“Үхмээр санагдсан шөнүүдэд өвдгөө тэврэн сууж, эрх чөлөөг хүсэмжлэхдээ диваажингийн тухай санаашран, нөхцөгсдийн сүнстэй ярилцаж, ааваа хашхичан дуудах... Одоо уйлмаар санагдаж байвал та О.Элбэгтөгсийн эмгэнэлийн үр хөврөлийн тээгч нь гарцаагүй болжээ” хэмээн “Тагтаа Паблишин”-гийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан түүний номд бичжээ.
“Бид хоосон хийгээд уйтгараас бүтэж бүрэлдсэн
Биднийг ховсын хүч, хараалын шид өсгөж хүмүүжүүлснээр...” хэмээн түүний араатан сэрэхүйн оч дөл нуугдсан харц ширүүсэж ирснээ төдхөнөө энхэр бүсгүйн тэврэлтэд зөөлрөх мэт хүүхдэрхүү гэнэн цагаан инээмсэглэлээр солигдох нь мөнөөх л яруу найрагчийн шинж. Орчин цагийн яруу найргийн ертөнцөд аль хэдийн тэнцвэрээ олсныг гүн хэлмэрчлэх “ТЭНЦВЭР” ном яг одоо миний гарт байна.
Цоожтой хаалга, нээлттэй цонх бүрээс нь цочих, айх, түгших мэдрэмжээ сэргээн санадаг
Улаанбаатар бол ууж агсамнасан эр улс төр ярьж хямдхан янжуурынхаа
утаан цаанаас харагдахаа байсан хорооллын давчуухан уушны газар гэж тэр л хэлж чадна.
Тэр ийм л эрс шулуухан, эрэмгий “урбан” шүлгүүдтэй. "Эмгэнэлийн үр хөврөл", "Чимээгүй хот", "Чөлөөт шувуу", "Бүслэлт", "Тэнцвэр" яруу найраг, өгүүллэгийн номуудад өөрийн дуу хоолойгоо тунхагласан яруу найрагч О.Элбэгтөгсийг хүрээ хотод ирээд, хүнээс далд бүгээд байхад нь хөөрөлдөж суусан минь энэ.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?
-Өгүүллэг, тууж гээд үргэлжилсэн үгийн зохиол бичиж байна. Гаргаж хэвлүүлэх, ном болгохын тухайд нэг их яарахгүй байна. Хамгийн гол нь уран зохиолд үнэ цэнтэй, үлдэцтэй бүтээл туурвихын тулд л ажиллаж байна даа.
-УДЭТ-т “Надтай үлдээч ” уянгын драмын жүжиг чинь тавигдах гэж байгаа даа?
-Тийм ээ. УДЭТ-ын залуу найруулагч А.Чингүүн найз маань энэхүү жүжгийг бичих санал тавьсан. Өмнө нь хэд хэдэн жүжиг оролдож байсан ч гэлээ том тайзан дээр тавигдах, олон нийтийн таашаалд нийцэх жүжиг бичнэ гэдэг тун хэцүү даваа байлаа. Найруулагч А.Чингүн маань надад маш их дэм үзүүлж, үзэгдэл болгон дээр ярилцаж, зөвлөлдөж санаагаа уралдуулсны эцэст жүжгийг бичсэн дээ.
-Жүжгийн утга санаа, хэлэх гэсэн өгүүлэмж нь юу вэ?
-Ерөнхийдөө цахим орчин хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар өгүүлнэ. Ер нь тэгээд одоо миний гэхээсээ илүүтэй найруулагч А.Чингүний уран санаа, ур авьяас хэрхэн хэлбэрээ олох вэ гэдгийг л харна. Тайз болоод дэлгэцийн бүтээлүүд найруулагчаараа овоглогддог шүү дээ.
-Тууж бичиж байгаа гэлээ. Ер нь санаагаа хэрхэн олдог вэ?
