"Өөрийн хүүхдээ өлгийдөж тавьчихаад ажилдаа явдаг байлаа"

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Баяр наадмын үеэр шагнуулсан олон дунд хамгийн өндөр настай нь Сүхийн Дуламсүрэн гуай байсан байх. Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил сувилагч хийсэн алтан гарт эрхэм хүмүүн алдрай үрсийн амь насыг авран хамгаалж, асарч өргөн, амьдрал хайрласан ачтан билээ. Өдгөө дөрөв дэх үеэ үзэж яваа хувьхан заяа ч олныг тэтгэж байсан оёоргүй сэтгэлийн өргөл биз ээ. Ээвэр дулаан сэтгэлээрээ 91 он жилийг үдэж яваа настан буурай Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалгахдаа эгшин, мэгшин асгартал уйлсан баярын нулимс элэг зөөллөн уясааж, ихийг бодогдуулж байсан юм. Энэ бол эх хүний нулимс, эмч хүний нулимс байлаа. Түүнийг Дамбадаржаагийн сэрүүн дэнжид ач гучаа тойруулчихсан налайж суухад нь цэцэн цэлмэг яриа хөөрөө, цэвэр алт шиг сургаал юугаас нь адис хүртлээ. С.Дуламсүрэн гуай 91 нас зооглож байна. 


-Сайхан зусаж байна уу, Та. Юуны өмнө Эрүүл мэндийн тэргүүний ажилтан болсонд тань баяр хүргэе. Та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажилласан бэ?

-Сайхаан, сайхан уу. Гялайлаа хүү минь. Эмээ нь 1945 оноос эхлээд Гандангийн Хүүхдийн эмнэлэгт, дараа нь Халдвартын Хүүхдийн шард ажиллаж байгаад 1976 онд тэтгэвэртээ гарсан. Нийтдээ 30 гаруй жил сувилагч хийсэн байна.

-Таны унасан газар, угаасан ус аль нутаг вэ?

-Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. Улаанбаатар хотод 18 насандаа ирж, анх асрагчаар ажиллаж байгаад, 45 хоногийн сувилагчийн курст суугаад сувилагч болсон доо. Дандаа л хүүхэдтэй ажиллаж байсан.

-Хүүхэдтэй ажиллахын онцлог нь юу байдаг вэ?

-Их л ажиллагаа орно доо. Дандаа угжны хүүхэдтэй ажилладаг байлаа. 200 граммын шилтэй сүүг халааж өгнө. Цагаар угжиж, цагаар эм тариаг нь өгч, яг л өөрийнхөө хүүхэд шиг асарна шүү дээ. Гар асаргаа их орно. Шарласан хүүхэд бол хүнд байдалтай байдаг.

-Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?

-Би өөрөө найман хүүхэдтэй. Найм, 16 гардаг ээлжийн ажилтай. Ээж, аав маань хотод байхгүй, өөрийнхөө хүүхдээ өлгийдөж тавьчихаад л ажилдаа явдаг байлаа. Ажлаасаа 30 минут чөлөө аваад гэр рүүгээ гүйнэ. Хүүхэд заримдаа уйлж л байна, заримдаа унтаж л байна. Хөхүүлчихээд л эргээд ажил руугаа гүйнэ. Хүүхэд олон болоод, томроод ирэхээр бие биеэ хараад, гэр рүүгээ гүйх ажил хөнгөрнө. Зун бол цоожлоод, хаяаг нь шуучихаад явна. Миний хүүхдүүд намайг зовоохгүй, зөнгөөрөө л хүн болцгоосон.

-Хань тань юу хийдэг байсан бэ?

-Миний хань Ш.Цэсэм Гуравдугаар эмнэлэг, Гэмтлийн эмнэлэг хоёрт рентген техникч мэргэжлээр улсад 41 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 2000 онд бурхан болсон доо. Их ажилтай, хамт олондоо нэр хүндтэй хүн байсан.

 

Комд орсон хүүхдийг эмчилсээр байгаад босгож байлаа. Цурам хийлгүй 24 цаг эм тариаг нь хийж суухад хөөрхий муу ээж нь ядарчихсан унтаж л байсан. Жижүүрийн эмч маань намайг комтой хүүхдийг сэхээлээ, маш сайн байна гэж магтаж байсан.

 

-Танай найман хүүхдээс эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн бий юу?

-Хоёр хүүхэн бий. Том хүүхэн Ц.Пүрэвсүрэн Арьс өнгөний эмнэлэгт ажиллаж байсан. Дунд хүүхэн Ц.Энхсайхан аавынхаа ажлыг уламжлан авч Гэмтлийн эмнэлэг, Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ач охин Хонгорсайхан саяхан төгсөөд Цэргийн эмнэлэгт эмч болсон.

-Эмнэлгийн ажилтны жаргал, зовлон нь юундаа байдаг вэ?

