"Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны цэргийн хүний тэсвэр хатуужил, эр зоригийг сорих алсын зайн марш хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Холын зайн маршийг өчигдөр өглөө /2022.08.14/ ОХУ-ын баг тамирчид эхлүүлж, залгуулан Узбекистан Улсын баг тамирчид 130 км замыг туулахаар гараанаас гарсан юм.
Тэгвэл өнөөдөр үдээс хойш ОХУ-ын баг тамирчид уралдааны хамгийн хүнд сорилт болох алсын зайн маршийг хоёр өдөр, нэг шөнийн дотор амжилттай туулаад барианд орж ирлээ.
Тамирчдыг уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, хорооны штабын дарга, хурандаа Ш.Гантулга нар угтан авч "Цэрэг хүн өгөгдсөн даалгаврыг амжилттай гүйцэтгээд ирэх нь хамгийн том ялалт билээ. Та бүхнээр бид бахархаж байна" хэмээн баяр хүргэсэн юм.
ОХУ-ын морьтон дайчдын баг Алс Дорнодын Ерөнхий цэргийн командын сургуулийн 2-4 дүгээр дамжааны дэд түрүүч, сонсогч нараас бүрдсэн бөгөөд тасгийн захирагч нь сонсогч Ш.К.Леонидович юм. Тус багийнхны хувьд энэ жил дотооддоо буюу ОХУ-ын хүрээнд зохион байгуулагдсан морин цэргийн уралдааны аваргууд юм.
Өнөөдөр /2022.08.15/ Бүгд Найрамдах Зимбабве Улс, Монгол Улсын баг тамирчид гараанаас гарсан.
Монгол Улсын морьтон дайчдын багт Зэвсэгт хүчний 9 нэгтгэл, ангийн 21-31 насны офицер, ахлагч багтсан бөгөөд тэдний 80 гаруй хувь нь цэрэгжлийн спортын зэрэг, цолтой, уралдаан, тэмцээнүүдийн тэргүүлэгч, шилдэг тамирчид юм. Тэдний 30 гаруй хувь өмнө нь “Аравт” уралдаанд оролцож байсан туршлагатай.
Сэтгэгдэл ( 1 )
Зимбабве ч гэх шиг, энэ аравт гээч юм ч тоглоом болж дууслаа л даа