-Санаа хайдаггүй, олдоггүй. Санааг төрүүлдэг. Миний хувьд амьдралын хөрстэйгөө барьцалдуулж бичих дуртай. Жинхэнэ уран зохиол бидний амьдрал дунд байна. Гол нь үйл явдал хөөцөлдөж бичих биш болж өгвөл миний дотор юу байгаа юм бэ гэдгийг уудалж амьдралын мөн чанарыг ухааруулсан залууст урам зориг өгчих алтан эшлэлтэй бүтээлүүд туурвимаар байгаа юм.
Яруу найрагчид бол ямагт үнэний дуу хоолой байсаар ирсэн учир золиос болсон хүмүүс нь байдаг.
Тэдний тууштай, бадрангуй, бардам омголон чанар бусдыг гэрэлтүүлээд өөрийгөө үйх зулын гол адил уран бүтээлч хүмүүс үхэн үхтлээ шатаж байдаг.
-Таны амьдралын мөн чанар яг юунд оршдог вэ?
-Амьдрал утгагүй санагдах үе урьд өмнө нь байсан. Одоо бол больсон. Амьдралтай зууралдаад л байж байх хэрэгтэй юм байна. Хүнд амьдрах хугацаа гэж нэг юм бий. Тэр болтол амьдарсан шиг амьдраад сайн эцэг, сайн хань, сайн хамтрагч, сайн найз байхын тулд амьдрах, уран бүтээлийг хоёрт тавихгүй бол амьдралд бид маш олон зүйлийг золиослох шаардлага гардаг.
-Олон сайхан яруу найрагчид уран бүтээлийг нэгт тавиад амьдралаа үрсэн, архинд живсэн, цэл залуудаа хорвоог орхисон гунигтай түүх бий?
-Тэр бол хүний өөрийнх нь л сонголт. Үнэхээр суутнууд шиг мянган жилд дуурьсагдах бүтээлээ туурвиж чадаж байвал нэг хэрэг. Худлаа хийж бүтээж гавьсан юмгүй хийрхээд яваад байгаа бол өөр хэрэг. Уран бүтээлээс өөр амьдралгүй мэт сэтгэж, уран бүтээлч хүн сайхан амьдрах ёсгүй, хангалуун байх ёсгүй гэж боддог бол одоо юу хэлэх вэ дээ. Уран бүтээлчийн замнал гэж тусдаа юм байхгүй. Бид зүгээр л нийгмийг бүрэлдүүлж буй нэг л эд эс, элсэн ширхэг төдий. Ингэж алдаж байгаа залуус байвал эртхэн ухаараасай л гэж захих байна.
-Тэр л суутнуудын амьдрал уран бүтээлийг судлаад байхад маш эмгэнэлтэй санагддаг. Нийгэмдээ ад үзэгдсэн, галзуу солиотойгоороо дуудуулсан, үгээгүй ядуу амьдралыг туулсан хүмүүс их байдаг шүү?
-Өнөөдөр хүн төрөлхтөн харьцангуй тайван цаг үед амьдарч байна. Тухайн цаг үедээ хүн амар тайван, аз жаргалд хүрэхийн төлөө тэмцдэг байсан. Яруу найрагчид бол ямагт үнэний дуу хоолой байсаар ирсэн учир золиос болсон хүмүүс нь байдаг. Тэдний тууштай, бадрангуй, бардам омголон чанар бусдыг гэрэлтүүлээд өөрийгөө үйх зулын гол адил уран бүтээлч хүмүүс үхэн үхтлээ шатаж байдаг. Нөгөө талаараа боловсорсных. Боловсрол гэдэг бол зөвхөн диплом биш хүн байх, шударга байх, сэтгэл оюуны хүчтэй байх юм л даа.
-Та өөрийгөө хэр боловсорсон гэж үзэж байна вэ?
