Байгалийн түүхийн музей хаагдаад зургаан жил өнгөрч байгаа билээ. Энэ хугацаанд үзмэрүүдийг сан хөмрөгт хадгалж байсан юм. Засгийн газраас энэ жил Байгалийн түүхийн музейг хотын төвөөс нүүлгэж Их тэнгэрийн аманд барих, Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг Үлэг гүрвэлийн төв музейн сан хөмрөгтэй нэгтгэх, Байгалийн түүхийн музей байсан газарт шинэ барилга барьж Чингис хааны түүхийн музей байгуулах, зэрэг шийдвэрүүдийг гаргасан. Уг шийдвэрүүдтэй холбоотой иргэдийн дунд “Байгалийн түүхийн музейн газрыг зарах гэж байна”, “Үлэг гүрвэлийн музей хаагдах гэж байгаа” гэх мэт ойлголтууд үүсээд байгаа юм. Энэ талаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс тодрууллаа.
-Үлэг гүрвэлийн төв музей үүдээ хааж, үзмэрүүдээ хураах уу?
-Үлэг гүрвэлийн төв музей хаагдаагүй, одоогоор хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Саяхан Эрт төрмөлийн эринтэй танилцуулах шинэ танхимаа нээсэн. Засгийн газраас Үлэг гүрвэлийн төв музейг Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх шийдвэр гаргасан нь татан буулгасан хэрэг биш юм. Энэ нь бичиг цаастай илүү холбоотой ажил бөгөөд Үлэг гүрвэлийн төв музейн үзвэр, үйлчилгээний ажил хэвийн үргэлжилнэ. Байгалийн түүхийн музейтэй нэгдсэнээр сан хөмрөгийн хувьд улам баяжих юм.
-Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн төв музейтэй нэгтгэж нүүлгээд үлдсэн газрыг нь худалдах уу?
-“Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн төв музейтэй нэгтгэж үлдсэн газрыг нь дуудлага худалдаанд оруулна” гэсэн хардлага нийтийн дунд байгаа. Байгалийн түүхийн музейг 2013 онд өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хаасан. Тиймээс одоогийн байдлаар тус музейн газрыг хувь хүн болон албан байгууллагад шилжүүлсэн зүйл байхгүй. Мөн дуудлага худалдаанд оруулахгүй. Хуучин барилгыг нь нурааж Чингис хааны музей байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан.
-Тэгвэл Байгалийн түүхийн музей, Үлэг гүрвэлийн музейг нэгтгэх шаардлага нь юу вэ?
-Байгалийн түүхийн музей хаагдсанаас хойш 12 мянган үзмэр зургаан жилийн турш олон нийтэд дэлгэгдээгүй сан хөмрөгтөө хадгалагдаж байгаа. Үзмэрүүдийг ингээд хав дарах ёсгүй учраас нийтэд дэлгэх хэрэгцээ шаардлага байгаа юм. Энэ нь олон нийтийн боловсрол, мэдлэгт хөрөнгө оруулах учраас хоёр музейг нэгтгэх шийдвэрт хүрсэн. Холбогдох хууль дүрмийн дагуу, тодорхой хугацааны дараа Үлэг гүрвэлийн музейн сан хөмрөгт хамрагдаж байгаа түүх соёлын дурсгалт зүйлс, олдворууд тоо ёсоороо Байгалийн түүхийн музейд шилжинэ.
-Үлэг гүрвэлийн музейн захирал болон албан хаагчид хоёр музейг нэгтгэх талаар мэдээгүй гэж байсан?
-Үлэг гүрвэлийн музейг байгалийн түүхийн музейтэй нэгтгэх асуудал өнгөрсөн зургаадугаар сараас эхэлж яригдсан. Шийдвэр гаргахаас өмнө уг асуудлаар хоёр музейн захирлыг Боловсролын яаман дээр дуудаж, уулзалт хийсэн. Тодорхой мэдээлэлтэй болсон гэж ойлгож болно. Долоодугаар сарын 3-ны өдөр Засгийн газрын шийдвэр гарсны дараа Ё. Баатарбилэг сайд олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ Чингис хааны музей байгуулах тухай болон Үлэг гүрвэлийн музейг Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх шийдвэр гарсан тухай мэдээлсэн. Тэгэхдээ зорилгыг нь товч дурдсан байгаа. Тэгэхээр энэ шийдвэрийн талаар мэдээлэл хожимдож ирсэн, мэдээгүй, ойлгоогүй гэсэн асуудал байхгүй.
-Хэдий хугацаанд хоёр музейг нэгтгэх вэ?
-Цаг хугацаа бол тодорхой хэмжээгээр шаардагдана. Их тэнгэрийн аманд Байгалийн түүхийн музейг барьж дуустал буюу 2-3 жилийн хугацаанд байх болов уу гэж бодож байна. Хоёр музейг нэгтгэхээс өөр аргагүй шалтгаан нь 2-3 жил Байгалийн түүхий музейн эд зүйлс ашиглагдахгүй болох гээд байна. Тийм учраас тус музейн түүх соёлын дурсгалт зүйлсийг хүмүүст хүргэхийн тулд хоёр музейг нэгтэх шийдвэрт хүрч байна гэж ойлгож болно.
Сэтгэгдэл ( 0 )