Эцэг хуульдаа ирээдүйтэй өөрчлөлт хийе

Админ | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

Яг өнөөдөр монгол хүн бүрийн мэлмий сонор УИХ-ын зүг харж байна, бас сонсож сууна. Саявтар улсын тэргүүн үндсэн хуулийн  өөрчлөлтөнд ултай суурьтай  хандаж, эрх баригчидтай хамтарч ажиллахаар саналаа ч гаргалаа. УИХ-ын гишүүд  амралтаа умартан эцэг хуулиа өөрчлөх үйл хэрэгт учир зүйг бодож, учиг зангилааг тайлахаар шамдан ажиллаж байгаа энэ цаг үед монголчууд нэг л болж өгөхгүй байсан төрийн тогтолцоондоо санаа зовних Ерөнхийлөгч, УИХ-даа итгэл хандуулж байгаа нь нууц биш, энэ цаг үе бидний ажигласанаар алдаа эндэл бэрхшээл саатал бүхэн зөвхөн үндсэн хуулиндаа ч бус бидний улс төр нийгмийн ёс зүйн хандлага, цаг үеэ мэдрэх ард олон бидний алдаанд оршин байгааг хүлээн зөвшөөрч, толгойтой бүхэн улс төрийн боловсрол мэдлэгтээ анхаарах цаг болсоноо ч хүлээн зөвшөөрөх цаг болжээ гэж хэлмээр.

Ард түмэн бидний эрхийг дээдэлсэн жинхэнэ ардчилсан шударга эрх чөлөөт байдлыг дээд зэрэгт хангасан үг үсгээр  дүүрэн тийм үндсээр хууль  бүхий орон дэлхий дээр тийм ч олон биш болов уу гэх мунхаглал минь одоогийн төр засаг, эцэг хуулиа зөвтгөх нэг шалтгаан болдогийг хэлмээр санагдлаа. Бид туйлшрал, хуваагдалд хэт автан, намчирхал, тулга тойрсон үзлийн зөрүүндээ зөрүүдлэн улс эх орныхоо хөгжилд үнэ цэнээ өгөхөөс илүүтэй саад тотгор учруулан өнгөрсөн хугацаандаа завхарал задгайрал залхуурал гуравт дарлуулсан буруугаа одоо ухаарах цаг нэгэнт болсон юм биш үү. Юун гэвэл Бид дөрвөн жилд төр улсаа төвхнүүлэн хөгжүүлэх алс хотийн хөтөлбөр амлалт бүхэн аль нэгэн намын улс төр-нийгмийн бодлогыг нь гүнзгий судлахын оронд хэн нь аль илүү худал амалж тархи угаасан нь хэн аль илүү хэдэн бор төгрөг атгуулсанд нь саналаа худалдаж эх орноо гаргуунд нь хаяж өөрийн эрх ашиг, хөгжил дэвшилийн сайхан хугацаагаа  хэрүүл талцалаар алдаж идсэнээ хэн нэгэн улс төрчид, Нам эвслийн түүний удирдагчдын буруу юм шигээр ярьж хэлж бичиж, хашгиран хэт бэлэнчлэн, тэжээлгэх сэтгэлгээнд  хэлбийж, хэлтийсээр ирсэн хор хохиролтой буруугаа ухаарах цаг болсон биш үү. Ийм болохоор бид ардчилал эрх чөлөөгөөр ташуур хийж, эмх замбараагүй, хэтэрхий мөнгөний гар сарвайлтанд итгэлцэн явж ирсэн буруу замаа эргэж нэг харан, иргэн нь төртэй, хууль нь иргэндээ  хүрч ч үйлчлэхийн тэнцвэрийг хангахуйцаар үндсэн хуулиндаа өөрчлөлт хийхээр шамдаж байгаа одоогийн Ерөнхийлөгч, УИХ-даа итгэж бидний хүсэл бодол санаачлагыг тал тал руу чангааж таталгүй, иргэд ч, төр нь ч нэг зүг харж ажиллан үр дүнд хүргэх чухалаас чухал цаг үеэ мэдрэх нь зөв болов уу. Үндсэн хуулиндаа ултай суурьтай хандаж  төр иргэний тэнцвэр, төр засгийн тогтолцоо - иргэн хоёрт харилцан шүтэлцлэл үзүүлэх өөрчлөлтийг хийхэн зөв гэж бодох юм. Иймийн тулд: Дараах хэдэн саналаа үндсэн хуулийн өөрчлөлтөнд шигтүүлэх саналтайгаа өргөн мэдүүлэхийг хүслээ.

