-Нүүдэлчин монгол ахуй гэдэг хүнийг хүн болгох, байгаль эхтэйгээ ойр байлгах,
өөрийгөө дотогшоо анирдах боломж олгодог хамгийн төгс ахуй-
Дуу хуурын өлгий Дундговь аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага Төв Халхын Дуулалт жүжгийн театрын дарга, уран сайхны удирдаач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Доржсүрэнгээс театрын уран бүтээлийн талаар болон Дундговь аймгийн Гурвансайхан сумын Их газрын чулууны задгай театрт энэ сарын 10-11-нд болох Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмын найруулга, хөтөлбөрийн тухай ярилцлаа.
Манай театрын урлагийн халуун тогоонд Гавьяат багш Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашням, Ерөөлч, магтаалч Х.Цэрэнчимэд, Ж.Дүнжмаа, Ц.Дэлгэр уртын дуучин, Соёлын тэргүүний ажилтан, Хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун зэрэг авьяаслаг хүмүүс боловсорч гарсан түүхтэй
-Юуны өмнө “Төв Халхын Дуулалт жүжгийн театр”-ын уран бүтээлийн түүх болоод ололт амжилтын талаар дурдана уу? Өдгөө ямар, ямар шинэлэг бүтээлүүд дээр ажиллаж байна вэ?
-Дундговь аймагт Урлагийн байгууллага анх 1942 онд “Улаан гэр” нэртэйгээ байгуулагдаж, 1950 онд Клуб, 1958 онд Соёлын ордон, 1998 онд Театр киноны хүрээлэн, 2006 онд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит “Төв Халхын Дуулалт жүжгийн театр “ болсон түүхтэй. Манай театрын онцлог нь Төв халх дэг маягаар уран бүтээлээ туурвин толилуулдаг. Өдгөө 61 хүний орон тоо, бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа бөгөөд гадаад харилцаа өргөн дэлгэр байна. Өвөрмонголын Баяннуур, Шилийнгол аймагт хамтын ажиллагаа тогтоож, олон тоглолт хийлээ. Япон, Солонгос, ОХУ, БНХАУ, Вьетнам улсад уран бүтээлчид маань аялан тоглолт хийж урлаг соёлоо сурталчилсан. Дөрвөн жилд нэг удаа явагддаг говийн болон төвийн бүсийнхний дунд зохиогддог Сонгодог жүжгийн уралдаанд А.В.Вампиловын “Ууган хүү” жүжгээр амжилттай оролцлоо. Найруулагч , зураач, гол дүрийн жүжигчид тэргүүн болон дэд байрын шагналуудыг хүртэж улмаар ОХУ-ын Эрхүү хотноо зохиогддог А.В.Вампиловын нэрэмжит олон улсын орчин цагийн театрын уралдаанд Монгол Улсаа төлөөлж оролцохоор уригдсан. Энэ уралдаанд одоогоор Герман, ОХУ, Франц, Израйл, Энэтхэг зэрэг 17 орны 20 гаруй академик театр, чуулгын шилдэг жүжгээрээ оролцоно. Наймдугаар сарын 20-ноос бэлтгэлээ эхлүүлж, явах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жил Боловсрол, Соёлын, Шинжлэх ухаан, Спортын яамнаас театрын шинэ стандарт бүтэц бүрэлдэхүүнийг батлахаар яригдаж байгаа бөгөөд урлагийн байгууллага олсон орлогоо захиран зарцуулах шийдвэр гарч байгаа нь уран бүтээлч бидний уран бүтээлээ хүссэнээрээ шинэлэг сайхан хийж бүтээхэд түлхэц өгөх байх аа.
-Соёлын өв тээгчид болох алдар гавьяатнуудыг нэрлэвэл олон. Тэдгээрээс Төв Халхын Дуулалт жүжгийн театраас төрөн гарсан хүн олон байдаг уу?
