Морин дэл дээрээс "АРАВТ" хөгжмийг морин хуураар эгшиглүүлнэ

2022 оны 08 сарын 18

"Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны төгсгөлийн шат болох ойрын зайн холимог буухиа амжилттай явагдаж өндөрлөлөө.

Сугалаа ёсоор өчигдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр ОХУ, Узбекистан Улсын баг тамирчид ойрын зайн холимог буухайд үүрэг гүйцэтгэсэн бол өнөөдөр байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд Бүгд Найрамдах Зимбабве Улс, Монгол Улсын баг тамирчид буухиаллаа.

Энэхүү тэмцээний дараа уралдааны тэргүүлэгчдийг тодруулж, шагнал гардуулах хаалтын ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.

Хаалтын ёслолд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлага, дипломат ажилтнууд оролцоно.

Хаалтын ёслолоор олон сонирхолтой үзүүлбэрийг оролцогч орны дайчид, үзэгчдэд толилуулахаар бэлтгэж байгаагийн нэг нь ахмад Б.Мөнхбат даргатай Зэвсэгт хүчний 032,  014, 016, 119, 120 дугаар нэгтгэл, ангиудын авьяаслаг хөгжимчид морин дэл дээр хөгжмийн бүх төрлөөр тоглож, авьяас чадвараа толилуулна. Тэд хөгжмийн бүх зэмсгээр тоглох бөгөөд морин хуурын хоёр чавхдасаар "Аравт" хөгжмийг эгшиглүүлэхээр бэлтгэлээ бүрэн хангажээ.

Мөн энэ өдөр “Монголын морин урлагийн нэгдсэн холбоо" ТББ-ын циркчин залуус морьтой шоу үзүүлбэрийг үзэгчдэд өргөн барина.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top