт мөн биш гэж талцаж хэрэлддэг үе ард хоцорч нутгийн иргэд уул уурхайн компанитай харилцахдаа том том сэдэвтэй, том том амбицтай болжээ. Энэ талаараа заримдаа төрөөс ч илүү болж байгаа харагддаг. Энэ л уул уурхайн хөгжил юм-
Намар болж хүн хүртэл хөеөгөө бэлтгэдэг өдрүүд эхлэв. Монголчууд зэсээ, алтаа, нүүрсээ “идсээр” хүссэн ч, эс хүссэн ч хорь гаруй жилийг ардаа орхижээ. Үүнийхээ талаас нь эхлээд хариуцлагатай уул уурхайн талаар ярьж эхэлсэн. Ярих ёстой сэдэв мөн. Гэхдээ зөв ярьж байна уу гэдэгт учир бий. Алт, зэс, нүүрс иддэггүй ч улс орны эдийн засгийн үр ашгийн талаар ярихад нэгэн зууны түүх бий тул нурших нь илүүц. Гэтэл экскаватор хараад л “Байгаль сүйдэллээ” гэж жагсах, үр дүнд нь алтаа зарж олсон мөнгөнөөс нь атгаад буцдаг завхрал одоо хоцрогдсон. Нөгөөтэйгүүр нөхөн сэргээлт гэхээр мөчир хатгаад хаячихдаг нь ч мөн л эмгэнэл болж үлдсэн. Өнөөдөр Өмнөговь гэж үлгэрийн диваажин байдаг, өмнөговьчууд монголчуудаас илүү амьдардаг гэх ойлголтыг зөв залуурдвал хариуцлагатай уул уурхай гэгч рүү нэлээд дөхнө.
Өнөөдөр олон уурхайтай аймаг, сумын хөгжлийн иргэдэд, өрхөд үзүүлэх нөлөө тун харьцангуй байна. Олон жилийн түүхтэй Заамар, Өмнөговийн Ханбогдоос илүү хөгжиж, нутгийн иргэдээ “жаргааж” чадахгүй байгаагийн нууц нь өнөөх компанийн засаглал гэгчтэй заавал хамаатай болж таарч байна.
Нөлөөллийн бүсэд байгаа аймгаа “эрхлүүлж” өвсийг нь хүртэл хадаж, цасыг нь арилгаж сургууль, цэцэрлэг, эмнэлгээр хомсдуулахгүй байна гэдэг сайн хэрэг. Сүүлдээ бүр нутгаас нь төрж цолонд хүрсэн, наадамд түрүүлсэн бөх, хурдан морины бай шагналыг хүртэл өгч нэг ёсондоо таалагдах бүхнийг хийх болов. Гэтэл ямар эрсдлийн үнээр тэр мөнгө бий болов гэдгийг хэрэглэгчид буюу нутгийнхан тэр бүр ойлгодоггүй. “Манай нутгийг ухаж байгаа юм чинь өгөх ёстой. Өглөө босоод тэднээс юу нэхэх вэ” гэх нь холгүй байх нь бий. Өвөрхангай алтны уурхайгаас амандаа орсон мөнгийг нэхэж, “одоогийн боломж энэ” гээд арван сая төгрөг өгөхөөр нь таван сая төгрөгөөр буу сум аваад Төрийн ордны дэргэд дуугаргаад Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шоронд орсон гашуун түүх мартагдаагүй байна. Уул уурхайг жигшээвч уул уурхайгаас олборлосон баялгийн мөнгөөр тэжээгддэг хүмүүс улс орныг үймүүлж, хөрөнгө оруулагчдыг дайжаасаар сүүлдээ тэднийг зөвтгөгчид ховордсон нь ажиглагдах болов. Энэ бүхэн “зөв зохистой” уул уурхайг иргэд дэмжиж, үр шимийг нь хүртэх бодит нөхцөл байдалтай эвлэрснийх гэлтэй.
“Тэмцэгчид” юу хүсэхээ, нутгийн иргэд хэнийг дэмжихээ мэддэг болжээ. Цаашилбал уул уурхайгаараа “гоёж”, давуу талаа болгож нутаг орныхоо хөгжилд хөрөнгө оруулагчдыг, үнэн хэрэгтээ баялгаа ашиглаж эхэлж буй нь өнгөрсөн 20 гаруй жилийн түүхийг туулсан сорилын дүн гэлтэй.
Өнөөдөр уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар хураамжийн хэмээ 1.2 их наяд төгрөгт хүрээд байна. Оны эхний таван сарын байдлаар ингэж гарсан гэхээр оны төгсгөлд дахиад ийм хэмжээний татвар төсөвт очно гэсэн үг. Гадаад худалдааны бараа эргэлт өнгөрсөн оныхоос 10.2 хувиар өсч экспорт импортын зөрүү 948.3 сая ам.доллараар нэмэгджээ. Дахиад долоон сарын дараа оны эцсийн дүн гарна. Энэ бол зөвхөн улсын төсөвт очих татвар хураамжийн орлого. Нутаг орны хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт мөн нэмэгдэнэ. Татварын тайлан, “Топ” компаниудаа шалгаруулахад нутагт нь үйл ажиллагаа явуулдаг компаниудыг наадамд сойсон хүлгээ хаахнуур давхих нь вэ гэх адил харж суух болсноос харахад нийгэмд хариуцлагатай уул уурхайг эергээр ойлгох хандлага хэдийн суурьшжээ.