-Социализмын үед Ардын урлагийн их наадмаар ястан ястны онцлогийг хадгалсан ардын язгуур урлагийн өв тээгч нар олноор мэндэлсэн. Үүнээс Ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Нэргүй, Н.Дагийранз, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунцэцэг, Ж.Дүнжмаа гээд олон алдартнуудыг нэрлэж болно. Ерөнхий сайд соёл Ард түмний урлагийн их наадмыг дахин зохион байгуулахаар яригдаж байгаа нь чихэнд чимэгтэй сонсогдож байгаа. Манай театрын урлагийн халуун тогоонд Гавьяат багш Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашням, Ерөөлч, магтаалч Х.Цэрэнчимэд, Ж.Дүнжмаа, Ц.Дэлгэр уртын дуучин, Соёлын тэргүүний ажилтан, Хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун зэрэг авьяаслаг хүмүүс боловсорч гарсан түүхтэй. Дэлгэрхангай сум маань 40 гаруй гавьяат төрүүлсэн өгөөжөө хайрласан өөжин. Миний бие энэ сумынхаа отгон гавьяат болсноороо цэнхэр хайрхан ууландаа сүсэглэн залбирч явдаг. Мөн Өлзийт сумаас өлгий нэгт гурван гавьяат төрсөн. Түүний хоёр нь А.Дашпэлжээ, А.Нэргүй нар Ардын жүжигчин болсон бол Дүнжмаа гавьяатынхаа дээлийн захыг нутгийн зон олон нь мушгиж суугаа нь дамжиггүй.
-Залуу боловсон хүчин театрт ирж ажиллаж байна уу?
-Ирэх нь ховор байна. Байр хангамж, цалин мөнгийг нь нэмэгдүүлбэл чадварлаг боловсон хүчнийг суурин байлгах боломжтой. Залуу гэр бүл 400-хэн мянган төгрөгөөр яаж амьдрах билээ. Урд хөршид 4500-5000 юаний цалингаар тэднийг урвуулчихаад байх юм. Үүний цаана манай язгуур урлагаас суралцах маш том бодлого явж байна.
-Аймаг орон нутагтаа хийх соёлын томоохон ямар ажлууд төлөвлөж байна вэ?
-Маш олон ажил төлөвлөж байна. Хүүхдийн хоёр жүжиг, дуулалт жүжиг тоглохоор төлөвлөн ажиллаж байна. Юуны түрүүнд ирэх жилийг Соёлын жил болгоосой. Соёл урлагийн салбарынхны хийж бүтээх гэж байгаа ажлуудыг дэмжээсэй, үүнийгээ дагаад залуусыг соёл урлагаар дамжин хүмүүжүүлэх, нийгэм гэрэл гэгээтэй болох улбаа тавигдах юм. “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам тэр бүхний эхлэл түүчээ гэж бэлгэдэж байна.
“Мөнх хөх тэнгэртээ өргөх дуун цацал” ёслол хүндэтгэлийн ажиллагаа явагдаж, 3000 уртын дуучин, морин хуурч ая дуугаа өргөнө. Энэ нь дуу хуурын өлгий нутгаа алдаршуулан сурталчлах, байгаль дэлхийгээ баясгах, соёлын өвөө хойч үедээ өвлүүлэх, цаашлаад дэлхийд таниулах, Монгол үндэстний бахархал болсон нүүдэлчин монгол ахуйг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах зорилгоор
-Тун удахгүй Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар, Их газрын чулуунд “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадам зохион байгуулагдана. Энэ ажлын зорилго чиглэлийн талаар та юу гэж харж байна вэ?
-Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийг төдийгүй Монгол Улсаа дэлхийд сурталчлах томоохон арга хэмжээ болно. “Мөнх хөх тэнгэртээ өргөх дуун цацал” ёслол хүндэтгэлийн ажиллагаа явагдаж, 3000 уртын дуучин, морин хуурч ая дуугаа өргөнө. Энэ нь дуу хуурын өлгий нутгаа алдаршуулан сурталчлах, байгаль дэлхийгээ баясгах, соёлын өвөө хойч үедээ өвлүүлэх, цаашлаад дэлхийд таниулах, Монгол үндэстний бахархал болсон нүүдэлчин монгол ахуйг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах зорилгоор Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар санаачлан “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг зохион байгуулж байгаа юм. “Уяхан замбуу тивийн наран” дуу шигээ урлагийн цараатай наадам хийхийг зорьж байна.
-Аймгийн хэмжээнд соёлын биет бус өв болох уртын дуучид, морин хуурчдаа бодлогоор дэмжих томоохон соёлын сургалт явагдсан. Наадмын найруулга, хөтөлбөрийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Өнгөрсөн оноос эхэлж бүх сумдын цэцэрлэг, сургууль, соёлын төвийн багш, эрхлэгч нарыг хамруулж, аймгийн төвд сургалтад хамруулсан. Тэд маань цаашлаад сумандаа очиж хүмүүсээ бэлтгэх үүрэг авсан. Энэ арга хэмжээнд зориулж уртын дуучин, морин хуурч нийлсэн 3000 хүмүүс маань сум сумаараа бэлтгэж байна. Манай нутгийн авьяастнууд хөгшин залуугүй сэтгэл өөдрөг, эрвийх дэрвийхээрээ оролцож байна. “Бөмбөгөр ногоон” театрт ажиллаж байсан найруулагч, Лениний бага нас Володягийн дүрийг бүтээж байсан Б.Мушка гэдэг хүн өдгөө нас сүүдэр 92 хүрч байна. Ахмад найруулагч Б.Мушка гуай болон манай театрын үе үеийн ахмад уран бүтээлчид ирж, энэ наадамд ирж оролцож байгаад баяртай байна.
