Аливаа зүйл бүгд өөрийн гэсэн тусгалтай. Яг л хүн бүр сүүдэртэй байдаг шиг. Сүүдэргүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Үүний нэгэн адил юмс бүхэн өөрийн тусгал, сүүдэртэй.
Хэн нэгний бидэнд хэлсэн сайхан үг бүхий л өдөржин, магадгүй сар, жилээр сэтгэл дулаацуулж, эрч хүч бэлэглэж байдаг. Үүний нэгэн адил хэн нэгний санамсаргүй хэлсэн саар үг бидний зүрх сэтгэлийг он удаан жил шархлуулах нь ч бий.
Хэн нэгэн гэгээлэг хүний нөлөө эргэн тойрны 10 хүнд нөлөөлж байдаг гэх судалгааны дүн бий. Гэрэл гэгээг түгээгч тэр хүн нь та байж яагаад болохгүй гэж. Сайн сайхнаа бусадтай хуваалцаж, урмын үгийг харамгүй хэлж, маргалдсан ч эвлэрэх зай үлдээж яагаад болохгүй гэж. Замын түгжрэл, автобус доторх шахцалдаан зэрэг асуудалд бухимдахаасаа илүү аливааг хошин өнгө аясаар хүлээж авч, хэн хэнийгээ гомдоолгүйгээр зохицуулж яагаад болохгүй гэж. Өглөө ажилдаа, сургуульдаа яаран яваа та байсхийгээд сигналаа хангинуулан бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахдаа юу боддог вэ? Ганцхан та л яаралтай ажилтай, бусад нь танд саад бологч этгээдүүд үү.
Хэн нэгнийг мангар, тэнэг, халтар гэж цоллон зогсох хүнд эргээд сайн сайхны тусгал ирэх болов уу. Хүмүүсээс үргэлж сөрөг талыг нь ажиглаж, шүүмжлэхээ урдаа барьж, улс орон хөгжихгүй байна, тэр ч надад таалагдахгүй байна, ийм ч зүйл болохгүй, бүтэхгүй байна гэдэг дээр үргэлж төвлөрөх аваас танаас гэрэл гэгээ цацарч, явсан газар тань сайхан тусгал үлдэх болов уу?
Сэтгэгдэл ( 0 )