-Хичээж л явна. Ер нь энэ уран зохиол гэдэг зүйлийн хамгийн сайхан тал нь өөрт нь үнэнч, хайртай хүндээ бүхнээ дэлгэж өгдөг нарийн жаягтай урлаг шиг байгаа юм. Тийм ч учраас уран зохиолд хайртай хүн адаглаад муу үйлийн нөлөөнд автахгүй, худал гүжир үгэнд итгэхгүй, худалдагдахгүй байж чаддаг. Эдгээр чадварууд бол боловсорсон хүний л шинж чанар биш гэж үү?
-Өгүүллэгээ бичих санаагаа олчихоод хэр удаан дотроо бүрэлдүүлж байна вэ?
-Уддаггүй шүү, хоёр гурван хоногийн дотор л бичээд дуусгадаг. Удаан дарсан гурил хэрхэн нялцайж зунгааралдаад элдэхэд төвөгтэй болдог билээ дээ. Өгүүллэгийн хувьд санаагаа удаан чилээх нь эцэстээ жонхууруулж орхидог. Миний л хувьд шүү дээ.
-“Тэнцвэр” яруу найргийн номд ихэнх нь хуучин номоосоо түүвэрлэн оруулсан байсан. Шүлэг хэр бичиж байна даа?
-Шинээр бичсэн 20-оод шүлэг орсон. Редактораар СУИС-ийн багш яруу найрагч найрагч Я.Баяраа, Г.Чойдогжамц нар ажиллаж өмнө гаргасан гурван номоос шигшиж оруулсан. Сүүлийн хоёр жил шүлэг бичээгүй. Магадгүй, түр амсхийж байгаа байх.
-Тагтаа паблишин”-гийн залуус сүүлийн үед шинэлэг зүйлс санаачлан хийж байна. Тэдний талаар ямар бодолтой байдаг вэ?
-Миний хувьд тэдний уншигч, бас дотны найз. “Тагтаа паблишин”-г яруу найрагч Б. Баясгалан, Ж.Тэгшзаяа хоёр үүсгэн байгуулаад чадварлаг залуусыг эгнээндээ нэгтгэж чадсан бүтээлч хамт олон. Тагтаагийн гол зорилго эхнээсээ биелж бодьжиж байна. Өөрийн гэсэн уншигчийн хүрээтэй ч болчихлоо. “Тагтаа паблишинг” үүсэн байгуулагдсанаар энэ салбар хөдөлгөөнд орж, өрсөлдөөн бий боллоо. Манайхан сулдаа ганхаад л ивээн тэтгэх хүн олчихвол хэдэн ном хэвлүүлээд тараадаг хуучны муйхар арга барилаа ч бодолцож үзэж байна гэх мэт маш олон дэвшил, мань мэт нь чанартай чансаатай зүйл хийж чадвал өргөн боломж байна гэдгийг Тагтаанууд Монголын зохиолчдод ойлгуулж чадсан. Тиймээс би найзуудаараа бахархдаг.
-Уншигчдын хүрээ тэлэхээс гадна, тэдний боловсролын түвшинд нэмэгдэж байгаа байх?
-Уншигчдын боловсролын түвшин манай утга зохиолын хүрээнийхнээс өндөр болж байна. Уг зүй нь бол зохиолчид нь түрүүнд, уншигчид нь араас нь явдаг байх ёстой биз дээ.
-Тэгэлгүй яах вэ. Уншигчдаа бэлдэхийн тулд зохиолчид юу хийх ёстой вэ?
-Цөхрөлтгүй суралцаж, шантралгүй унших. Харин дараа нь бичих. Одоо бол яг эсрэгээрээ явж байна. Цөхрөлтгүй, шантралгүй бичиж байна. Хүн муулаад яах вэ өөр дээрээ л жишээ авъя л даа. Би ч мөн ийм л байна. Бид олон тооны зохиол туурвиж өөрсдийн зах зээлээ хангалттай хангаад байгаа мэт харагдаж болох ч эх хэлнийхээ хожим ирээдүйд нэмэр хандив болчих, хойшдын уншигчдаа хэдэн зуунд цэнгүүлэх бүтээл туурвиж чадаагүй л байна шүү дээ.