-Энэ үеэр ямар ямар арга хэмжээ зохион байгуулагдах вэ?
-Наадмын эхний буюу 10-ны орой манай театрын уран бүтээлчдийн Монгол туургатны язгуур урлагийн “Дуу хуурын орон” тоглолт болно. “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын авьяаслаг уран бүтээлчид “Зээргэнэтийн шил” гэдэг уртын дуу дуулж, “Мандалговийн магтаал”-аа хайлна. Энэхүү магтаалын аялгууг ерөөлч, магтаалч Ж.Жанцаанов гэдэг хүн анх зохиож байсан. Тэр уран бүтээлчээ алдаршуулах зорилгоор хөтөлбөртөө багтаасан. Түүний зээ хүү Б.Оргил Герман улсаас ирж оролцоно. Үе үеийн л хүүхэд багачууд энэ магтаалыг цээжилж өссөн дөө. Бүх дуучид “Уяхан замбуу тивийн наран” уртын дуугаа дуулж, эрчүүд нь “Эр бор харцага” уртын дууг, эмэгтэйчүүд “Энх мэндийн баяр” дуугаа дуулна. Мөн түүнчлэн хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн “Миний нутгийн бараа” дууны аялгууг морин хуурчид тоглоно. Маргааш нь буюу 11-ны орой Дундговиос төрөн гарсан алдартнуудын нэгдсэн тоглолт болно. Үүнд Ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Нэргүй, Н.Дагийранз, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулууцэцэг, Ж.Дүнжмаа, Урлагийн гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дадьсүрэн, Гавьяат багш Ц.Дэлгэр, Урлагийн гавьяат жүжигчин С.Цогтсайхан нарын аваргуудаас эхлээд олон залуу уран бүтээлчид ирж уран бүтээлээ толилуулна.
Мөн Дундговь нутаг, хүн ард, зан заншлыг магтан алдаршуулсан “Хөх тэнгэрийн уянга” шүлэг найргийн уралдаан зарлаад шилдэг бүтээлээ ирүүлж шалгарсан 30 гаруй яруу найрагчийн дунд Монгол туургатны яруу найргийн наадам зохион явагдана. Дундговь нутаг бол Сономбалжирын Буяннэмэх, Сормуунишийн Дашдооров, Дарамын Батбаяр, Дамбын Төрбатаас эхлээд Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа, Долгорын Цэнджав, Болор цомын эзэн Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам гээд утга, уран зохиолын сүмбэр ноён оргилуудаараа толгой цохидог. Тэдний түүчээ болсон залуу яруу найрагчдаас эхлээд Монголын утга зохиолд нэр алдар, зохиол бүтээлээрээ өнгөлж яваа шигшмэл яруу найрагчид Их газрын чулуунаа чуулж, найраг эгшгээ өргөнө гэдэг ойрын ондоо болоогүй сайхан наадам билээ. “Монгол хүрээ” нэртэй нүүдэлчин ардын зан заншил, мал аж ахуйн байдлыг харуулсан томоохон хүрээ цогцолбор байгуулна. Энэ нь жилийн дөрвөн улирлын амьдрал, аж байдлыг харуулснаараа онцлог юм. Энэхүү хүрээ цогцолборт үнээ саах, ямаа холбох, ноос савж, эсгий хийх, цагаан идээ боловсруулах, тогоо нэрэх, унага барих, морь бугуйлдах, ингэ хөөслөх, айраг исгэх, бүлэх, оёдол үйл мэтгэх, борцтой хоол хийх, будаатай цай чанах гэх мэт жирийн малчин айлын өдөр тутамдаа, цаг улиралдаа тохируулан хийдэг зан үйлийг харуулах юм. Энэ нь өдрөөс өдөрт хумигдаж буй нүүдэлчин ахуй, өнөөгийн хүүхдүүдэд танил биш зан үйл болжээ. Бид энэхүү монгол ахуйгаа хойч үедээ залгамжлан, зааж сургах хэрэгтэй.
