Дунд болон ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авдаг ч орон нутагт номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар зэргээс шалтгаалж борлуулалт, худалдан авалт хангалтгүй байдаг. Тодруулбал, зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарчээ. Үүнтэй холбогдуулан 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн сурах бичгийг сурагчдад төлбөртэй ашиглуулахаар болсон байна. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Энэ хичээлийн жилээс эхлүүлж сурагчдад сурах бичгийг үнэ төлбөртэй ашиглуулахаар болжээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн 2009 оноос эхлэн бага ангийн сурах бичгийг 100 хувь, дунд болон ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс хангадаг. Харин үлдсэн 60 хувийг зах зээл дээрээс худалдаалдаг. Тухайн оноос хойш манай улс сурах бичгийн үнийг хамгийн тогтвортой барьж байгаа. Хүүхдийг аль болох чанартай сургахын тулд сурах бичгийн үнийг барьж байгаа боловч энэ нь өөрөө ном худалдаалдаг ченжүүдийн гараар орж дамлан худалдаалагдаж байна. Өөрөөр хэлбэл, 1200 төгрөгөөр зарж байгаа сурах бичгийг ченжүүд эцэг, эхэд 3000-5000 төгрөгийн хооронд зарж байна. Ингээд зах зээл дээр сурах бичгийн зохиомол хомсдол үүсгэн сургалтын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа учраас цаашид сурах бичгийг худалдахгүй. Зөвхөн номын сангаар нь дамжуулан сурах бичгийг төлбөртэй ашиглуулах шийдвэрийг гаргаад байна.
-Ямар үнэтэй ашиглуулах вэ?
-Тухайн сурах бичгийн үндсэн үнээс 20-40 хувьд хэлбэлзэнэ. Өөрөө хэлбэл, эцэг эхчүүд зургаадугаар ангийн хүүхдэд 12 төрлийн сурах бичгийг 50 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан бол одоо нийт үнийн 40-өөс доош хувийг төлж ашиглана. Улмаар буцаад номын санд нь өгөх ийм зохицуулалтыг хийж байна.
-Сурах бичгийг ашиглуулах шийдвэрийг судалгаанд суурилж гаргасан уу?
-Жил болгон хамгийн их яригддаг зүйл сурах бичгийн хомсдол байдаг. Бид зах зээл дээр сурах бичгээ компаниудад борлуулах эрхийг нь өгөөд, худалдаалах цэгийг гаргаад явдаг. Зах зээл дээр сурах бичгээ хүүхдийнхээ тоогоор хангалттай гаргаад байгаа боловч хомсдол үүсээд байдаг. Хэт хямд учир номын худалдааны бизнес эрхлэгчид дамлан зарж ашиг хүртээд байна. Тийм учраас эцэг, эхчүүд гадуур зарагдаж байгаа сурах бичгийг худалдаж авах шаардлагагүй. Сургуулийн номын сангаар дамжуулан багцаар нь төлбөртэй ашиглах боломжтой болно.
-Тэгвэл 1-12 дугаар ангийн бүх хүүхэд сурах бичгээ төлбөртэй ашиглана гэсэн үг үү?
-Үгүй. Бага ангийн сурагчид төлбөргүй, дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувь нь үнэ төлбөргүй ашиглах хэвээрээ. Үлдсэн 60 хувьд нь л сурах бичгийг төлбөртэй ашиглуулна.
-Энэ жилийн хувьд хэчнээн хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцах вэ?
-2019-2020 оны хичээлийн жилд 642 мянган хүүхэд суралцана гэсэн тооцоо байна. Үүний 160 мянга нь сурах бичиг төлбөртэй ашиглана гэсэн үг.
-Сурах бичгийг төлбөртэй ашигласан мөнгө нь хаашаа орох вэ?
-Тухайн сурах бичиг дөрвөн жил ашиглаад чанар, эрүүл ахуй шаардлага хангахаа болино. Мөн элэгдэл үүсэж хуудас нь дутах магадлалтай учир дөрөв дэх жилээс эхлээд сурах бичгүүдийг өөрийнх нь зардлаар улсын төсөвт дарамт учруулахгүйгээр дахин хэвлэнэ.
-Энэ хичээлийн жилд сурах бичгийн үнэ хэдэн төгрөг байх вэ?
-1200-5000 төгрөгийн хооронд байгаа.
Сэтгэгдэл ( 0 )