Цаашид улам дэгжих хөгжих шаардлагатайг үгүйсгэх аргагүй. Энэ нь шунасандаа биш, байнга хөгжиж дэвжиж байх ёстой нийгмийн шаардлагын дагуу тэр. Тухайлбал баялгаа эцийн бүтээгдэхүүн болгож дэлхийн үнэ ханшаар зарах шаардлага тулгараад байна. Энэ онд л гэхэд “Өсөх зоос”, “МАК” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Эрчим хүчний дутагдлаас шалтгаалж хүчин чадлаа бууруулснаар жилд нэг сая тонн нүүрс угаах чадалтай үйлдвэр босох гэж байгаа ч баяжуулалтдаа гүний ус ашиглалгүй үерийн үеэр хуримтлагдсан нэг сая метр куб орчим усыг эхний жилүүдэд ашиглахаар төлөвлөж байгаа гэцгээдэг юм билээ. Өнгөрсөн хугацаанд Тавантолгойн нүүрсийг үнэ хүргэж зарах талаар төрөөс, тухайлбал УИХ, Засгийн газраас цөөнгүй тогтоол, шийдвэр гарсан байдаг. Гэтэл бодит байдал дээр засаглалын тогтворгүй байдал, элдэв улстөржилтөөс шалтгаалж Баяннуурт нүүрсээ угаалгахаар гэрээлээд сууж байна.
“Эрдэнэс Тавантолгой” бол Төрийн компани. Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд нь ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” үүрэгтэй, Ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээнэ, зөвхөн ашиг олох зорилгоор сорчлон ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Манай түүхий нүүрс хил давлаа бол Хятадын өмч. Баяннуурт нүүрсээ угаалгах нь ашигтай байж болох хэдий ч хууль зөрчсөн үү, татвар хураамжаа бүрэн авч чадаж байна уу гэдгийг холбогдох газрууд шалгаж олон нийтэд мэдээлэх шаардлагатай байна.
Монголчууд нүүрсээ угаагаад зарж байвал сайн хэрэг ч, хэзээ, хаана, хэнээр угаалгах вэ, хууль зөрчиж байна уу гэдгээ л анхаарах хэрэгтэй. “Хэрвээ төмөр замаа тавьчихсан бол…” гээд санаа алдаад суугаад байх уу. “Аспайр майнинг” Овоотын ордоор дайруулан ОХУ-тай хиллэх Арцсуурь боомт хүртэлж 780 км, Дорноговь аймгийн Зүүнбаян баг дахь төмөр замын өртөөнөөс БНХАУ-тай хиллэх Ханги боомтын чиглэлд 280 км төмөр зам барих хоёр тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр “тайзнаа” гарсан ч өнөөх нь хатуу хучилттай автозам барих төслөөр солигдож, сүүлдээ төмөр замын ч, автозамын ч төсөл гацчихлаа. Аливаа дэд бүтэц, зам харилцааны бүтээн байгуулалтын төсөл нутгийн иргэдэд хамгийн нэр хүндтэй, бахархалтай хөрөнгө оруулалт болж байдаг. Ямар сайндаа бартаатай, зам муутай нутгийнхнаас “Танай тойргоос сонгогдсон гишүүн чинь хэн билээ”, “Танай нутагт уул уурхайн томоохон компани байдаггүй юм уу” гэж асуух нь өнөөдөр жирийн хандлага болоод байна. Орон нутгийн иргэдийн мэдрэмж байтугай мэдлэг дээшилж экспортын төмрийн хүдрийн үнэ, Хятадын гангийн үйлдвэрийн түүхий эдийн эрэлтийг хүртэл сонирхдог, мэддэг болсон гээд бод доо. Өөрөөр хэлбэл иргэд баялгийг хүртэхийн тулд хөрөнгө оруулагчдынхаа бизнесийн зовлон жаргалыг хуваалцаж, татвар хураамжийг нь хүртэхдээ компанийн ашиг орлогын хуваарилалтын ил тод байдалд зөвөөр оролцож эхэлж байна. Хариуцлагатай уул уурхай ингэж нутгийн иргэдтэй нэг гэр бүл мэт болохыг хэлдэг. Ямар ч байсан хэдэн мөчир хатгачихаад нөхөн сэргээлт мөн биш гэж талцаж хэрэлддэг үе ард хоцорч нутгийн иргэд уул уурхайн компанитай харилцахдаа том том сэдэвтэй, том том амбицтай болжээ. Энэ талаараа заримдаа төрөөс ч илүү болж байгаа харагддаг. Энэ л уул уурхайн хөгжил юм.
У.ОРГИЛМАА
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Сэтгэгдэл ( 0 )