Нутгийн гар урчууд ноос, ноолууран болон арьс ширэн бүтээгдэхүүний дээжээ гадаад, дотоодын жуулчдад үзэсгэлэн худалдаа явуулна. Энэ мөн зочдын сонирхлыг татсан хэсэг байна байх. Дундговь аймагтай холбоотой байгаль, түүхийн музей үзүүлэн байршуулна. Дундговь бол айрагтай найрагтай, дуутай хууртай нутаг. Хэний айраг эсэж үү хэмээн намрын саруудад айраг идээ бялхан, айл хотлоороо найрлаж суудаг цаг. “Айрагны баяр” зохион байгуулж, хэн сайн айраг уух вэ, хуруу, дэмбээний уралдаан зэргийг явуулна. Энэ үеэр “Хөх салхи” зургийн үзэсгэлэн, “Монгол хувцас” загварын шоу нүсэр зардалтай ажил болсон тул хөтөлбөрөөс хасагдсан.
Соёлт нийгэм хөгжих, даяарших хэрээр хүн хүнээсээ, байгаль дэлхийгээсээ, өөрөө өөрөөсөө ч холдох хүйтэн хөндий эрин үе ирж байгаа энэ цаг үед хүмүүс байгаль руугаа, аглаг буйд руу тэмүүлдэг болжээ.
-Тус наадмыг үзэхээр алс холоос зорьж очсон зочид гийчдийн байр, хоолны асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Дундговь бол ер бусын эрчистэй нутаг. Нүүдэлчин монгол ахуй гэдэг хүнийг хүн болгох, байгаль эхтэйгээ ойр байлгах, өөрийгөө дотогшоо анирдах боломж олгодог хамгийн төгс ахуй. Соёлт нийгэм хөгжих, даяарших хэрээр хүн хүнээсээ, байгаль дэлхийгээсээ, өөрөө өөрөөсөө ч холдох хүйтэн хөндий эрин үе ирж байгаа энэ цаг үед хүмүүс байгаль руугаа, аглаг буйд руу тэмүүлдэг болжээ. Энэ л эрчис хуйларсан салхи нь ятга мэт босоо босоо хадаа эгшиглүүлж байдаг задгай театрт ая эгшгээ өргөх 3000 уртын дуучин, морин хуурчдаа байрлуулах гэр, асар босгож байна. Үүн дээр нэмээд гадаад дотоодын зочид төлөөлөгч нийлээд 1000 гаруй хүн хүрэлцэн ирэх тул байгаа бололцоондоо түшиглэн ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлж байна. Манай нутгийг зорин ирэх та бүхэн маань “Майхант хороолол” гээд заасан тусгай газарт майхнаа бариад байрлах боломжтой. Тиймээс хүмүүсийг хувийн бэлтгэлээ сайтар базааж, өмсөж зүүх хувцсаа цаг агаарын байдалд тохируулаад бэлдэж ирээрэй гэж хэлье. Хол, ойроос ирсэн том хүн 20.000, гадаад хүн 30.000 төгрөгийн тасалбар авч орох юм. Харин хүүхэд үнэгүй шүү. Мөн 60 гаруй гэр цэгүүдэд хоолны цэс гаргаад гуанз ажиллаж, худалдаа үйлчилгээ үзүүлнэ.
-Бэсрэг наадам зохион байгуулна гэсэн. Оролцох хүмүүст нээлттэй юу?
-Бид Монгол өв уламжлал, ёс заншлаа харуулан сурталчилсан арга хэмжээ явуулж буй учраас өндөр бай шагнал амлаагүй, ард олныгоо цэнгүүлэн баясгах, эрийн гурван наадмынхаа утга учрыг хадгалах зорилготой. Бөх болон шагай, сур харваанд оролцох хүмүүст нээлттэй. Мөн морьд морьдоос хамгийн өхөөрдөм, олны хайрыг татдаг уралдаан бол дааганы уралдаан байдаг учир хурдан даага уралдуулах юм. Энэхүү түүхэн соёл урлагийн арга хэмжээг мөнхөлж, хадан дээр сийлж үлдээх нь энэ арга хэмжээний нэгэн тэмдэглүүштэй үйл явдал юм.
-Энэхүү урлагийн их наадмыг үзэхээр гадаадын жуулчид хэр ирэх төлөвтэй байна вэ?
-Бид энэхүү арга хэмжээний талаар Аялал жуулчлалын яам болон аялал жуулчлалын компаниудад урьдчилан бичгээр урилга, хөтөлбөрүүдээ явуулсан байгаа. Яг одоогоор тэдэн жуулчин ирнэ гэсэн тоо ирээгүй ч 10.000-15.000 гадаад, дотоодын зочид төлөөлөгч ирэх төлөвтэй харагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )