“Аравт” морин цэргийн олон улсын уралдаан үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 04

Олон улсын цэргийн наадмын хүрээнд энэ жил анх удаагаа “Аравт” гэх морин цэргийн олон улсын уралдаан болж байна. Энэхүү уралдаан манай улсад өчигдөр эхэлсэн. Наадамд 10 орны нутаг дэвсгэрт 36 орны 220 гаруй  багийн  6000 гаруй цэргийн алба хаагчид, 32 төрлийн уралдаанд мэргэжил ур чадвараа сорьж байна. Монгол Улс энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар оролцож, “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, "Мэргэн буудагчийн зааг”-т үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин”-д ажиглагчаар оролцож байгаа юм.

Энх тайван, эв нэгдэл, итгэлцэл, нөхөрлөлийн бэлгэдэл болсон энэхүү уралдаан энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. Уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөж байна. БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцож байгаа билээ.

Морин цэргийн “Аравт” уралдаан нь цэргүүдээс бэлтгэл сургуулилт, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардана. Тэмцээний эхний гараанд сугалаа ёсоор, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ гэсэн дарааллаар уралдаанаа явуулах аж. Нэг баг хоёр өдөр, нэг шөнийн хугацаанд даалгавар гүйцэтгэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top