Нэгдүгээрт

УИХ, орон нутгийн засаг захиргаа ИТХ-ын бүрэн эрхийн хугацааг 5-6 жил болгох саналыг иргэд бид бүрэн дэмжиж байна.

Хоёрдугаарт

Хот тосгоны эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж дүүргийг аймагтай, хороог сумтай адилтган хуульчлах хурал, засаг даргыг нь иргэдээс сонгуулах саналыг бүрэн дэмжнэ.

Гуравдугаарт

Монгол минь хөдлөх хүч, хөгжил цэцэглэлт нь нэг л болохгүй, жигдэрч тайвшрахгүй байгаа нь төр нь ёс ёмбогорын алдаа эндлээс шалтгаалж байгаа юмаа гэх олны үгийн ортой болохыг ойшоон үзэж төрийн сүлдээ эзэнтэй, нэртэй, монгол төр ёсны билэгдлийн олон талт учир зүйн холбоосыг эрэмблэн хадгалсан шинэ сүлдтэй болгох асуудлыг тусгайлан авч үзвэл зохистойг олон хүн хэлж, ярьж буй саналд анхааралтай хандмаар

Дөрөвдүгээрт

Монгол Улсын одоогийн үндсэн хуулинд хүний эрхийг хорин таван зүйлээр хуульчлан баталгаажуулсан атлаа хүний эрхэм үүргийг журамт байдлаар зөвхөн дөрөвхөн зүйлд хуульчилсан нь хэтэрхий хэлбийлт гэж үздэгээ нуух юу. Аливаа юм хоёр талтай, тэр нь тэнцвэр хадгалсан байх эрх үүргийн нэгдлийг хангаж хойч ирээдүй иргэний үүргийг өөрөөр чандлан заах хэрэгтэйг анхаарах.

Тавдугаарт

Монгол Улсын одоогийн үндсэн хуулинд иргэн амьдрах газар нутагаа өөрөө сонгоноо гэх класик загварын эрх чөлөө нь улсын хөгжилд мөнч их замбараагүй задгайрал, тэр бүү хэл өвчин эмгэг, гэмт хэрэг зөрчил, хотжилт -хөгжилд, төрөл бүрийн төрийн үйлчилгээнд саад тотгортой заалт болж хүмүүс бөөгнөрөл төвлөрөлд ойртон улсынхаа нийслэлд бүх хүмүүс амьдрах сонирхолыг төрүүлсэнийг  эргэж харж анхаарах цаг боллоо.

Зургаадугаарт

Монгол хүний амьдралын үнэ цэнэ болсон хүн амын амьжиргааны эх суурь ажилгүйдлийн асуудлыг эх орны хөгжлийн хэтийн чиглэлтэй уялдуулах асуудлыг үндсэн хуулинд тусгах цаг болжээ.

Долдугаарт

Монгол орныг минь, түүний түүхэн хөгжлийн цаг үе бүхэнд олон нам, олон ургалч үзэл, сайн цаг сайхан амьдрал авч ирсэн нь хаана байна вэ ? гэх асуудал монгол хүн бүрийн амьдралын асуултын нэг нь болсон нь хамгийн хурц асуудал боллоо. Монголын зуун мянган иргэнд нэг нам ноогдсон тийм орон монголоос өөр алгаа. Иймд нам байх эрх зүйн үндсийг эрс өөрчлөн, сүүлийн 15 жилд Улсын их хурал орон нутгийн сонгуульд  суудал аваагүй намуудыг татан буулгаж цаашид 50,000-аас дээш гишүүнчлэлтэй намыг бүртгэн баталгаажуулах ерөнхийлөгчийн саналыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Эрхэм бол эх орон цэгцрэх залуу үе зүгшрэх үнэ цэнэтэй заалт болохыг хэлмээр байна. Төр улсын түшээд та нөхөд эв эеээ хичээж энэ удаа улсынхаа эцэг хуулинд сайн өөрчлөлт хийж сайхан цаг үеийг авч ирэх та нарын нөр их хөдөлмөрт амжилт хүсэж байгаагаа илэрхийлж мянга мянган иргэдээ хүндэтгэн ажиллан гэдэгт итгэе.

Ц.Ядамсүрэн /доктор, сэтгүүлч/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top