-Та бол Дундговь нутагт хүүхэд нас, идэр насаа өнгөрүүлсэн. Таны шүлэгт
“Амь зуухын эрхэнд би Мандалговийнхоо
Амьтан хүн зөрөлдөх нарийхан гудамжаар хөлхөнө
Ер бусын өдрүүдийг хаа нэгтэйгээс хайж
Ев-тушенког унших бүртээ л эрч хүчийг мэдэрнэ” гэсэн мөртүүд байдаг. Тэр л ер бусын өдрүүд магадгүй Мандалговийн өдрүүд байсан юм биш биз? Эмнэлгийн орон дээр өнгөрүүлсэн өдрүүд таныг яруу найрагч болгосон уу, яруу найраг таныг өвдөлтөө даван туулахад тусалсан уу?
-Би нурууны хагалгаанд хоёр ч удаа орж, эмнэлгийн орон дээр жил гаран адар ширтэж хэвтсэн хүн. Би өвдсөн ч өвдөөгүй ч яруу найрагч болох л байсан. Гэхдээ өвчин зовиур, шаналан ганихрал мэдэрсэн маань бусдаас өөрөөр бичүүлдэг болсон ч байж магадгүй. Нэг үе шүлгийг хүнээс өөр байхын тулд зугтаж бичдэг байсан. Тэгж явж байгаад л өөрийгөө олдог юм байна. Би өөрийгөө олсон л гэж боддог. Цаашид илүү ахисан түвшинд бичнэ л гэж бодож байна.
-Шүлэг бичээгүй цаг хугацаа таныг шинээр төрүүлэх байх?
-Тэгж л найдаж байна гэх нь хаашаа юм. Гэхдээ өөрөө өөрийгөө өөрчлөх гээд бичихгүй байгаа ч юм биш л дээ, тасралтгүй бичээд байхаар өөрөө өөрийгөө давтах талтай болчихдог. Тиймээс завсарлахад буруудах юмгүй л дээ. Одоохондоо шүлгийн санаа гэнэт цочмог орж ирэх ч юм уу, босож суулгаад байгаа юм мэдэгдэхгүй л байна.
Нэг үе маш том уналт хийлээ.
Би бол ерөөсөө болоогүй юм байна, яагаа ч үгүй юм байна гэдгээ мэдрээд
маш өндрөөс бяцартал унаж байлаа шүү дээ.
-Ганцаардал хань нөхөр болдог, ялангуяа яруу найрагч хүнд. Тэр ахуйг хэр хайдаг вэ?
-Ганцаардал гэдэг хоёр талтай. Ганцаараа байгаад ганцаардах нэг хэрэг. Хүмүүсийн дунд ганцаардах өөр хэрэг. Би олны дунд ажиллаж амьдарч, олонтойгоо байдаг хүн. Хөвсгөлд очсоноос хойш танилын хүрээ багатай, ажил гэр хоёрын хооронд л байна л даа. Үр хүүхэд, хань ижил гээд ганцаардах “завшаан” олдохгүй. Тэндээс ганцаардахын шалтгаан гарч ирдэг. Ганцаардана гэдэг бол өөрөө өөртэйгөө ярилцаж, өөрийгөө чагнаж, дотогшоо анирдахын нэр. Тийм учраас албаар өөрийгөө тусгаарлан ганцаардуулж өөрийгөө таньж мэдэх үе байна аа.
-Утга зохиолын ертөнцөд 90-ээд оныхон хүч түрэн орж ирсэн шиг “Хөх мэдрэхүй”, “Шинэ үнэр”, “Язгуурын”, “Алиус”, “Хас дорно” гээд шинэ мянганы өөр өөр өнгө төрхтэй залуус хүсэл сонирхлоороо нэгдэн утга зохиолын бүлгэм байгуулж, биесээ хурцалж гарч ирсэн. Тэр дундаас тод төлөөллүүдийг нэрлээч гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Одоохондоо бид ид бодож бясалгах, бичиж туурвих насан дээрээ яваа залуус. Хэн нэгнийг нь цоллож дуудаад байх эрх болоод ёс зүй надад байхгүй. Хамгийн гол нь тэдгээр олон залуучуудын хэн нь замаасаа гажилгүй явж байна гэдэг л чухал. Уран зохиол бусад урлагтай харьцуулбал харьцангуй их золиос шаарддаг урлаг. Чи мэднэ шүү дээ бид бичихдээ олны дунд суугаад л хундага харшуулаад л бичээд байна гэж юу байх вэ дээ. Хүссэн хүсээгүй энэ замналаар замнахыг нэгэнтээ шийдсэн хүмүүс нийгэм болоод эргэн тойрны хүрээллээсээ өөрийгөө холдуулдаг. Багш хүнд анги танхим, сурагчид, самбар шохой хэрэгтэй шиг зохиолчдод ганцаараа байх, бодож бясалгах, аятай таатай орчин хэрэгтэй биз дээ.
-Үе үеийн яруу найрагчид үймээн самууны эзэд байдаг. Элбэгээг явж байгаа газар элдвийн юм их л болдог доо?
-Өө тэгээд бужигнуулна шүү дээ. Найр наадам хэсээд л, архи ууж агсам тавиад л, зодоон цохион хийгээд л, хорвоогийн хамгийн агуу амьтан гэж өөрийгөө сэтгээд л... /инээв/
-Одоо тэр агуу ихийн хэнээрхлээсээ ангижраад хэр удаж байна даа?
-Ангижраад удаж байна аа. Нэг үе маш том уналт хийлээ. Би бол ерөөсөө болоогүй юм байна, яагаа ч үгүй юм байна гэдгээ мэдрээд маш өндрөөс бяцартал унаж байлаа шүү дээ.
-Тэр уналтыг яг хэрхэн мэдэрсэн бэ?
Уншихаа байхаар хүн биеэ тоож эхэлнэ, гагц өөрийгөө шүтэн биширдэг. Уншаад эхлэхээр өөрийгөө хаана яваагаа олдог, ойлгодог. Ус үзээгүй байж гутлаа тайлна гэдэг шиг хөөрүү овиргон байж болохгүй юм байна. Уран зохиол гэдэг буурьтай, барьцтай урлаг юм байна. Дэлхийн утга зохиолын түүхэн хөгжлийг хараад байхад манайхан тэрнээс ангид вакум орчноор өөрсдийгөө хязгаарлачихсан, дэлхийн өрсөлдөөнд сойчих бүтээл нэг ч алга байна шүү дээ.
-Нэг үе бидний үеийнхэн мөн их шаагьж шуугьдаг байсан даа, одоо ч нам гүм болжээ. Амьдралын аахар шаахар асуудалд дөнгөлүүлчихэв үү, аль эсвэл...?
-Амьдралаа бүтээн босгох уу, нураах уу гэдэг насан дээрээ явна шүү дээ бид. Уран бүтээл гэдэг бол бидний хувьд баяр хөөр гэхээсээ илүүтэй оюуны бүтээлээ чанаржуулаад эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал болоод байна.
Авъяас гэдэг илүү эрхтэн юм. Тэр эрхтнээ хэрхэн ашиглах нь тухайн хүний чадварын асуудал.
Тэр эрхтэн үргэлж илүү тээш, ядаргаатай, дарамттай, дараатай байсаар ирсэн.
Ухаантай нь зөв ашиглаж, ухаангүй нь бусад эрхтнүүд шигээ өвдтөл нь хэзээ ч анирдахаа байх эд
-Өнөөгийн уран зохиолд туйлшраад байгаа ямар хандлага ажиглагдаж байна вэ?
-Өнөөдөр хамгийн их борлуулалттай байгаа түүхэн романууд байна. Энэ нэгэн хэвд цутгасан юм шиг байдлаасаа гараад оюун санааны, сэтгэлгээний, дотоод мөн чанарын, уншигчдад тээш өгсөн бүтээл туурвих тал дээр анхаармаар байна. Нөгөөтэйгүүр орчуулгын асуудал байдаг байх. Мэргэжлийн орчуулагчдыг бодлогоор дэмжих хэрэгтэй.
-Дэмжих, хөгжүүлэх үүрэгтэй Зохиолчдын хороо гэдэг байгууллага байдаг. Энэ байгууллагын бодлого, чиг хандлагын талаар таны бодол ямар байдаг вэ?
-Зохиолчдын хороо бол зохиолчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байх. Тэрнээс биш ер нь ийм байгууллага байх хэрэгтэй ч юм уу? Гэхдээ нэгэнт ийм байгууллага оршин тогтносоор л байгаа хойно Монголын утга зохиолын хөгжилд хэрхэн нөлөө үзүүлэх вэ гэдэг алсын хараатай, том зорилготой ажиллах хэрэгтэй. Сүүлийн үед залуу уран бүтээлчдээ Горькийд сургах, өрнө дорнын соёл иргэншлийг судлуулах ажилд шамдаж байгаа нь сайшаалтай. Өдгөө Д.Цэнджав гэдэг дотортой хүн удирдаж байна. Ахиц дэвшил гарах байлгүй дээ.
-Таныг залуу яруу найрагч гээд зарлаад байдаг, гэтэл үеийнхэн чинь аль хэдийн цол гуншинд хүрчихсэн л яваа шүү дээ?
-Энэ тал дээр би огт эм эмзэглэдэггүй. Ер нь би ингэж боддог заавал олон жил бичсэнээр нь биш өнөөдөр 20 настай залуу ч гэсэн тасархай бичиж байгаа бол нүдээ олсон шагналыг нь өгөх л хэрэгтэй. Шагналын үнэ цэнийг унагаж болохгүй. Би түрүүлэх байсан, шагнуулах байсан гээд хэрүүл, зодоон хийгээд яваад байвал утгагүй. Ер нь шагнал биш цаг хугацаа л уран бүтээлийг тодорхойлдог.
-Наадам гэснээс энэ жил “Болор цом” наадамд өөрөө тэс хөндлөн шүлэг уншив даа?
-Тэгсэн. Ямартаа л Үндэсний телевизийн эфирээс хасагдаж байх вэ дээ. Цагаан сар болж байхад зурагтаар нь “бэлэг эрхтэн” гээд уншаад байвал ямар л олиг байх вэ. Шүлэг гэдэг ийм байдаг юм аа гэдгийг л өөр өнцгөөс харуулахыг хүссэн. Цаанаасаа сэдэв заачихсан юм шиг хүн болгон харуусал гуниг, эх орон, ээж аав гэж уншаад байхаар эмгэнэлтэй санагдсан. Яруу найраг бол огт өөр зүйл. Гэхдээ яруу найргийг “Болор цом”-ын тайзнаас нэхэх нь ялангуяа энэ цаг үед утгагүй ч байж мэднэ. Ингээд бодохоор “Болор цом” төдийгүй бусад наадмууд жинхэнэ уран зохиолыг төлөөлж чадахгүй. Тийм учраас би ач холбогдол өгдөггүй. Хоорондоо уулзаж учраад, инээж хөхрөлдөөд, газар нутаг үзээд явж байх л нь сайхан байдаг юм.
Уран бүтээлч хүний хувьд авьяас гэдэг зүйлээсээ болж хэт тэнгэрт хөвөөд, хөрсөн дээр бууж, нийцэж зохицож чадахгүй, нийгэмтэй тэрсэлдэх, нийгмээс өөрийгөө тусгаарлах үзэгдэл гардаг. Гэтэл хүнийг тойроод хүмүүс, нийгэм, хот байна. Энэ бүхэнтэй зохицож амьдрах хэрэгтэй, тэгж чадахгүй бол ёстой нөгөө зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдарсан нь өлзийтэй дөө.
-Одооны 30 настай Элбэгээ өөрийнхөө хорин хэдэн настай Элбэгээг харахад ямар санагддаг вэ?
Залуудаа бол алдаж болно оо. Алдсаар ч ирсэн. Одоо бол алдах эрхгүй. Энэ нь хөгширсөн гэсэн үг биш. Нэг үе дуусаад нөгөө үед шилжиж байгаа үе маань.
-Уран бүтээлч хүний мөнхийн залуу байхын утга учир бол авъяас юм. Авъяас гэдэг таны бодлоор юу вэ?
-Авъяас гэдэг илүү эрхтэн юм. Тэр эрхтнээ хэрхэн ашиглах нь тухайн хүний чадварын асуудал. Тэр эрхтэн үргэлж илүү тээш, ядаргаатай, дарамттай, дараатай байсаар ирсэн. Ухаантай нь зөв ашиглаж, ухаангүй нь бусад эрхтнүүд шигээ өвдтөл нь хэзээ ч анирдахаа байх эд. Тэр дундаа утга уран зохиолын авьяас үхэн үхтэл дуусаж дундаршгүй баялаг юм. Үгээр наадаж, утгаар цэнгүүлнэ гэдэг тэнгэрлэг зүйл л дээ. Уран бүтээлч хүний хувьд авьяас гэдэг зүйлээсээ болж хэт тэнгэрт хөвөөд, хөрсөн дээр бууж, нийцэж зохицож чадахгүй, нийгэмтэй тэрсэлдэх, нийгмээс өөрийгөө тусгаарлах үзэгдэл гардаг. Гэтэл хүнийг тойроод хүмүүс, нийгэм, хот байна. Энэ бүхэнтэй зохицож амьдрах хэрэгтэй, тэгж чадахгүй бол ёстой нөгөө зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдарсан нь өлзийтэй дээ.
-Таны шүлгээс нийгэмтэй тэрсэлдсэн байж ядсан цухал мэдрэгддэг. Тэр тэрсэлдээн дараагийн шүлгээс гарах болов уу?
-Гарах л байх. Гол нь иргэншсэн нийгмийн дуу хоолой байх ёстой. Монгол хүнд хэт либерал үзэл зохихгүй гэж боддог. Бие биедээ тус дэмтэй байж ханатай гэртээ дугуйраад хамтаараа шийдвэр гаргадаг, уламжлалт ёс заншил нь байж л байх ёстой. Хэн нэгэндээ гай болохгүй, дэмжин туслаад, өргөн тэтгээд л явах хэрэгтэй.
-Гай болдоггүй гэснээс Далай лам нэгэнтээ “Улс орны техник технологи хөгжих тусам хэн хэндээ гай болдоггүй амьдралын хэмнэлд орж байна. Тэгэхээр таны, миний зовлон хэн хэндээ хамаагүй байсан шиг таны, миний аз жаргал бас хэн хэндээ хамаагүй гэсэн зарчим үйлчлээд байна уу даа” гэсэн байдаг?