-Өвчтөнийхөө өвдөлт зовиурыг адилхан л хуваалцаад байна шүү дээ. Заримдаа инээж хөхөрч л байна. Заримдаа өвчтөнөө дагаад уйлж л байна. Комд орсон хүүхдийг эмчилсээр байгаад босгож байлаа. Цурам хийлгүй 24 цаг эм тариаг нь хийж суухад хөөрхий муу ээж нь ядарчихсан унтаж л байсан. Жижүүрийн эмч маань намайг комтой хүүхдийг сэхээлээ, маш сайн байна гэж магтаж билээ. Бас нэг удаа Батаа гэдэг хүүхдийг комд орсон байх үед эмнэлгийн дээвэр нураад, би тэр хүүхдээ тэврээд амжиж гүйж гарч байлаа. Тэр хүүхэд сэхээд хожим ээжтэйгээ хамт ирж, надтай уулздаг болсон доо.

-Эмнэлэг гэдэг бол хүн өвдөж зовохоороо л зорьж очдог авралын сүм юм даа, тийм ээ?

-Тэгэлгүй яах вэ. Олон хүүхэд эдгээд гарч ирээд, талархсан сэтгэлээ илэрхийлж байснаас гар дээрээсээ алдаж эндэж байсан амь байхгүй шүү. Одоо ч гэсэн шарласан хүүхдийг эмчилж чадна л гэж би боддог юм. Даанч хараа муудаж  дээ /инээв/.

-Хүүхдүүдийнхээ хүүхдийг бүгдийг нь та гар дээрээ өсгөв үү?

-Бүгдийг нь л өсгөсөн. Зээгээ төрөхөд өлгий байхгүй, гэрийнхээ гадаа хөдөс хөвөрдөөд, өнгөлөөд өлгий хийгээд ахаар нь өгч явуулж байлаа. Одоо тэр хүүхэд долоодугаар ангид орох гэж байна даа. Эхнээсээ оюутан болоод гараад өгчээ.

-Та аргагүй л Энх-Амгалан бурхан шиг буянтай буурай юм аа. Нийт хэдэн ач, зээтэй болов?

-Одоо ч ач зээ нар маань 90 орчим болж байна. Би чинь шинэ хүүхэд нэмэгдэхээр л эд нарт хэлж байгаад тийм жил, тийм хүүхэд төрлөө гэж яс тэмдэглүүлдэг юм. /тэр дэвтэр хаана байна гэж хүүхдүүддээ хандаж хэлэв/. Жилд манайхаас таван хүүхэд төрж байна. Дөрөв дэх үеэ үзэж байна даа. Тэрний охин төрөх гэж байна, одоо яадаг бол, ийдэг бол гээд л санаа зовж л байх юм.

-Үндэстэй мод цэцэглэж, үртэй хүн жаргадаг гэдэг. Олон сайхан хүүхдийнхээ заяа буяныг даатгаж суугаа буурайтай юм чинь юу алзах вэ?

-Хээ, хүү минь. Ойрд бие жаахан чилээрхээд, Хоёрдугаар эмнэлэгт үзүүлсэн чинь намайг хэвт гэсэн. Зүрхний хэм алдагдалтай байна гэнэ. Хөлтэй бол ажил хиймээр байна. Санаа байвч сачий хүрэхгүй юм аа, зүгээр сууж чадахгүй юм. Ам л хөдөлдөг болж дээ. Тэг, ингэ гээд л эд нартаа заавар өгөөд л сууж байна даа. Ээж илүү юм ярилаа л гэж байдаг юм. Эх хүний үг юу гэж илүүдэх вэ дээ.

 

Засаг төр зөв явбал улс орон, хүн ард сайн сайхан амьдарна.

Ажил хөдөлмөр хийж л байвал амьдрал аяндаа цэгцэрнэ дээ.

 

-Баяр наадмаар таныг Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдэг авч, баярын нулимс унагахад олон хүн таныг дагаж уйлсан...

-Сайхан л санагдлаа. Ажил хийсэн хүн гэдэг сайхан юм. Хэрэв намайг ажил хийгээгүй бол хэн шагнах вэ дээ. Анх удаа Эрүүл мэндийн яам гэдэгт орж үзлээ. Чамлах юм биш, их сайхан үйл явдал. Асрагч байхдаа эмнэлгийн модон шалыг хуруу хумсаараа маажиж малтаад угааж байсан, хүнд хэцүү ажил эрхэлж байсан тэр үе  бодогдоод шагнал авч байхдаа уйлчихсан байна билээ, эмээ нь.

-Тэр үеийг одоо үетэй харь­­цуулахад ямар санагддаг вэ?

-Харьцуулах юмгүй. Ажлын хажуугаар янз бүрийн субботник, сонсгол, сургалт гээд ер зүгээр суухгүй. Тэр хооронд ар гэр юу болж байдаг юм бүү мэд. Осолдохгүй л гэртээ харихад хэдэн муу сайн хүүхэд минь байж л байна. Боорцогтой бол боорцогтой, боорцоггүй бол боорцоггүй байж л байна. Орны араас зуурсан гурил хатчихсан гарч ирнэ. Хүүхдүүд өлсөөд гамбир хийх гэж байгаад надаас айгаад нууж байх вэ дээ. Одоо үеийн хүүхдүүд өлслөө гэж ярих юм. Би дэлгүүрт ороогүй 12 жил болов оо. Намайг асарч байгаа бага хүүхэн Цэцэгсайханд намайг хөтлөөд Дамбын дэлгүүрт ороод үзүүлээч гэж гуйлаа. Бид хоёр аахилж уухилаад, амарч суугаад очлоо. Өө ёстой байхгүй юм байдаггүй юм байна. Миний үед дэлгүүрт давс, талх хоёр л байдаг байсан. Ямар гоё юм бэ. Надад авах юм алга. Ийм сайхан юмыг чинь харахад л сэтгэл ханалаа гэж хэлсэн дээ.

-Одоо үеийн залуус юм юм нь бэлэн болоод ирэхээр улам л  залхуу болоод байна уу даа?

-Залхуу, залхуу. Талхаа хүртэл зүсэж идэхгүй бэлэн зүссэн юм авч идэх юм. Засаг төрийн буянд болж л байна. 330 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ мөнгө бага биш шүү. Анх ажилд орж байхад 105 төгрөгийн цалин авч байсан. Одоо хүүхдүүд цалин бага байна, тийм байна, ийм байна гэж ажлыг их голох юм. Энэ чинь зовлон биш шүү дээ. Ажилтай л байвал хүн амьдраад л байна.

-Та тэтгэвэрт гарснаас хойш юу хийж байв даа, лав л зүгээр суугаагүй байх?

-Зүгээр суугаагүй ээ. Гэндэндаржаа даргатай Сүхбаатар дүүргийн өндөр настнуудын ажилладаг газарт 10 жил юм оёсон. Өдий өдийхөн өөдсийг зүйгээд цэргийн газарт бээлий, майк, дотуур хувцас оёж байлаа шүү дээ. Дараа нь өвгөн маань ч өөд боллоо. Өөрөө ч бие муудлаа. Даралт ч ихэсдэг боллоо, нэг бөөрөө, цөсөө ч авахууллаа. Тэглээ гээд муудаагүй байна. Би ер нь санаа бол их. Мах хэрч гэвэл хэрчээд л тавьчихна. Бууз хий гэвэл хийгээд л өгнө. Чадахгүй юм байхгүй. Идэхээ чадахгүй хүн гэж хэн байх вэ дээ. Ганцхан явж л чадахгүй байх юм.

-Өдий болтол ануухнаараа байгаа, өдий сайхан насалж яваагийнхаа утга учрыг та юу гэж боддог вэ?

-Хөдөлмөр хийсний хүч гавьяа л гэж бодож байна даа. Хүн хөшиж үхэхээс хөгширч үхдэггүй гэж үг байдаг.

-Буянтай буурайгаас залуу хойч маань алтан сургаалыг нь сонсоосой гэж бодож байна?

-Заримдаа ч хүүхдүүдэд юм хэлмээр л байдаг юм. Зарим нь хүлээж авна, зарим нь буруу хараад суучихаж магадгүй маягтай. Засаг төр зөв явбал улс орон, хүн ард сайн сайхан амьдарна. Ажил хөдөлмөр хийж л байвал амьдрал аяндаа цэгцэрнэ дээ. Манай хүүхдүүд бүгд л хөдөлмөрч, дор дороо л ажилтай улс бий.


Биднийг ийн ярилцаж суухад нэгэн буурай ирэв. Найз охиноо эргэж яваа гэнэ. Дуламсүрэн гуай “Эмнэлэгт хэвтэж байгаад танилцсан манай найз охин ирсэн байна. 80-тай гэнэ үү, цаадах чинь. Үеийнхэнтэйгээ уулзаж, хууч хөөрөх сайхан шүү дээ” гэсээр инээд болон үлдэв. Сайхан буурайд урт удаан нас ерөөе. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmm(202.55.191.194) 2020 оны 01 сарын 29

arai deer yum ugulduu...ajil hiij uzeegui alia salbadai hurtel gawiyat bolood bhad

2  |  0
Иргэн(103.10.22.99) 2019 оны 08 сарын 01

Эмнэлэгт Сахиургүй хэвтэж байгаа нялх хүүхдүүдэд ийм хүмүүс л ээж нь болж асарч байсан. Өндөр нас ,сэтгэл зүтгэлийг нь бодоод эмнэлэгийн тэргүүнээс арай илүү юм өнчихгүйдээ. Гавъяат гуншинтай Солгой хоолойтой гуншаа ” дуучид ” зөндөө.Тэдийг бодвол энэ хөгшин үнэхээр гавъяатан аж.

6  |  0
b(66.181.168.8) 2019 оны 08 сарын 01

urt nasalj udaan jargaarai

5  |  1
Top