-Хүн гэдэг тус тусдаа бодгаль шиг хэн хэнийхээ бодлыг нэвтэлж чадахгүй, хэн хэнийхээ амьдралыг шүүх эрхгүй. Хэн нэгэн арван хуруундаа алтан бөгжтэй байлаа гээд би атаархаад, шүүмжлээд байх ямар ч шаардлага байхгүй. Тал хээр газраа таран суудаг байсан нүүдэлчид нэг дор суурин иргэншилтэй болчихоор үүсэж байгаа сөрөг хандлагуудын нэг нь хэтэрхий бие биенийхээ амьдралд хошуу дүрэх гээд байдаг хандлага юм. Аль ч нийгэмд байсан л даа. Одоо бол өөрчлөгдөж байна. Нэг нэгнийхээ аз жаргалд баярладаг, зовлон гунигийг нь хуваалцдаг байх бол тухайн хүний хүн чанарын асуудал.
-Таны ярианы эхэнд дурдагдсан “Надтай үлдээч” жүжигт кибер ертөнц ноёрхож, амьд харилцаа үгүй болж, хүн чанар алдагдаж буй талаар өгүүлнэ гэсэн. Яг ийм эгзэгтэй үед гудамжинд үнсэлдэж байгаа хүн харагдахаа больж, гунигтай ч байна даа гэмээр ч юм шиг
-Дорнын хүмүүсийн сэтгэлгээ дотогшоо нууцлагдмал бүрэг даруу байдагтай холбоотой байх. Би тэр тал дээр нэг их гуниглаад байдаггүй шүү дээ.
-Яруу найрагчдыг хайр дурлалаас өдөөгддөг л гэнэ. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй улс л гэнэ. Таны хувьд чухам юунаас өдөөгдөж шүлгээ бичдэг вэ?
-Би ер нь хайрын романтиклалаас хол хүн. Хүмүүсээс л өдөөгдөж шүлгээ бичдэг. Үхэж хатталаа дурлаж явсангүй, магадгүй эхнэртээ л тэгж дурласан байх. Тийм болоод л ажил төрлөө хаяад эхнэрийнхээ нутагт очиж амьдарч байна.
-Магадгүй хэзээ нэгэн цагт нутагтаа суурьших бодол байгаа уу?
-Би чинь таван аймагтай хүн. Аав Архангайнх, ээж Төв аймгийнх, би Сүхбаатар аймагт төрж, Дундговьт өсөөд, Хөвсгөлд амьдарч байгаа наран ургах зүгээс наран жаргах зүгт амьдарч байгаа Монголын хүн.
-Уран бүтээлчдийг заримдаа амин хувиа хичээсэн хүмүүс гэж шүүмжилдэг. Та хэр амин хувиа хичээгч вэ?
-Уран бүтээлийн хувьд амин хувиа хичээх хамгийн зөв асуудал. Бид маш олон авьяастай хүнийг өөрийн мэдэлгүй магтаалд живүүлж, архи дарсанд умбуулж хорлож л байдаг. Нэг их нийтэч байх гээд л, бие биедээ элэгсэг дотно байх гээд л нэг нэгнийгээ алж байна. Ер нь амин хувиа хичээж байж л урлагийг бүтээнэ шүү дээ.
-Таны ширээний ном ямар ямар ном байдаг вэ. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Библи судар ширээн дээрээ байнга байлгадаг. Би аль нэг шашныг онцгойлж үздэггүй. Шашингүй үзэлтэй. Миний шашин бол би өөрөө. Хавтгайрсан мухар сүсэгт эмзэглэдэг. Аливаад шинжлэх ухаанчаар ханддаг. Сүүлийн үед Мураками, Кафкагийн бүтээлүүд болон Мө.Батбарын орчуулга “Амьдрахуй” –г уншсан. Шинээр гарсан номыг алгасалгүй уншихыг хичээж байна. Уншихгүй бол сэтгэхгүй. Нэг хэсэг яах аргагүй амьдралд зүтгээд уншаагүй. Одоо бол хуваарь гаргаж байгаад унших, бичих ажлаа зохицуулж сурч байна даа.
Сэтгэгдэл ( 1 )
Элбэгээдээ уран бүтээлийн амжилт хүсэе!